Вьетнамаас Монголд тахиан мах, далайн бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцжээ

Нийгэм / Time Admin
8 өдрийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд ажиллалаа.

Төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайдын тэргүүлдэг Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар тохиролцсон асуудлын мөрөөр Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн хонь, ямаа, адуу болон үхрийн махны талаар яриа, хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр “СП групп”, “Кофидек” зэрэг Япон, Европ, АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэстэн дамнасан томоохон хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Вьетнам Улсаас олон улсын стандартын хангасан эрүүл, аюулгүй тахиа, далайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар тохиролцсон юм.

Монголын төлөөлөгчид мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажиллаж, хоёр улсын Мал эмнэлгийн ерөнхий газар хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Лаос Улсад нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн хорио цээрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Лаос Улс руу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхээр болов.