АНУ-д Морин хуурын наадам болно

2019 оны 2 сарын 142019-02-14

a034b65c-4407-45b9-bf77-e523a8467f4c,51797879_827465697599796_1062120175072968704_n.jpg.jpg

Ирэх гуравдугаар сард АНУ-ын Мичиган мужид нэг Монгол соёлын нэг томоохон үйл ажиллагаа болох гэж байна. АНУ-д амьдарч байгаа монгол хөгжимчид, монгол соёл урлагтаа элэгтэй залуус, Америкийн монгол судлаач нар хамтран “Морин хуурын наадам” зохион байгуулахаар санаачилжээ. Наадмыг зохион байгуулагчдын нэг Миччиганы Их Сургуулийн дэргэдэх Монгол Соёлын Байгууллагын зөвлөх, Сиско Систэмс (Cisco Systems) компанийн програм хангамжийн аюулгүй байдлын инженер Гантөмөрийн Эрдэнэбаттай ярилцав.

Сайн байна уу? Морин хуурын наадам АНУ-д зохиох гэж байгаа талаар сонслоо. Ямар хүмүүс энэ арга хэмжээг санаачлав? АНУ-д Морин хуурын наадам зохиохын ач холбогдол юу вэ?

Сайн, сайн байна уу? Тийм ээ. Энэ наадмын маань албан ёсны нэр нь Америк дахь Морин Хуурын Анхдугаар Наадам гэдэг нэртэй. Өөрөөр хэлбэл Америк оронд морин хуурыг мэддэг, сонирхдог, судалдаг хүмүүсийг нэг дор цуглуулахыг зорьсон хэн бүхэнд нээлттэй наадам юм. Энэ наадмыг морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг, АЖ Ц.Батчулуун агсны хийж бүтээсний үр шим, үргэлжлэл ч гэж хэлж болох бүрэн үндэстэй. Учир юу гэвэл морин хуурын чуулгын дэргэд “Хуурчийнхан” гэж сургалтын төв байдаг. Энэ төвийн АНУ дахь салбарыг Сиэттл хотод ажиллаж амьдардаг, Ц.Батчулуун агсны отгон шавь Г.Уртнасан санаачилж, манай Монгол Соёлын Байгууллага ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж байна.

Та ач холбогдлын тухай асуулаа. Дэлгэрүүлж яривал олон чухал зүйлийн талаар ярих хэрэгтэй болох байх л даа. Тиймээс би таны энэ асуултад товчхон хариулахыг хичээе.  Өргөн утгаараа Монгол үндэстний нэгдмэл чанар гэвэл бидэнд хэл, соёл, түүх гурав л бий гэхэд буруудахгүй байх. Үүнээс улбаалаад Монгол соёлын гол цөмүүдийн нэг нь гэвэл яах аргагүй морин хуурыг нэрлэхээс өөр аргагүй. Иймд зохион байгуулагчдын хувьд энэ наадмын ач холбогдлыг хоёр талаас харж байгаа. Нэгд, АНУ-д амьдарч буй монгол соёлоосоо сурч мэдэхийг хүссэн шинэ залуу үеийнхэн болон ажиллаж амьдарч буй Монголчуудад тийм боломжийг олгож буйгаараа ач холбогдолтой. Хоёрдугаарт, мэргэжлийн талаасаа морин хуурын цаашдын хөгжил, өөрөөр хэлбэл морин хуурыг АНУ-д хэрхэн таниулах, түгээн дэлгэрүүлэх, өнөөгийн тулгарч буй асуудлууд гээд олон сэдвээр  хэлэлцэж ярилцах боломжийг олгох юм.

Наадмын зар гарсан цагаас хойш олон мэргэжлийн болон мэргэжлийн бус хуурчид, морин хуурт сонирхолтой, Монгол соёлоо хүндэлж хайрладаг олон хүмүүс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэр бүү хэл хилийн чанадаас ч ирж оролцож болох уу, оролцмоор байна гэсэн асуулт, хүсэлтүүд олноор ирсэн. Үнэхээр морин хуурт зориулсан арга хэмжээ АНУ-д зохиогдох цаг нь ч болсон байх л даа. Манай Монгол Соёлын Байгууллага үндсэндээ Мичиганы Их Сургууль болон Мичиганы бусад сургуулиудад суралцдаг оюутнуудаас бүрддэг юм. Оюутан залуус маань Мичиганд ажиллаж амьдардаг ах эгч нартайгаа нийлээд морин хуурын анхны наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө үнэхээр завгүй ажиллаж байна.

Наадмын үеэр ямар ямар арга хэмжээ болох вэ?

