УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө

Улс төр / Time Admin
2019 оны 01 сарын 29

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуульд заасны дагуу санал хураалтыг цаасаар, нууцаар авах ёстой байсан.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цайны цаг болж байгаа тул санал хураалтыг цахимаар явуулах горимын санал гаргав. Цахимаар буюу гишүүд кноп дарж санал өгөх санал гаргасан юм. Харин О.Баасанхүү гишүүн нууж хаалгүйгээр шууд ил санал хураалт явуулах санал гаргасан ч хуулинд заасны дагуу нууцаар санал хураах ёстой гэв.

Ингээд хуралд оролцсон 65 гишүүнээс 43 гишүүн нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох нь зүйтэй гэж үзэн, саналаа өгснөөр УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж байна. Тэрбээр, "2016 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хуулийн дагуу УИХ-ын даргын албан тушаалд томилогдож байсан. Хэдийгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хүнд зориулсан, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулж байгаа гэж хүмүүс шүүмжилж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, энэ хуулийн дагуу би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.

Энэ үйл явдал хэдийнээс эхэлсэн, ямар хугацаанд үргэлжилсэн, хэн хэн оролцсон зэрэг үйл явдлууд бол Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байгаа. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр болж байна гэж би үзэж байна.

Дахин энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн УИХ-ын даргыг өөрчилж, солих үйл явдал битгий болоосой гэж хүсч байна. Би арга саам ашиглаж албан тушаалтайгаа зууралдаагүй. Үүнээс өмнө ч өндөр албан тушаалыг хашиж, өгч явсан хүн. Гагцхүү энэ удаад хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байсан юм" гэлээ. 

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь эргэн мэдээллэх болно.