М.Энхболд: Болох бүтэхгүй бүх зүйлийг надад тохох ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна

Улс төр / Time Admin
2018 оны 12 сарын 20

М.Энхболд мэдээлэл зурган илэрцүүд

УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай өдөр. Гурав дахь долоо хоногтоо ирц бүрдэж чадахгүй хуралдаж чадахгүй байдалтай байна. Хурлын ирцийг Засгийн газрын болон нэр бүхий УИХ-ын гишүүд албаар зохион байгуулалттайгаар бүрдүүлэхгүй УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. 

УИХ-ын даргыг огцрох шаардлагад 40 гишүүн гарын үсэг зурж ирүүлсэн. Энэ нь хуульд нийцэж байгаа эсэхийг хэлэлцүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн дагуу шаардлага тавихад, хуульд нийцсэн шалтгаанаар УИХ-ын даргын суудлыг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. 

Өчигдөр МАН-ын Бага хурал хуралдсан. Хаалттай хуралдаан болсон. Зохион байгуулалттайгаар зарим хүний үгийг нийтэд хүргэх ажлыг нам зохион байгуулсан. Би намын даргаар хоёр ч удаа ажиллаж байсан. Нам хаалттай хуралдах тохиолдол байдаг. Дараа нь хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгдөг ийм уламжлалтай. Харамсалтай нь Бага хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болсонд би харамсч байна. Улс төрийн намын үйл ажиллагаа олон нийтэд ил тод ойлгомжтой, мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай. Гэтэл зориудаар ийм зүйл хийсэн нь над руу дайрсан, сүүлийн 20 жил болсон бүх болохгүй бүтэхгүй бүхнийг надад чихэх гэж, надад тохох гэсэн ийм үйлдэл болсон.

Гаргасан тогтоол нь хууль зөрчсөн, хуульд нийцээгүй. Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд шууд хүргэсэн. Тэдэнд өгсөн миний тайлбарыг олон нийтэд хүргэх талаар ямар ч анхаарал тавиагүй. 

МАНАН гэдэг зүйлийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож, өчигдөр Бага хурал дээр намайг буруутгасан. Би МАНАН гэдэг энэ зүйлийг сонгуулийн үр дүнгээр, намууд дангаар Засгийн газар байгуулах боломжгүй болсон үед Засгийн газраа хамтарч байгуулсан үед гаргасан шийдвэрийг зөвтгөж буруутгахаар үүссэн нэр. 

Би 2005 онд МАХН-ын даргаар ажиллаж байхдаа 67-ын том бүлгийг тарааж тус тусдаа байр суурьтай байх ёстой гэсэн шийдвэр гаргаж Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан. 2006 онд Ерөнхий сайдаар томилогдож Засгийн газар байгуулахад Улс төрийн 5 намыг багтааж Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулж байсан. Энэ ЗГ-т АН-ыг оруулж байгаагүй. Би 2017 онд намын даргын ажлаа өгөхдөө МАН 65 суудалтай, дангаараа Засгийн газартай ийм намыг хүлээлгэн өгсөн. Надад энэ МАНАН гэдэг бүлэглэлтэй холбож ярьж байгаа хүмүүстэй холбоотой ийм зүйл байхгүй.
Шударга бусын хонгил гэж ярьж байна. Н.Алтанхуяг гэж хүн Ерөнхий сайд байхдаа хүргэнээ тендерт оруулж тэр асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдах үедээ энэ нэршлийг анх ашигласан. Шударга бусын хонгил нь М.Энхболдтой холбоотой гэж ярьж байна. Тэр шударга бусын хонгил гэдэг зүйлийн түлхүүр нь хаана байгаа талаар СОШИАЛ-д судалгаа хийсэн байна лээ. 74 хувь нь Ерөнхийлөгчид, 20 орчим хувь нь УИХ-ын даргад байна гэж иргэд олон нийт саналаа өгсөн байна лээ. Ямар нэг хууль зөрччихөөд түүнийг нь шалгах гэхээр өөрийгөө өмгөөлж ийм байдлаар асуудалд хандахыг би буруушааж байна. Хэрэв асуудал байгаа бол шалгагдах ёстой.

ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүдийг шалгаж байгаа талаар бас ярьсан. АТГ-тай би нэг ч удаа холбогдож, нөлөөлсөн зүйл байхгүй. Хууль бусаар зээл авсан бол шалгагдах ёстой.

Хууль хяналтын байгууллагуудад УИХ-ын дарга үүрэг өгч гишүүдийг дарамталж байна гэх мэдээллийг Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Би тухайн үед хууль хяналтын байгууллагуудад хандаж тодруулга хүссэн. Хууль хяналтын байгууллага тэр өдөртөө мэдээлэл хийсэн.

