С.Энхцэцэг: Иог бол эрүүл амьдрах, эрч хүчээ сэлбэж, биеэ сэргээх дасгал

70
3 сарын өмнө

Олон улсын “Yoga Aliance”-ийн E-RYT200, RYT500YACEP-ийн чиглэлээр хичээл заах эрхтэй, Монголын Иогчдын холбооны УЗ-ийн гишүүн С.Энхцэцэгтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Сүүлийн хэдэн жилд иог урсгал эрчимтэй хөгжиж байна. Монголд хэдий үеэс орж ирсэн талаар яриагаа эхлэе гэж бодож байна?

-Иогийн урсгал нь эрт дээр үед монголд ороод ирчихсэн зүйл. Үүсэл нь Энэтхэг улсаас гаралтай гэж үздэг. Дээр үед лам, хуврага хүмүүс бясалгалын түвшинд йогоор хичээллэдэг байсан нь түүх, бичлэгээс харагддаг. Тэгэхээр өнгөрсөн цаг хугацаанд монголчууд маань иогийн дасгал, урсгалаар хичээллэдэг байсан нь түүхийн хуудаснаа байна. Социалист нийгмийн үед бага зэрэг орхигдож, хаягдсан ч өнөө үед дахин сэргэж хичээллэдэг боллоо. Ерөнхийдөө нийгэм өөрчлөгдөн шинэчлэгдэх үйл явцаас хамааран энэхүү урсгал дахин сэргэж байна гэж болно. Монгол Улсад иог нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн цаг хугацаа нь 1984 он юм. Тодруулбал, Монгол Улсын Йогийн холбооны хүндэт гишүүн н.Байгаль багш маань тухайн үед эрүүл мэндийн томоохон эмнэлгүүдэд иогийн танхим нээж байсан. н.Байгаль багш Энэтхэг улсад очиж суралцан, иогийн цэвэрлэгээний арга барилыг эзэмшиж, тус улсаас багш авчран эмчилгээний нэг төрөл болгосон байгаа. Ер нь, иогийн урсгал нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүний биеийг анагаагч нэг төрөл болон хөгжсөөр байгаа гэдгийг онцлох нь зүйтэй байх.

-Хүний биед ямар ач тустай вэ гэдэг асуудлыг өнөө цаг үетэй холбон авч үзвэл?

-Хүний эрүүл амьдралын нэг хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс ч дэлхийн томоохон баячууд, тайз дэлгэцийн одууд иогоор хичээллэж байна. Мэдээж хэрэг хүн эрүүл байснаар амжилт гаргаж, ахиц дэвшилд хүрнэ шүү дээ. Энэ ч утгаараа Монгол Улсдаа иогийн урсгалыг хөгжүүлж, иргэдийг эрүүл амьдрах, өөрийгөө эрүүлжүүлэхэд тус дэм болох нь зүйтэй гэж боддог. Иргэд маань бие өвдлөө гээд эм тариа хэрэглэхийн оронд йогоор хичээллэвэл өөрийгөө эрүүлжүүлж чадна. Улс орон болгон өөр өөрийн онцлогтойгоор хөгжүүлж, иргэд нь амьралынхаа хэвшил болгож, сургууль байгуулж байна. Бид ч мөн адил олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бий болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Мөн тодорхой шаардлага хангасан учраас зөвшөөрлөө авсан юм. Тодруулбал, иогийн чиглэлээр багш бэлтгэхдээ тусгай хөтөлбөрийн дагуу зааж сургадаг.

-Зөвшөөрөл авдаг гэж та хэллээ. Хаанаас авдаг талаараа тодруулахгүй юу?

-Багшийн ёс зүй, заах арга барил, тухайн техникийг хэрхэн эзэмших гэх мэт зүйлийг сургах, таниулах эрх бүхий байгууллагад хандаж зөвшөөрөл авна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван том байгууллага бий. Үүний нэг болох “Yoga Alliance” олон улсын байгууллагын шаардлагад нийцэн, нэгдэж орсон тул сургууль байгуулах эрхтэй болсон.

-Үүсгэн байгуулагдах сургуульд сурснаар ямар чадвар эзэмших вэ?

