Дүүргийн эмнэлгүүд ачааллаа зохицуулан ажиллаж байна

Нийгэм / Time Admin
2019 оны 01 сарын 07

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулан өглөө.

Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%-иар бага байна. Вирүс судлалын тандалтаар томуугийн A(H1N1), A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна. Мөн томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирүс давхар эргэлтэд байна.

Энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД - 223, ХУД – 214, БЗД-281, ЧД 75 хүүхдийн орон дээр -198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ЧЭМТ 105 хувь, ХУНЭ 108.8 хувь, Налайх ЭМТ 64 хувь, СБНЭ 55.2 хувь, СХНЭ 50.3 хувь, Багануур ЭМТ 47.6 хувь, БГЭМТ 24 хувиар тус тус нэмэгдсэн. Насанд хүрэгсдийн 157 орыг, зөөврийн 266 орыг нөөц орон зайд тавьж, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийн ажиллаж байна.

Хүн ам ихтэй дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт Өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

Иргэд өөрсдөө зохиомол ачаалал үүсгээд байна

 

 

Ерөнхий эмч Б.Галсанцэдэн "Манайх 165 ортой. Өнөөдрийн байдлаар 285 хүүхэд хэвтэж байна. Хэвтэх ёстой орноосоо 100 гаруйгаар хэтэрсэн учраас ачаалал ихтэй. Цаашдаа 315 хүртэлх авч чадах хэмжээний ор бэлтгэсэн.

Ялангуяа он гарсаар сүүлийн гурван өдрийн байдлаар өдөрт 60-80 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчин их байсан ч он гараад өөр давалгаа тархалт нэмэгдсэн. Хүүхдүүд маш өндөр халуурч, хордлогын шинжтэй орж ирээд хатгаагаар өвчилж хүндрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулж эмч, сувилагч, асрагч нарынхаа тоог нэмэгдүүлсэн. Мөн нэмэгдлээр амбулторийнхоо нэг хэсгийг 30 ортой тасаг болгон нээсэн. Улирлынхаа эмийн нөөцийг татсан учир эм, тариа хангалттай.

Бид нар кордиорт хүүхэд хэвтүүллээ гэхээс илүүтэй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө нойр хоолгүй ажиллаж байна. Хамгийн гол нь хүндрүүлэхгүй байх ёстой.

Гэхдээ иргэд өөрсдөө зохиомол ачаалал үүсгэдэг. Хүүхдээ эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчийн бичигтэй ирэх ёстой байтал шууд ирж үзүүлэх гэж дайрдаг. Тэгээд эмч, сувилагч нарыг элдвээр харааж доромжлох энүүхэнд.

Манай эмнэлэг 30 гаруй жилийн туршлагатай. Дадлагажсан хүүхдийн эмч олонтой, сэхээний эмч сайн. Шаардлага гарвал гурван эмч зэрэг ажиллуулах чадалтай.

Манай эмнэлгийн зүгээс ганц асуудал сайдад тавимаар байна. Сувилагчийн асуудал хүндрэлтэй байгаа. Ажиллах ёстой сувилагчдаас 10 сувилагч дутуу ажиллаж байна" гэв.