Т.Аюурсайхан: Г.Занданшатар та профессор байх учиргүй

Улс төр / Time Admin
2019 оны 02 сарын 01

Холбоотой Зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Сүүлийн 2-3 сар УИХ-ын даргыг огцруулах олон нийтийн эсэргүүцэл боллоо. Та Эдийн засгийн ухааны магистр, профессор гэсэн байна. Ийм байх боломжгүй л дээ. Профессор болоход тусгай шаардлагууд тавьдаг. Их дээд сургуульд 10-15 жил багшлах, докторын  эрдмийн ажил удирдах гэх мэт. Магистр хүн эрдмийн ажил удирдах боломжгүй байдаг юм. Худлаа ярьж болохгүй шүү. Хэлбэрдэлгүйгээр боловсролоо анхнаас нь үнэн зөвөөр мэдээллээрэй.

Г.Занданшатар "Би 1992 онд сургууль төгсч ирээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль багш эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, олон улсын судалгааны ажилд оролцож явсан хүн. Миний суралцаж байсан сургууль надад хүндэт профессор, дараа нь профессорын цол тэмдэг өгсөн. Сургууль нь өгсөн цолыг нууж бичих шалтгаан надад байхгүй" хэмээн хариуллаа.
 

Профессор цол олгох болзлын талаар БСШУ-ы сайдын тушаалын хавсралтад ингэж зааж байжээ. /БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Профессор цолд нэр дэвшигч дор дурдсан нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

4.1. Дэд профессор цол хүртээд 1-ээс доошгүй жил болсон;

4.2. Дээд боловсролын сургалтын байгууллагад профессорын болон удирдах албан тушаалд 1-ээс доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

4.3.Багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг 15-аас доошгүй жил хийсэн, үүнээс 8-аас доошгүй жил нь дээд боловсролын сургалтын байгууллагад багшилсан;

4.4. Нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага 3-аас доошгүйг бичиж нийтлүүлсэн;

4.5. Эрдэм шинжилгээний бүтээл 30-аас доошгүйг нийтлүүлсэн үүнээс 8-аас доошгүй нь докторын зэрэг хамгаалснаас хойш;

4.6. 2-оос доошгүй хүний эрдэм шинжилгээний ажлын удирдагч буюу зөвлөхөөр томилогдон ажиллаж докторын зэрэг хамгаалуулсан;

4.7. Урлагийн чиглэлийн багш нарын туурвисан урлагийн зарим бүтээлийг эрдэм шинжилгээний бүтээлд тооцож болно.

5. Дэд профессор цолд нэр дэвшигч дор дурдсан нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:

5.1. Докторын зэрэгтэй;

5.2. Дээд боловсролын сургалтын байгууллагад профессор, дэд профессорын болон удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;

5.3. Багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг 10-аас доошгүй жил хийсэн, үүнээс 5-аас доошгүй жил нь дээд боловсролын сургалтын байгууллагад багшилсан;

5.4. Дээд боловсролын сургалтын байгууллагын 2-оос доошгүй сурах бичиг бичиж (гарын авлага)  хэвлүүлсэн;

5.5. Эрдэм шинжилгээний бүтээл 15-аас доошгүйг нийтлүүлсэн, зэрэг хамгаалснаас хойш 5-аас доошгүй бүтээл нийтлүүлсэн;

5.6. Хичээл заах дадлага ур чадвараараа суралцагчдаас өндөр үнэлгээ тогтмол авдаг, сургалтын баримт бичиг боловсруулах, шинэчлэхэд идэвхи санаачилгатай оролцдог;

5.7. 5-аас цөөнгүй магистрын болон докторын ажил удирдаж хамгаалуулсан;

5.8. Урлагийн чиглэлийн багш нарын туурвисан зарим урлагийн бүтээлийг эрдэм шинжилгээний бүтээлд тооцож болно.

6. Энэхүү журмын 4.5, 5.5 дахь хэсэгт заасан эрдэм шинжилгээний бүтээл нь мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдсэн байна.

7. Сургалтын байгууллагад уригдан ирж багшилж байгаа гадаадын иргэнд энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг баримтлан профессор, дэд профессор цол олгож болно.

8. Профессор, дэд профессор цолыг дээд боловсролын сургалтын байгууллагад хавсран ажиллаж байгаа, энэхүү журмын 4, 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүмүүст олгож болно.

9. Өөрийн онцлогийг харгалзан сургалтын байгууллага нь профессор, дэд профессор цол олгох талаар энэхүү журмын 4, 5 дугаар зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг дээшлүүлэх, тодорхой шаардлага, үзүүлэлт нэмж тусгаж болно.