Наадмын үеэр эрдэм шинжилгээний илтгэл, морин хуур сонирхогчдын уралдаан, морин хуурын хичээл, хэлэлцүүлэг, морин хуурын сургалтын төвүүдийн сурагчдын тоглолт, АНУ-д ажиллаж амьдардаг мэргэжлийн морин хуурчдын концерт гээд олон арга хэмжээнүүд болно. Онцолж хэлэхэд ихэнх илтгэгчид маань АНУ-ын их дээд сургуулиудын хөгжим судлаачид байгаа. Мөн гаднын мэргэжлийн удирдаач, хөгжимчид ирж хэлэлцүүлэг болон уралдаанд оролцоно. Эдгээрээс АНУ-ын хөгжмийн мэргэжилтнүүд морин хуурыг хэрхэн, юу гэж дүгнэж байгаа, цаашид бид яах нь зүйтэй вэ зэрэг сэдвүүдийн хүрээнд олон сонирхолтой санал санаачилга, яриа өрнөх нь дамжиггүй.

Их том цогц үйл ажиллагаа болох юм байна. Мэдээж хөрөнгө мөнгө их гарах байх. Хаанаас ивээн тэтгэж санхүүжүүлж байгаа вэ?

Монгол Соёлын Байгууллага маань төрийн болон ашгийн бус байгууллага учир мэдээж хөрөнгө мөнгөний бэрхшээл гарч байгаа. Бид одоогоор наадмынхаа Facebook хуудас дээр GoFundMe хандивын аян явуулж байна. Энэ хандивын аянаар цугласан мөнгө морин хуурын наадамд зориулагдах юм. Тиймээс морин хуурын наадмын үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй хэн бүхнийг www.facebook.com/morin.khuur.festival хаягаар орж монгол соёлынхоо төлөө хандив өргөөрэй гэж хүсье. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Мөн АНУ дахь Морин Хуурын Анхдугаар наадмыг ивээн тэтгэхийг хүссэн хувь хүмүүс болон албан байгууллагууд бидэнтэй өмнө дурдсан Facebook хуудсаар эсвэл morin.khuur.festival@gmail.com хаягаар холбогдож мэргэжлийн хуурчдын концертийн зар, танилцуулга болон наадмын зурагт хуудсан дээр өөрсдийн логогоо хэвлүүлж болох юм шүү.

Ер нь монголчууд зөвхөн АНУ гэлтгүй, гадаад улсад олноор суурьших болсоор удаж байна. Тэр хүмүүст юу зөвлөх сөн бол?

Миний хувьд зөвлөх гэхээсээ илүү уриалах нь зохистой болов уу гэж бодож байна. Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд маань харьцуулах баримжаатай болоод ирэхээр өөрсдийгөө шинээр нээж Монголынхоо болж бүтэж буй сайн сайхан болон урагш ахиц муутай саар зүйлсийг ч гярхай ажиглаж, илүү сэтгэл зовниж хүлээж авдаг юм шиг санагддаг. Магадгүй тийм ч учраас монгол хүнийхээ үнэ цэнийг арай өөрөөр мэдэрдэг байж болох юм. Харин мянга мянган жилийн цагийн шалгуурт тунаж үлдсэн энэ яндашгүй арвин мэдлэг, цэгнэшгүй их үнэ цэнийг амьд байлгахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй тул монгол хэл соёлоо үр хүүхдүүддээ дамжуулахын төлөө дор бүрнээ хичээцгээгээрэй гэж уриалъя. Баярлалаа.

За баярлалаа. Та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсье!

Санал болгох

Д.Мандах: Сургалт гэдэг бол зөвхөн нэг талын үйл ажиллагаа биш

Өнгөрсөн хичээлийн жилд сургалт цахим хэлбэрээр явагдаж төгсөлт хийгдсэн. Мэдээж чанарын хувьд 100 хувь байсан гэж хэлж чадахгүй, гэхдээ гэнэтийн зүйлд харьцангуй бэлэн байсан гэж баттай хэлж болно. Манай сургуулийн хувьд “Сургалтын удирдлага, мэдээллийн систем” буюу сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулах программ хангамж, дэд бүтэц, техник хэрэгсэл болон багш нарын нөөц бэлэн байсан, түүний ачаар багш, оюутнууд маань хугацаа алдалгүйгээр цахимаар ажиллах боломж бүрдсэн, төгсөлт ч цахимаар хийгдэж бакалаврынрын 92 оюутан дипломоо хугацаанд нь гардан авсан байгаа. Хичээлийн жилийн эцэст цахим хичээлүүдийн талаар арваад мянган оюутнаас сэтгэл ханамжийн судалгаа авахад 85 хувь нь хичээлийн чанарыг хангалттай гэж үзсэн дүн мэдээ гарсан. 

12 өдрийн өмнө
А.Цэгмэд: "Нийслэл хүүхэн" киноны Ажаагийн дүрд ээжийгээ мөнхөллөө

"Нийслэл хүүхэн" ОАУСК-ны гол дүрийн жүжигчин МУСТА жүжигчин А.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрээр анх удаа киноны гол дүрд тоглосон бөгөөд өөрийнхөө ээжийг амилуулжээ. 

12 өдрийн өмнө
Шүүх эрх мэдлийн хилийн цэсийг хэн ч давж болохгүй

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зарлагдсантай холбогдуулан хуульч Б.Баяраатай ярилцлаа.

1 сарын өмнө