ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр ажлаа өгөхөөр боллоо

Нийгэм / Time Admin
2018 оны 12 сарын 05

Ш.Энхтөр зурган илэрцүүд

Жирэмсэн эмэгтэй ЭХЭМҮТ-д төрөхөөр очихдоо хаалга андуурсны улмаас гудамжинд, таксинд төрсөн нийгэмд бухимдал төрүүлсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Нийгмийг бухимдуулсан хэрэг гарсанд хүлцэл өчье. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр өнөөдөр ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр "Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж ирсэн.

Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг яаралтай хоёр хүлээн авахтай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж, яаралтай тусламж авсан. Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй. Ер нь бол ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө" хэмээлээ.