Нано бетон зуурмагийг анх удаа зах зээлд нийлүүлнэ

Эдийн засаг / Time Admin
6 өдрийн өмнө

Өнөөдөр “Премиум Бьюлдинг Материалс” компанийн зүгээс “Төгс бүтээгч – 2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа талаар болон нано бетон зуурмагийг зах зээлд анх удаа нийлүүлэх болсон тухай хэвлэлийн бага хурал хийлээ.

Барилгын материал нийлүүлэлтээр салбараа манлайлагч “Премиум Бьюлдинг Материалс” компани өнгөрсөн жил “Төгс бүтээгч” арга хэмжээг санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ жилийн арга хэмжээ “Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент” сэдвийн дор явагдах юм.

Техник технологийн хөгжил бүх салбарт хурдацтай хөгжиж буй өнөө үед барилгын салбарынхан хэрхэн энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, төслөө үр ашигтай явуулахын тулд компанийн засаглал, удирдлагын тогтолцоогоо ямар байдлаар загварчлах болон Монголын зах зээлд шинээр нэвтрүүлж буй нано бетон зуурмагийн тухай гээд олон сонирхолтой илтгэл, мэдээллийг арга хэмжээний үеэр танилцуулахаа тэд онцоллоо.

 “Премиум Бьюлдинг Материалс” ХХК-ийн Стратеги хариуцсан захирал Т.Оюунбаатар “Манай компани салбарынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, санал бодлоо солилцох, тулгамдсан асуудлыг хамтдаа хэлэлцэх зорилгыг тээн “Төгс бүтээгч” арга хэмжээг анх санаачилсан түүхтэй. Бүгдээрээ хамтдаа хөгжвөл илүү өндөр бүтээмжтэй, бага зардлаар, илүү үр ашигтай ажиллах боломжтой гэж хардаг тул жил бүр энэхүү арга хэмжээг уламжлал болон зохион байгуулахаар төлөвлөлөө” гэсэн юм.  

Премиум Групп ХХК-ийн Сургалт, Судалгаа Хөгжүүлэлтийн албаны дарга доктор Н.Ундрах нано бетон зуурмагийг үйлдвэрлэлд нэвтрүүлж зах зээлд нийлүүлсэнээр барилгын чанарт маш том дэвшил авчирахаас гадна байгаль орчинд ээлтэй, эдийн засагт ч ашигтай байх тул салбартаа томоохон өөрчлөлт авчирна гэв. Тус компанийн судалгаа хөгжүүлэлтийн албаныхан бүтэн жилийн хугацаанд 130 орчим туршилт хийсний үр дүнд нано бетоныг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж чаджээ.

“Төгс бүтээгч” арга хэмжээнд салбартаа нэр хүндтэй экспертүүд оролцож  барилга архитектурын сүүлийн үеийн дэвшилтэт технологийг хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн туршлага, хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхах боломжуудын талаар чухал илтгэлүүдийг тавьж, санал бодлоо хуваалцах юм байна.

 Арга хэмжээ 2019 оны 3 дугаар сарын 22-нд Шангри-Ла зочид буудлын хурлын гол танхимд зохион байгуулагдана.

Холбоо барих дугаар: 7777-3311, 88090728