Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол боллоо

Нийслэл / Time Admin
2019 оны 02 сарын 28

Төв цэвэрлэх байгууламжийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөсөн шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх юм. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангана. Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Франц Улсын “Артелиа Вил энд Транспорт” компани боловсруулсан бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих юм.

Өнөөдөр болсон шав тавих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “2001 оноос хойш бид Төв цэвэрлэх байгууламжийн асуудал ярьсан. Шинэчлэх юмсан, шинээр барих юмсан гээд хүн бүрийн асудал болсон ажил маань өнөөдөр ингэж шийдэгдэж байгаад баяртай байна. Төв цэвэрлэх байгууламж маань олон улсын стандартыг хангасан. Улаанбаатар хотын 1.5 сая хүн амын ахуй амьдралтай шууд холбоотой. Үүнтэй зэрэгцээд саарал усны үйлдвэр бас байгуулагдах юм. Энэ хоёр үйлдвэр хоёулаа хосолж ажиллана. Цахилгаан станцуудыг усаар хангана, ахуй хэрэгцээний саарал усыг Монгол Улс түүхэндээ анх удаа ахуй амьдралдаа ашигладаг болох гэж байна. Цаашдаа Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд энэ цэвэрлэх байгууламж асар том үүрэг гүйцэтгэнэ.

Би 2017 онд Ерөнхий сайд болчихоод энд ирээд холбогдох албаны хүмүүстэй нь уулзаад үүрэг даалгавар өгч, энэ ажлыг маш яаралтай шуурхай шийдвэрлэ гэдэг үүрэг өгч байлаа. Хөрөнгө санхүүгийнх нь асуудлыг хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл өнөөдөр ТЭЗҮ-ээс авахуулаад бүх зүйл нь хийгдээд, хөрөнгө санхүү нь шийдэгдээд барилгын ажил нь албан ёсоор эхэлж байгаад үнэхээр их баяртай байна. Манай хотын иргэд ч гэсэн баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид муухай үнэрнээсээ сална” гэв.