Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны тайлангийн талаарх танилцуулгыг сонсов

Улс төр / Time Admin
2019 оны 01 сарын 31

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.01.31) нэгдсэн хуралдаан 10 цаг 32 минутад эхэлж, Пүрэв, Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 21 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд уг тайланг нэгдсэн хуралдаанаар нэг сарын дотор хэлэлцэнэ”, 36.3-т “Ерөнхийлөгчийн тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж болно” гэж заасан.

Иймээс хуулийн холбогдох заалтын дагуу өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны танилцуулгыг сонсов.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны тайлангийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 07 дугаар сарын 10-аас 2017 оны 08 дугаар сарын 10 хүртэлх нэг жилийн үйл ажиллагааны тайландаа нэгд, төрийн байгуулал, улс орны удирдлагын, хоёрт, Үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орныг батлан хамгаалах, гуравт, гадаад харилцааны талаарх бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн ажлууд, мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээний бусад асуудлууд болон Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, арга хэмжээг тусгасан 70 гаруй хуудас материалыг Улсын Их Хуралд ирүүлсэн байна.

 Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж,  Үндсэн хуулиа дээдлэн сахиж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудтай  харилцан ажиллажээ. Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай харилцан ажиллах бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд 8 удаа оролцож, Улсын Их Хурлын баталсан  4 тогтоолд хориг тавьж, шийдвэрийн  3 төсөл санаачлан өргөн барьж, 6 албан тушаалтныг томилох асуудлаар Улсын Их Хуралтай зөвшилцжээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгч Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан 4 шийдвэрт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан ч Улсын Их Хурал хүлээж аваагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсыг гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлж, гадаад бодлого, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах чиглэлийг барьж ажилласан. Үүний үр дүнд олон улс болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын байр суурь, нэр хүндийг бэхжүүлэх, сурталчлан таниулах, Монгол Улс тогтвортой хөгжих гадаад таатай орчныг бэхжүүлэхэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой ахиц гарсан гэж дүгнэж буйгаа тайланд дурдсан байна.

 

Тайлант хугацаанд Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг 6 удаа хуралдуулж, 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 21 зөвлөмж, 15 тэмдэглэл гарган Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж, үүрэг даалгавар, чиглэл хүргүүлжээ.

Мөн 21 байгууллага, 14353 иргэнийг төрийн дээд цол, одон, медалиар, 637 албан хаагчийг энхийн төлөө  медалиар,  8636 эхийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнасан бол уучлал үзүүлэхийг хүссэн 62 өргөдөл хүлээн авч, хянан үзээд шаардлага хангаагүй 21 өргөдлийг буцааж, бусад 41 өргөдлийг судалж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын харьяат болох 17, Монгол Улсын харьяатаас гарах 561 хүсэлт, Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох 104 хүсэлт хүлээн авч судалж үзээд Монгол Улсын харьяатаас гаргах тухай зарлигаар 543 иргэний хүсэлтийг, Монгол Улсын харьяат болгох тухай зарлигаар 3 хүний хүсэлтийг шийдвэрлэжээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгч хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг, баяр ёслол, иргэдтэй хийсэн уулзалт дээр болон ард түмэндээ хандаж 93 удаа үг хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны тайлангийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.