Хүрхрээгийн аманд параглайдингийн хотын АШТ болно

Спорт / Time Admin
6 өдрийн өмнө

Параглайдингийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр буюу хоёрдугаар сарын 16-17-нд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

 

Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг байх тул бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд хүссэн газартаа очин нисэх боломжийг олгодог. Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисч болдог. 2018 онд параглайдераар 564 км ниссэн дэлхийн дээд амжилт бүртгэгдсэн байна. Параглайдингийн үүслийг Сэргэн мандалтын үед Леонардо да Винчигийн зурсан шүхрийн таталбар зургуудтай холбож үздэг. Дэлхийн II дайны үед шүхрийг өөрчилж сайжруулах оролдлогууд хийж байсантай мөн холбооотой ч гэдэг.

Харин 1980-аад онд далавчны дизайныг сайжруулан халин нисэх боломжтой болсноор 1990-ээд онд олон улсад хамгийн их түгсэн байна. Монгол Улсад анх 1996 онд нэвтэрч байсан тус спорт 2013 оноос хойш эрчимтэй хөгжин Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэгийн тамирчид сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тус спортоор суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Монгол Параглайдинг клубын туршлагатай нисэгчид анхан шатны сургалтыг явуулдаг хэмээн Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.