-Өнөөдөр иогоор хичээллэх сонирхолтой хүмүүс дурын сургалтын төвөө сонгодог болсон. Гэхдээ тухайн сургалтын төв нь анхлан сонирхогчдод л сургалт явуулж, наад захын ойлголт өгч байгаа. Харин манай сургуульд сурснаар мэргэжлийн, олон улсын стандартад нийцсэн, заах арга барил, ёс зүй, техникийг эзэмшсэн багш болох юм. Өөрөөр хэлбэл, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн сургалттай сурах орчин бүрдсэн, мэргэжлийн өндөр түвшний багштай сургууль  юм. Сургуулиа иогийн өндөр зэрэглэлтэй гурван багштай хамтран байгуулж байгаа бөгөөд IYSM гэсэн нэртэй. Энэ товчлол нь Олон Улсын иогийн сургууль гэсэн үг. Үүсгэн байгуулагчид нь Монгол Улсад олон жил иогийн сургалт явуулсан гурван томоохон төв болох “Эрхэт баясангуй”, “Leela Tai”, “Tulip studio” болон олон улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа Pure Yoga-д багшилдаг Батцэцэг нар юм. Томоохон төвийн мэргэшсэн багш нараас гадна гадаадын өндөр зэрэглэлийн багш нартай хамтран сургалт явуулах учир иогийн гүн гүнзгийн мэдлэгийг зөв чиглэлтэйгээр заах учир илүү гэсэн үг. Бид багш нараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээний болгон бэлтгэж, иргэдэд иог гэдэг нь чухам ямар ач тустай гэдгийг таниулан ойлгуулах зорилготой. Багшийн сургалт маань энэ сарын сүүлээр эхэлнэ.

-Сунгалтын олон төрлийн дасгал хийдэг болохоор маш уян хатан хүн л хийж чадна гэж боддог хүн цөөнгүй бий ?

-Иог гэхээр уян хатан, туранхай хүн, бараг нугараачдын хийдэг зүйл гэж ойлгоод байдаг талтай. Энэ бол буруу ойлголт шүү. Өнөө цагт хүн бүхэн эрүүл мэндийнхээ төлөө анхаарч хичээллэх болсон. Өөрийгөө хөгжүүлэх, эрүүл амьдрах л хэв маяг юм. Ер нь, эрүүл эрч хүчтэй амьдрах алхам юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн багшаар амьдралынхаа нэг хэсэг болгон хэвшүүлснээр нийгмийн эрүүл мэнд, иргэд маань амгалан тайван амьдрахад маш их нөлөө үзүүлнэ.

-Мэргэжлийн багш бэлтгэнэ гэхээр нэлээд хугацаа шаардана гэж ойлгож байна? 

-Хэдэн жил, сараар бэлтгэхгүй л дээ. Энэ удаагийн сургалт маань 28-нд эхэлж, хоёрдугаар сарын 21-нд дуусах юм. Нийтдээ 20 хоногт 200 цагийн хичээлтэй RYT200 буюу олон улсын багшийн эрх олгох сургалт. Ийм эрх олж авснаар олон улсад сургалт удирдах эрх нь нээгдэнэ. Ингэснээр эцсийн цэг нь бол биш. Үүний дараа YACEP буюу мэдлэгээ ахиулах програмд хамрагдан мэргэших боломж бүрдэнэ. Ерөнхийдөө йогийн олон төрлийн арга барилыг буюу нөхөн үржихүй, жирэмсний, эмчилгээний, халуун йогийг эзэмших гарц нээгдэж байгаа хэрэг. Энэ бүхэн тус тусдаа тодорхой цагийн хичээл гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс нэг дор бүгдийг нь сурч, эзэмших боломжгүй.

-Сургалтанд өмнө нь иогоор хичээллэж байсан хүн л хамрагдах уу?

-Сонирхож байгаа бүх хүн хамрагдаж болно. Заавал багш болохоор суралцах албагүй. Амьдралын хэв маягаа зөв чигт хөтлөх, эрүүлжих, мэдлэгийн хүрээгээ тэлэх сонирхолтой, стрессээсээ ангижран эрч хүчээ нэмэх аргачлалыг сурах хэн ч бай манай сургуульд хандаж болно шүү. Иогийн хичээлд суусан ямар ч хүний бие, оюун ухаан ядрахгүй. Харин ч илүү их баяр хөөр, аз жаргалаар дүүрэн болдог.

-Таны хувьд йогтой хэрхэн холбогдсон нь сонирхол татаж байна?

