Д.Эрдэнэбат: Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж үг байдаг

Улс төр / Time Admin
9 өдрийн өмнө

Д.Эрдэнэбат өрөөндөө зурган илэрцүүд

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Намайг байхгүй ажилтай байх хооронд олон зүйл болоод өнгөрч. Эрдэнэттэй холбоотой асуудлаар Л.Оюун-Эрдэнэ даргын мэдээллийг харлаа. Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосон нь зөв гэж бодож байна.

ОХУ-ын Ростехийн захирлаас ирүүлсэн бичиг байгаа. Орос хэл дээр байгаа. 49 хувийг зарах саналтай байна гэсэн хандсан бичиг. Та бүхэн хараарай. Тэр бичигт энэ хувьцааг зарахын тулд бид нар төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байна гэдэг өгүүлбэр бий. Энэ 12 хоног гэдэг хаалтын өдөр шүү гэдэг өгүүлбэр. Энэ бичиг 2016.06.01-нд үйлдэгдээд Засгийн газарт ирсэн бичиг. Энэ бичиг хэдэнд ирснийг ЗГХЭГ өөрсдөө шүүгээд олчих байлгүй.

Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах гэж байгаа 49 хувийг авахын тулд Монголын төр эрх зүйн шийдвэр гаргах, 400 сая ам.долларыг босгох, босгож чадах уу үгүй юу гэдэг асуудал үүссэн.

400 сая ам.доллар босгоод авчих л байсан шүү дээ гэж яриад байна. Ярихад амархан. Ярих хийх хоёрын хооронд асар том зөрүү байдаг. Энэ талаар Засгийн газар хэлэлцээгүй биш дотроо хэлэлцсэн. Миний хийсэн танилцуулга дээр тодорхой байгаа. Санхүү эдийн засгийн хувьд төр өөрөө худалдаж авах боломжгүй юм байна, энэ 12 хоногийн хугацаанд чадахгүй юм байна гэж хэлэлцсэн. Яагаад гэвэл ээлжит бус чуулган завсарлачихсан байсан. Тавдугаар сарын 22-нд завсарласан байсан.

Засгийн газрын нууц хуралдааны протоколоос нэг тэмдэглэл надад байдаг юм. Одоо нууцаас гарсан юм чинь би дэлгэе. УИХ-ын ээлжит бус чуулган завсарласан ч Эрдэнтийн хувьцааг худалдан авсан талаар УИХ-д танилцуулж, соёрхон баталсан гэрээг хүчингүй болгох асуудлыг их хуралд оруулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатат даалгав гэсэн байгаа. Дараагийн чуулган нээхэд үүнийг хэлэлцэх боломж байсан уу гэвэл байсан. Гэвч улс төржилт болоод үүнийг хэлэлцээгүй.

Хүний нохой идэхээс өөрийн нохой ид гэдэг үг байдаг. Төр худалдаж авах боломжгүй байсан учраас Эрдэнэтийн 49 хувийг Монголд орж ирүүлж ирэх тэр шийдвэр зөв шийдвэр байсан. Зургадугаар сарын 12-ны хуралдаан дээр би танилцуулгыг хийсэн. 13-ны хуралдаан дээр би байгаагүй ч ЗГ-ийн шийдвэр гарсан. 

49 хувийн хулгай гэдэг асуудал өөр асуудал. Оросын худалдах санал оруулсныг ЗГ хэлэлцээд шийдвэрлэсэн нь хулгай байгаагүй, улс төрийн шийдвэр байсан. 100 хувь монголын өмч болсныг хэн ч буруутгаж чадахгүй байгаа. Улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ярьжу ажиллаасай гэж хүсч байна.

2016 онд Эрдэнэт үйлдвэр Оросын хувьцаатай байх үеийнхээ шилжилтийн үед 70-аадхан тэрбумын татвар төлсөн байдаг. 2018 онд энэ хэмжээ 9 дахин өссөн байгаа байхгүй юу.  Оросын хувьцаа Монголын өмчлөлд орж ирснээр эдийн засгийн хувьд ашигтай байсан гэсэн тоон үзүүлэлтийг ярих хэрэгтэй.