60 тэрбумын холбогдолтой асуудлыг өчигдөр бас ярьсан. Хууль хяналтын байгууллага 3,4 удаа бас шалгасан. Ямар нэг байдлаар хөрөнгө мөнгө өгч албан тушаалд томилсон ийм зүйл байхгүй. Шалгагдаж байгаа зүйлийг энд ярих шаардлагагүй байх. Энэ асуудлыг зарим нэг гишүүд дэвэргэж өөрийн намд муугаар нөлөөлөх зүйлийг зориудаар ярьж байна. 

Ц.Нямдоржийн өчигдрийн Бага хурал дээр ярьсан зүйл дээр би тайлбар өгөх нь зүйтэй. Эрдэнэтийг хувьчилсан асуудлыг намайг хамгаалсан мэтээр ярьсан. Би зургадугаар сарын 23,24-ний үед энэ мэдээг бүдэг бадаг сонссон. Энэ үнэн үү гэж би Элчин сайдаас тодруулсан. Надад үнэн юм шиг байна, гэхдээ тодорхой биш байна гэж хэлсэн. Зургадугаар сарын 28-ны өдөр Ч.Сайханбилэг сайд мэдээлэл хийсэн. Дараа нь УИХ үүнийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би өөрөө байгуулсан. УИХ тогтоол гаргасан. 49 хувийг төрийн өмчид авах, авсан компанийн өмч хөрөнгийн асуудалтай холбоотой тогтоолууд гаргасан. Энэ тогтоол хэрэгжих ёстой гэж би үзэж байна. Одоо хүртэл хэрэгжихгүй байгаа.

ХХБ-ны хувьчлалтай холбоотой мэтээр бас Нямдорж ярьсан. Намайг очиход аль хэдийнэ шийдвэрээ гаргачихсан байсан. Би энэ хувьчлалын асуудалтай огт холбоо байхгүй. Энийг өмнө нь Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу Төрийн өмчийн газар нь ажлаа хийсэн.

АТГ-ын даргыг миний хүн, миний томилсон хүн гэж ярьдаг. Би танидаг мэддэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргаар ажиллуулах хүсэлт тавиа, З.Энхболд гэдэг хүн УИХ-ын дарга байхад АТГ-ын газрын даргаар томилно гэдэг шийдвэр гаргасан байсан. Хууль зөрчсөн бол энэ хүнийг ажлаас нь чөлөөлж болно.

У.Хүрэлсүх надтай уулзсан. Ажлаа өг гэсэн. Би хуулийн дагуу өгнө л гэсэн. Тэгвэл хоёулаа ажлаа өгчихье гэсэн. Би хариулахдаа хэн нэгний албан тушаалтай зууралдаж, албан тушаал барьцаалж УИХ-ын даргын албан тушаалыг өгөх өгөхгүйг ярихгүй. Би хууль эрх зүйн үндэслэлээр нь өгнө гэсэн. Харамсалтай нь чи бид хоёрын дунд л болж байгаа яриа гэж байсан хүн өчигдөр өөрөө дэлгэнэ лээ" гэлээ.


60 тэрбумын асуудлыг анх ярихад нь та яагаад шууд эсэргүүцээгүй юм бэ?

60 тэрбумын схемээр ямар нэг албан тушаал ажил арилжаалсан зүйл байхгүй. Сөрөг хүчин байхад янз янзын санал яригддаг. Сонгуулийн төсөв мөнгөтэй холбоотой ч их юм яригддаг. Энэ асуудлыг өнөөдөр ТЕГ шалгаж байгаа. Би албан тушаал зарсан зүйл байхгүй. Хуулийн байгууллага шалгаад шийдэх байх аа.

40 орчим гишүүн хуралдаа ирэхгүй байна. Цаашдаа яах ёстой юм бэ?

40 гишүүн гарын үсэг зурсан ч өнөөдөр хуулийн хүрээнд энэ асуудал үндэслэлтэй юу үгүй юу гэдгийг ТББХ-г хэлэлцээч ээ гэж байгаа. ТББХ энэ асуудлыг хэлэлцтэл би чуулганы хуралдааныг удирдахгүй гэдгээ хэлсэн. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх талаар би өчигдөр ярьсан. Хуйвалдах, буулт хийх, хууль зөрчсөн байдлаар асуудал шийдвэрлэхийг би зөвшөөрөхгүй. Хуулийн хүрээнд асуудал тавигдахад надад зууралдах зүйл байхгүй.

ҮАБЗ дээр ганцаардаж байгаа гэж байна?

Ганцаардах зүйл байдаг аа. ҮАБЗ бол ярьж болохгүй зүйл байгаа. Гэхээ би хуульд заагдсан эрх үүргийнхээ дагуу байр сууриа илэрхийлдэг.