М.Энхболдыг огцрохыг шаардан энэ пүрэв гарагт ЖАГСААЛ зохион байгуулна гэв

Улс төр / Time Admin
2018 оны 12 сарын 25

Холбоотой Зураг

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах талаар шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хариуцлага алдсан бол, ёс зүйн хэм хэмжээ алдсан бол хариуцлага хүлээдэг болохын төлөө бид явж байна. Хариуцлага алдсан, ёс зүйгүй хүн албан тушаал хашдаг байдлыг болиулна.

Ёс зүйн хэм хэмжээнээс эмээж, хариуцлагатай албан тушаалд шунан дурладаг байдлыг таслан зогсооно. 
УИХ-ын дарга М.Энхболдоос ёс зүйн хариуцлага шаардаж байгаа. М.Энхболдыг өөрчлөхийн тул нэр бүхий 40 гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байснаас сар гаруй төрийн ажил гацаж байна. Нэг хүний суудлын асуудлаас болж улсын ажил гацах ёстой юу. Бидний шаардлагыг дэмжиж, дуу хоолойгоо илэрхийлж байгаа, нийт иргэддээ талархал илэрхийлье.

Бид энэ сарын 18-нд МАНАН бүлэглэлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. МАНАН гэж нам дамжсан бүлэглэл. Гол зорилго нь байгалийн баялгийг өөрсдөдөө хуваарилах. Мафижсан бүтэц зохион байгуулалтай үйл ажиллагаа. МАНАН бүлэглэлийн эсрэг монгол түмний нэгдлийг үүсгэн байгуулсан.

УИХ-ын гишүүн Л.Болд: ТББ-уудын нэгдэж хийсэн хэлэлцүүлгээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг гаргасан. 48 цагийн дотор суудлаа өгч, монголын төр ажлаа хийх бололцоо гаргаж өгөхийг шаардсан байгаа. 48 цаг нь Пүрэв гарагийн 11.00 цагт дуусна. Яг тэр цагт бид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар холбогдох газруудад бичгийг хүргүүлсэн. МАНАН гэдэг бол харийн түрэмгийлэгчид. МАНАН-гийн эсрэг пүрэв гарагт тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж жагсцгаая.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Жагсаал бол тайван жагсаал. Бид ТЕГ, ЦЕГ гээд холбогдох бүх байгууллагад хандаж үймээн самуун гаргахгүй байх талаар хамтарч ажиллахыг хүсч байгаа. Манжийн үед банкны хүү 6 хувь байсан, МАНАН бүлэглэлийн үед банкны хүү 30 хувь хүрээд байна. МАНА дэглэмийн эсрэг монголчууд олуулаа гэдгээ харуулах цаг болсон.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариулж байна.


Энэ гацаанаас яаж гарах юм бэ?

Х.Нямбаатар: Нэг хүний суудлын үнэ цэнэтэй хууль тогтоох дээд байгууллага гэж дэлхийн хаана ч байхгүй. УИХ-ын 40 гишүүнээс үнэтэй УИХ-ын даргын суудал гэж өнөөдөр Монголд байна. 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын даргын суудал гэдэг нь Ерөнхийлөгчийнхөөс бат бөх болчихсон юм.