Бид хоёр найзууд, эгч дүүс, хамтрагчид болсон

Ярилцлага / Time Admin
2019 оны 01 сарын 03

“BOOBIES” цувралын дуэт жүжигчид болох Б.Мишээл, Б.Ариунцэцэг нартай ярилцлаа. Залуу жүжигчид өнгөрсөн оноос эхлэн “Оранж” энтертайнменттай хамтран “BOOBIES” хэмээх цувралд хамтран тоглож буй юм.

-Ярилцлагаа “BOOBIES” цувралын талаар эхлье. Анх энэ цувралд тоглох саналыг хэрхэн авч байв?

Б.Мишээл: Анх “Оранж” энтертайнментаас залгаад “+17” цувралын үргэлжлэл “Boobies” нэртэй комеди цуврал хийгдэх гэж байгаа юм. Ирээд проб өгөх боломжтой юу гэсэн санал ирж байсан. Тухайн үед яг тоглох байх гэсэн бодол байгаагүй. Ямар ч байсан проб өгье гээд очсон. Тэгэхэд Ариука эгч маань ирсэн байсан. Тэгээд л проб өгч тэнцсэн дээ.

Б.Ариунцэцэг: Би ч бас Б.Мишээлтэй адилхан санал авсан. Гэхдээ анх надад “Оранж”-ийн захирал Б.Тайшир санал тавьж байсан юмуу даа. Үүний өмнө “Оранж”-ийн бас нэгэн бүтээл “Киносутра” төсөлд дүр бүтээж байсан учраас тус продакшнтай танилцчихсан байсан үе. Ойрд уран бүтээлд проб өгөөгүй удсан байсан учраас ороод үзье гэж бодсон юм. “Оранж”-ийн зүгээс эргээд хариу хэлье гэсний ердөө маргааш нь тэнцсэн гэдэг мессэж ирж, улмаар 2 жилийн гэрээ хийсэн.

Б.Мишээл: Бид хоёрыг учруулж өгсөн “Оранж”-ийн уран бүтээлчиддээ баярлалаа (Инээв)

-BOOBIES хэдэн ангитай вэ. Дэлгэцийн ямар төрөлд багтах вэ. Дан комеди чиглэлийнх гэж ойлгож болох уу?

 

Б.Ариунцэцэг: “BOOBIES” цуврал маань 10 ангитай. Анги бүр нь дотроо богино хэмжээний үзэгдлүүдтэй. Өмнөх “+17” Инээдмийн цувралтай харьцуулбал яг тэр төрлөөр хийгдсэн ч эмэгтэй талаас нь харуулахыг зорьсон. Яахав, ёс бус хэллэг агуулагдсан ч бодит амьдралыг хөрсөн дээр буулгаж байна гэсэн үг. Дэлгэцээр илэрхийлж байгаа учраас хараал гэдэг ойлголтыг уран сайхны аргаар тухайн нөхцөл байдалдаа тааруулсан ёс бус үг хэллэг байгаа. Гэхдээ хүмүүс бас харьцангуй энэ чиглэлийг ойлгож хүлээж авдаг болоод байна. Цогтоо, Жижгээ хоёр маань олон нийтэд их сайн ойлгуулж, зөв сэтгэгдэл төрүүлж чадсан байсан.

Аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг ойлгож, дэмжиж байгаа хүмүүсийн хажуугаар ойлгохгүй, шууд утгаар нь хүлээж аваад эмзэглэж байгаа хүмүүс бий. Бид хоёрын тоглож байгаа жанр энэ чиглэлийнх учраас үзэгчид маань бас ойлгохыг хичээгээрэй.

Б.Мишээл: Бид хоёр эмэгтэй жүжигчид. Тэр ч утгаараа биднээс маш их зориг шаардсан. Учир нь эмэгтэй уран бүтээлчид хүмүүсийг инээлгэх хэцүү байдаг. Нэмээд дэлгэцээр хараал, ерөөл ёс бус үг хэлдэг учраас жүжигчнээс ур чадвар, зориг шаардаж байсан. Анх киноны санал орж ирэхэд , “насанд хүрэгчдэд зориулсан”, “ёс бус үг хэллэг ихтэй”, “тиймэрхүү дүрс ихтэй шүү” гэж хэлж байхад дотроо айдастай, эргэлзээ ихтэй байсан. Хүмүүс, үзэгчид буруугаар хүлээж авах вий гэсэн бодол их байсан ч энэ чинь 21-р зуун шүү дээ. Мөн дэлгэцийн бүтээл гэдэг утгаараа задгай тоглолт ихтэй, амьдралтай ойрхон болсон гэж үзэж байгаа.