-Би эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч хүн. Анх ямар ч мэдлэг төсөөлөлгүй л явсан. Цэрэндорж багшийн “Дээд эрүүл мэнд” бясалгын сургалтанд 2007 онд хамрагдсанаар миний йогтой холбогдох гарц нээгдсэн дээ. Үүнээс хойш өөрийгөө хөгжүүлэх, амьдралынхаа хэвшил болгох зорилго тавин, мэдлэгээ дээшлүүлсээр өнөөдрийг хүрч байна. Яг иогоор хичээллэж эхэлсэн цаг бол 2010 он. Тухайн үеэс эхлэн эрчимтэй суралцаж, 2015 онд Суман Бархас багшийн “Tai Chi Yoga center” сургуульд 200 цаг, 2017 онд Мандала йога сургуулийн 300 цагийн багшийн програм дүүргэсэн. Мөн эмчилгээний 40 цаг, жирэмсний, нөхөн үржихүйн тус бүр 20 цагийн хичээлд суралцсан байгаа. Үүнээс гадна олон сургалтанд сууж мэргэжлээ дээшлүүлж, мэдлэгийн цар хүрээгээ тэлсэн шүү. Сүүлд Испани улсад халуун иогийн арга барилд суралцаад ирлээ. Өнөөдөр E-RYT200, RYT500, YACEP-ийн чиглэлээр хичээл заах эрх олж аваад байна. Иог бол эрүүл амьдрах, эрч хүчээ сэлбэж, сэргээх дасгал юм шүү дээ.

-Зарим тохиолдолд иогт яваад гэмтсэн, өвчтэй боллоо гэсэн зүйл сонсогддог?

-Тухайн багшийн мэдлэг, заах арга барилтай шууд холбоотой. Өөрийн хийдэг зүйлээ суралцагчид заавал хийх ёстой гэснээс хамаарч байгаа. Аливаа хүний бие, хүлээж авах байдал, чадамж ялгаатай. Мөн ямар төрлийн дасгал хийх вэ гэдгийг багш л тодорхойлох ёстой. Гэтэл ийм арга барилд суралцаагүй багшлагчийн буруугаас болж асуудал үүсч байгаа хэрэг. Тиймээс л заавал сургуульд нь сурч, багшийн ёс зүй, арга барил, иогийн теникт суралцах шаардлагатай. Магадгүй сургалт, интернет орчноор дамжуулж бага зүйл мэдчихээд сургалт явуулж байхыг үгүйсгэхгүй. Ингэснээр иогийг эзэмшчихлээ гэж ойлгон сургалт явуулж байгаа нь харамсалтай. Аливаа зүйлийг зөв сурахгүй бол бусдад хор учруулна гэж хэлэх хэрэгтэй байх. Үүнээс гадна багшийн сертфикатыг нь суралцагч шалгаж, таны хүссэн зүйлийг сургаж чадах эсэхийг лавлаагүйгээс ч хамаарна. Эрсдэл аюулгүй, зөв арга барил эзэмшиж, иргэдэд түгээн дэлгэрүүлэн, бизнес эрхлэхийг хүсч байгаа хүмүүс заавал сургалтанд суугаарай.

-Ярилцлагын эхэнд та улс орон болгон өөрийн гэсэн хэлбэр загвараар хөгжүүлж байгааг дурдсан. Тэгвэл монголчуудад тохирсон хэлбэр бий болгоход ямар ажил хийгдэж байна?

-Улс орон болгон өөрийн хэв маяг, үндэсний соёлтой уялдуулан хөгжүүлсээр байна. Бид ч мөн адил үндэсний уламжлал, хөгжим, бүжигтэй хослуулан хөгжүүлж байгаа. Жишээлбэл, морин хуурын ая, биелгээ гээд тодорхой хэмжээгээр эхэлж байна.

-Цаашдын төлөвлөгөө, зорилтын талаар?

-Монголынхоо олон сайн багш нарыг олон улсад таниулж, гадаадад ажиллуулах боломжоор хангах нь сургуулийн зорилго, зорилт. Ирээдүйд хийх олон ажил төлөвлөсөн. Ээлж дараатай хийгдэх ажлуудыг хэрэгжүүлснээр Монголын иог олон улсын түвшинд хүрч чадна. Бидний зорьсон үйл хэрэг йогийн хөгжилд чамлахааргүй хэмжээний хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа.

Санал болгох

Б.Гансүх: Би ямар ч гэсэн амьд мэнд байгаа шүү

2012 онд “Vine” аппликейшн гарч,богино хэмжээний хөгжилтэй бичлэг хүмүүсийн дунд дэлгэрч байсан. Яг л одоогийн “ТikTok” шиг. “Vine” хөгжиж байх үед богино хэмжээний бичлэгээрээ олны танил болсон Б.Гансүхтэй ярилцлаа.

7 өдрийн өмнө
SYNDICATE TALK: Хариуцлагатай аялцгаая!

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлберг, БНСУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Кил Кан Мүг, фэйсбүүк дэх “Дэлхийгээр аялагчид” группыг үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар энэ удаагийн дугаарын зочноор оролцлоо.

8 өдрийн өмнө
Х.Юүлэхорол: Яг одоо бүжигт ид шунан дурлаж байна

ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, ахлагч Х.ЮҮЛЭХОРОЛтой ярилцлаа

11 өдрийн өмнө