"Оюу толгой' ХХК-ийн санхүүжилтээр барьсан Ханбогд-Оюу толгой чиглэлийн замын нээлт боллоо

50
3 сарын өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замын нээлт өнөөдөр боллоо. Энэ зам ашиглалтад орсноор Оюу толгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна.

“Оюу толгой” ХХК 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулсан тус замыг Өмнөговь аймгаас 2018 оны “Шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар шалгаруулсан. Энэ бол “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Өмнөговь, тэр дундаа Ханбогд сумд хийж буй олон бүтээн байгуулалтын нэг. Сар гаруйн өмнө Ханбогд суманд иж бүрэн тохижсон, 840 хүүхдийн сургууль, цэцэрлэг хүлээлгэн өгсөн. Тус сургуулийнхан олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх болсноороо сумд дундаа анхдагч болсон юм.

ЗТХ-ийн төлөөлөл өнгөрсөн арванхоёрдугаар сард Ханбогд-Оюу толгой чиглэлийн замтай танилцаж, замын ажил, тэр дундаа тэмдэг тэмдэглэгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна хэмээн сайшаасан билээ. Тус замыг Улсын комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд хүлээн авсан юм.

Хоёр жил гаруй үргэлжилсэн замын ажлын гүйцэтгэгчээр үндэсний 26 компани ажилласнаас “Арж зам”, “Анандын зам”, “Заг инженеринг”, “КАСМС” компаниуд голлон гүйцэтгэв. Удаа дараа үерлэн барилгын ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн ч хүн хүч, техникийн хүртээмжийг нэмэгдүүлж, хугацаанд нь чанартай гүйцэтгэж чадсан. Ид ачааллын үед төслийн талбайд өдөрт 550 гаруй ажилчин, 171 машин механизм ажиллаж 2800 м хүртэл асфальтбетон дэвсэж ажилласан нь Монголдоо тэргүүлэх үзүүлэлт байлаа.

Говь нутгийн материал замын бүтээн байгуулалтад ашиглахад тохиромж муутай байсан тул тухай бүрд нь нарийн шинжлэн, шаардлагатай тохиолдолд алсаас тээвэрлэн авчирч ашиглаж байв. Зам барих явцад талбайд иж бүрэн лаборатори ажиллан тогтмол шинжилж, ажлын явцад орц норм тогтоох 1200 орчим шинжилгээ хийж материалуудын чанарыг баталгаажуулсан.

Зам барихдаа байгаль орчны нөлөөллийг сайтар харгалзсан. Энэ хүрээнд археологи, палеонтологийн нарийн шинжилгээ хийн түүх, соёлын үнэт зүйлс хөндөхөөс сэргийллээ. Түүнчлэн 6 төрөл зүйлийн нийт 10 мянга гаруй ховор ургамлыг Ханбогд сумын мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгаж хамгаалсныг онцлууштай юм.

Алтан шар зам өлзийтэй байг!

Санал болгох