Эрдэнэтийн эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй, ашиггүй юм байна гэж үзсэн гэж ойлгож байгаа. 4 жилийн дивиднтийн хэмжээ 100 гаруй сая ам.доллар байсан болов уу. Оросын орчуулгыг монгол дээр байгаа. Бүгд нэг хараарай" гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тухайн үед яагаад ОХУ-ын  тал “Эрдэнэт”-ийн 49 хувийг  зарах болсон бэ?

-Тухайн үеийн “Эрдэнэт”-ийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байснаас ашиггүй юм байна гэж үзэж  ОХУ зарах болсон гэж ойлгож байгаа.

-Төр өөрөө худалдан авах боломжтой байсан юм уу?

-Төрд тухайн үед 400 сая ам.доллар огт байгаагүй. Эдийн засгийн хүндрэлтэй үе байсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хоёрдугаарт, Оросын талаас санал болгосон ажлын 12 хоногийн дотор багтааж Монголын төр энэ их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан. Тухайн захидалдаа хаалтын хугацааг тодорхой тогтоосон байсан.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахад Монголбанк  санхүүгийн зөрчил гаргасан гэсэн  мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авах үйл ажиллагааг мөнгө угаалт гэж хэлээд байх шиг байнаСанхүүгийн асуудлыг шүүх, хяналтын байгууллага шийдвэрлэнэ. Засгийн газар өөрөөс хамаарах улстөрийн шийдвэрээ гаргасан. ОХУ-ын 49 хувийг Монголд оруулж ирэх нь улс төрийн зөв шийдэл байсан гэж ойлгож байна.

-Тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Аж үйлдвэрийн яамнаас өгсөн 90.3 сая ам.доллар “Монголиан коппер корпорейшн”-д очсон гэдэг нь үнэн үү?  

-Аж үйлдвэрийн яамд 90 сая ам.доллар байтугай 9 сая цент ч байгаагүй. Тухайн үеийн яамны   төсвийн бүх зарлага нь ил тод байгаа. Уг асуудалд Аж үйлдвэрийн яамыг улстөрийн зорилгоор татан оролцуулна гэвэл ийм асуудал байж болохгүй. Аж үйлдвэрийн яам ямар ч холбоогүй. Зээл гэвэл Хөгжлийн банкны асуудал болж хамаарна.

– “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах Засгийн газрын тогтоолд та  гарын үсэг зурсан байсан. Уг баримт худлаа гэсэн үг үү?

-Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үед Засгийн газраас шийдвэр гаргасан хуралдаанд байгаагүй. Би хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Яагаад гэвэл Монголд “Эрдэнэт”-ийн 49 хувь орж ирэх боломж дээр би өөрийнхөө итгэл үнэмшил, зарчмынхаа хүрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс биш “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал огт байхгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон шийдвэрийг та юу гэж харж байна вэ?

-БНМАУ-ын Бага хурлын тогтоолыг Засгийн газар хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Шинэ Үндсэн хуульд “Энэ хууль хэрэгжсэнээр өмнө нь үйлчилж байсан хууль хүчингүй болно” гэж заасан байдаг. Бид хуулиа л мөрдөх хэрэгтэй.  УИХ-аар хэлэлцэх зайлшгүй асуудал.

-Тухайн үед Засгийн газар  Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах асуудлыг нууцаар хэлэлцсэн нь ямар учиртай юм бэ?

-Олонхийн шийдлээр нууцаар хэлэлцсэн. "Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар төрийн гурван өндөрлөг гурвуулаа огт мэдээлэлгүй байсан гэдэг нь худлаа. Ганцхан Ерөнхий сайд нь мэдээд бусад нь мэдээгүй гэдэгт би хувьдаа итгэхгүй. Төрийн гурван өндөрлөг мэдэж байж уг асуудлыг оруулж ирсэн гэдэгт өнөөдрийг хүртэл би  бат итгэлтэй байна.