М.Энхболд: Үндсэн хуулийн зүйл заалтын дагуу асуудал үүсвэл би огцроход бэлэн

Улс төр / Time Admin
2018 оны 12 сарын 06

УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардан суулт зарласан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан нартай уулзлаа. Уулзалтаар гишүүд УИХ-ын даргыг суудлаасаа өөрийн саналаар огцрохыг шаардсан бол УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу ажиллаж, Цэцийн шийдвэрийг хүлээхээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хууль заасан үндэслэл байдаг юм бол тэр үндэслэлээрээ ажлаа хүлээлгэж өгнө үү. Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэж хэлж арай болохгүй. Иргэд сонгосон гишүүнээрээ дамжуулж эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Нийт сонгогчдыг болн тэдгээрийг төлөөлж байгаа гишүүдийн хүслэтийг хүлээн авна уу." гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Та Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр олдохгүй зугтаад, ганцаараа чуулганыг хаагаад явах шиг болсон. Та тааллаараа чуулган байнгын хорооны хуралдааныг зохион байгуулаад байна. Энэ бол олон түмнийг доромжилсон асуудал. УИХ-ын үйл ажиллагааг хэвийнэ горимонд руулах шаардлагатай  байна. Та тэвчээртэй хүлээцтэй хүн. Та хэрвээ гүрийгээд байх юм бол таныг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гаруй гишүүн ард иргэдтэй хамтран тэмцлээ үргэлжлүүлнэ. Ийм л нөхцөл байдал үүслээ. Та ухаалгаар хүлээн авч монголын төрийг гацаанаас гаргаж өгөөчээ" гэв.


УИХ-ын дарга М.Энхболд "Ёс зүйн дэд хорооны ирц бүрдээгүй учраас 18 цаг 45 минутын орчимд би чуулганы танхимд орсон. Тэнд 6-7 гишүүн байсан. Ёс зүйн дэд хорооны гишүүний ирц бүрдээгүй учраас чуулганыг хаалаа гэж мэдэгдсэн. Тэнд байсан гишүүд мэднэ. Ганцаараа орж чуулганыг хаасан гэдэг худал мэдээллийг олон нийтэд тараасан. Элчин сайд томилох асуудлын хувьд УИХ өөрийн шууд томилдог албан тушаалтны талаар нээлттэй сонсгол хийх ёстой гэж заасан байдаг. Элчин сайдыг УИХ томилдоггүй Ерөнхийлөгчтэй  зөвшилцдөг. Хуулийн заалтын дагуу хариуг өгсөн. 
60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлгэхгүй гээд байгаа асуудал байхгүй ээ. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж болох уу үгүй юу гэдгийг хуулийн байгууллагаас тодруулсан ч боломж байхгүй гэсэн. Энэ асуудлаар өнөөдөр  ч нээлттэй хэлэлцүүлэг хийе гэсэн санал гаргаж байна. Хууль номондоо нийцэж байгаа бол нээлттэй ярилцаад, хэн хаана ямар албан тушаалыг зарж арилжаалсныг олон түмэнд нээлттэй болгож ил тод болгоод авах хэрэгтэй. 
УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэд хандсан байгаа.  Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн эсэх шийдвэр гаргасны дараа энэ асуудлыг би хуулийн дагуу хүлээж авахад бэлэн. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Тиймээс цаашид та бүхэн асуудлыг үнэн бодитой байдлаар нь олон түмэнд мэдээлж байгаасай. УИХ-ын даргыг огцруулах тухай Үндсэн хуульд таван шаардлага байдаг. Энэ хуулийн зүйл заалтыг дагуу бодитой асуудал үүсвэл би УИХ-ын даргаасаа огцроход бэлэн" хэмээн тайлбар өглөө.