-Зохиолын талаар жаахан дэлгэрүүлж яривал?

-Зураг авалтын дийлэнх хэсэг нь зун болсон гэж ярьж байсан. Натурт явж байхад хөгжилтэй, инээдтэй зүйлс олон тохиолдох нь гарцаагүй байх. Санаанд үлдсэн зүйлсээ хуваалцаач?

Б.Ариунцэцэг: Зураг авалтын үед тэсвэр тэвчээр эцэстээ тулсан нэг хэсэг байсан. Хад, чулуун дээр омгийн ахлагч болж зураг авдаг хэсэг байдаг. Тэр үед би наранд аймшигтай түлэгдсэн. Маш ихээр тэссэн, дээрээс нь би нарны харшилтайг хэлэх үү. Миний зүүн талын гар, хөл нэлэнхүйдээ борлож, наранд түлэгдсэн. Ер нь натурын үеэр маш их шарх, сорвитой болж үлдсэн. Насан туршдаа мартагдашгүй таних тэмдэгтэй болсон (Инээв). Ер нь зураг авалт маш хөгжилтэй болж үлдсэн.

Б.Мишээл: Ер нь киноны натурт явсан үе илүү дурсамж ихтэй байдаг. Одоо бодоод байхад өвлийн зураг авалтууд хүнд байдаг. Харин азаар бид хоёрын хувьд зуны налгар өдрүүдээр зураг авалт эхэлсэн учраас натурт байхад нэг тийм амралтанд байгаа юм шиг өнгөрсөн. Дандаа монгол уламжлалын хоол хүнс идэх зэргээр тансагласан. Нэг өдөр нь ямаа, маргааш нь хонь гаргаад л. Байрлаж байсан амралт хүртэл тав, тух сайхан байсан.

Хэцүү нэг зураг авалтын тухай ярья. Баба-ягатай зураг авалтын үеэр тэр дүрд хувирах хэрэгтэй болдог юм. Улмаар Баба-ягагийн багийг нүүр хувиргагчид хийгээд, цавуугаар миний нүүрэнд наасан. Зураг авалт эхлэхээс арай түрүүнд наачихсан, гадаа хүйтэн байсан болохоор тэр масктайгаа 10-аад цаг болчихсон. Гэтэл цавуунаасаа харшлаад, арьсыг маань маш муухай болгож, батгашиж эмзэгшээд тиймэрхүү асуудал их болсон. Байн байн салж уначих гээд ахин дахин наагаад л ёстой хэцүү байсан. Намар сэрүү орсон байсан учраас их хүйтэн байсан.

Б.Ариунцэцэг: Ер нь зураг авалтын үеэр хэцүү, бэрхшээлтэй асуудлууд их байдаг ч бид тэсч, тэвчээд гарах ёстой. Бидний сонгосон мэргэжил шүү дээ. Ер нь энэ зовлондоо өөрсдөө ч хайртай байдаг.

-BOOBIES инээдмийн цуврал шинэ клип цацсан байсан. Та хоёр өөрсдөө дуулсан уу?

-Нэлээн нүсэр, даацтай уран бүтээл болсон бололтой. Бид гурвын яриа ихэнхдээ л шинэ цувралын талаар агуулгатай болчихлоо. Ер нь анх урлагийн ертөнцөд хөл тавьсан дурсамжаа хуваалцаач. Та хоёрын талаар, хувь хүнийх нь тухай бага зэрэг сонирхмоор санагдаж байна?

