"Хотод орж ирсэн чоно"-ыг эздэд нь буцаан өгчээ

Нийслэл / Time Admin
6 өдрийн өмнө

"2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр 16:30 минут орчимд Хан-Уул дүүргийн 15-р хороонд чоно байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу цагдаагийн албан хаагчид чоныг барьж аван ууланд тавихаар болжээ" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан билээ.

Цагдаагийн байгууллага "чоно"-ыг Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн бөгөөд МУИС-ын Биологийн тэнхмээр тодорхойлуулж, чоно биш нохой болохыг тогтоосон байна. Өнгө зүсээрээ чонотой төстэй боловч толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн тодорхойлсон хэмээх мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газраас өгөв.

Улмаар БЗД-ийн иргэн Б 2018 оны есдүгээр сард алдсан нохойн зураг нь олон нийтийн сүлжээнд гэнэт "ЧОНО" хэмээн тавигдсаны дагуу холбогдох байгууллагад хандаж, нохойгоо нэхжээ. Нохойтойгоо авахуулсан зураг, нохойны эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн нохойг эзэнд нь өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.