Б.Мишээл: Анх 2-р курст байхад “Дэлхийд дурласан сар” кинонд тоглох санал ирж байсан. Тэр үед маш их айдас, сандрал, биеэ барилттай байсныг хэлэх нь зөв. Улмаар пробонд орж тэнцсэндээ үнэхээр их баяртай байлаа. Тэр кинонд Баттулга найруулагч, Бархүү, Заяа гээд олон мундаг жүжигчидтэй хамтарч тоглосон. Тэрнээс хойш л кино урлагт татагдаж орсон түүх маань эхэлж байсан юм уудаа. Тэр үе бол 2012 он байсан.

Б.Ариунцэцэг: Миний хувьд СУИС-ийг 2011 онд жүжигчний мэргэжлээр дүүргэсэн. Дөнгөж сургуулиа төгсчихөөд байж байхад Мөөжиг анх залгаад киноны санал тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэр нь “Амьдралд тавтай морил” гээд 80 ангитай кино байсан юм. Тухайн үед би жаахан мяраалаг байсан. Тэгээд тэр кинонд Эрхмээ ахын эхнэр болж, жүдочин бүсгүйн дүрд тоглосон. Тэр дүр маань хүмүүст хүрсэн байх гэж боддог. Одоо хүртэл хүмүүс тэр жүдочин бүсгүйн дүрийн тухай асуудаг.

-Хэрэв жүжигчин болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ? Бага насны гэгээхэн хүсэл мөрөөдөл ч гэх юм уу?

-Хүүхэд байх үеийнхээ хөгжилтэй түүхээс хуваалцаач. Урлагийн салбартай багаасаа л холбогдсон охид дүрсгүй байсан биз?

Б.Мишээл: Маш хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан. Айлын 3 охины дундах нь. Манай эгч дүү 2 маш эмэгтэйлэг намбалаг хүмүүс байдаг. Би тэр хоёроос шал өөр, хөдөлгөөнтэй. Нэг удаа 10 жилд байхдаа ангийнхаа хөвгүүнтэй ноцолдож тоглож байгаад нимгэн хана руу унаад, нурааж байсан гэх мэт хөгжилтэй түүх их бий. Ер нь л хөдөлгөөнтэй, сахилгагүй байнга багш нарын өрөөнд дуудагддаг хүүхэд байлаа.  

 Б.Ариунцэцэг: Багадаа нэг их факталж байсан түүх ховор. Гэхдээ нэг удаа тоглолтынхоо бэлтгэлийг тарчихаад гэр лүүгээ явж байхад зуу маажиж, зургаа илдэг ч билүү нэг тоглоом тоглосон юм. Тэгээд хамраа зуун удаа маажаад, зургаа илсэн чинь хамт явж байсан охин “Ариука наадах чинь бүр аймаар болчихож чи энэ толинд хар даа” гэхээр нь машины толинд хартал бүр цус урсаж байсан. Аав ээжээсээ айгаад яанаа л гэж бодоод байлаа. Орой аавыг ирэхээс өмнө үсээ 2 боочихоод урдуураа унжуулчихаад яваад байтал аав мэдчихэж. Тэгээд яасныг асуухаар нь үнэнээ хэлсэн чинь аав загнаагүй дээ. Энэнээс өөр том түүх ховор юм уудаа. (Инээв)

Б.Мишээл: Сая Ариука эгчийг аав гээд яритал надад бас нэг түүх санаанд орлоо. 10 жилд байхад би хэлээ цоолуулмаар санагдаад болдоггүй. Манай аав, ээж тиймэрхүү шивээс, ээмэг энэ тэрд ерөөсөө дургүй. Тэгээд нэг өдөр найз охинтойгоо хамт гэрийхнээсээ нууцаар нэг нь хэлээ, нөгөө нь хүйсээ цоолуулсан юм. Тэгээд л 2-уулаа бөөн баяр. Олон хавар гэдэг шиг нэг өдөр ээмгээ тайлж унтахаа мартчихаж, аав өрөөнд ороод ирчихсэн инээдтэй юм яриад л эгч бид хоёр инээж таарахгүй юу. Тэгээд л би чанга инээчихсэн чинь аман дотор байсан ээмэг харагдчих шиг болсон. Тэгээд баригдаад л зөндөө загнуулсан даа. Бүх ээмгийг маань бахиар хугалаад л, дахиад ийм зүйл байж болохгүй гэж үглэж билээ.

-Ярилцсанд баярлалаа.