Д.Цогтбаатар: Парламентат ёсны сонгодог хэлбэрийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй

71
2 сарын өмнө

Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсны 98 жилийн ойн өдөр энэ сарын 1-нд боллоо. “Эх орончдын баярын өдөр”-ийн хүрээнд Гадаад харилцааны үе үеийн сайд, Бүрэн эрхт Элчин сайд, МАН-ын гишүүн, ахмад дипломатуудын хүндэтгэлийн уулзалт болсон юм. Тус уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МАН-ын Гадаад харилцааны газрын дарга X. Сайхансанаа, Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар нар оролцов. МАН-аас энэ салбарт томилогдон ажилласан үе үеийн дипломатууд тухайн салбарын талаар хэлэлцэх үеэр Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАРТАЙ ярилцлаа.

-Гадаад харилцааны салбарынхан уулзаж байгаагийн давуу талыг та хэрхэн тодорхойлох вэ. Дипломат академийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ уулзалтыг уламжлал болгохоор ажиллаж байна. Намын баярын үеэр дипломат албанд ажиллаж байсан ахмадуудаа урин уулзаж буй нь олон талын ач холбогдолтой. Гол зорилго нь, мэдээж ахмадуудынхаа үнэтэй зөвлөгөө, санаа оноог сонсох. Бидний хувьд өдөр тутмынхаа ажилд түүртээд ахмадуудынхаа санал зөвлөгөөг тэр бүр сонсч чаддаггүй. Манай яамны дэргэд Дипломат академи гэж бий. Үүний хүрээнд ахмад дипломатуудаараа дамжуулан залуучуудыг сургах нь чухал байгаа юм. Яагаад гэвэл үе үеийн дипломатуудыг бэлддэг байсан тогтолцоо өөрчлөгдчихсөн. Зүй тогтлоороо буюу улс орны хөгжлийг дагаад өөрчлөгдсөн хэрэг. Гэтэл үүнийг орлох буюу боловсон хүчнээ хэрхэн бэлтгэх вэ гэдэг механизмыг бүрэн бүрдүүлээгүй байгаа. Тиймээс ахмадуудаар дамжуулан дахин сургалтыг явуулдаг тогтолцоог бий болгохоор бодож төлөвлөсөн ажил их бий.

-Гадаад харилцааны салбарт ойрын өдрүүдийн хамгийн чухал сэдэв нь ШХАБ болж хувираад байна. Албаны түвшинд энэ талаарх яриа болоогүй гэж байгаа ч төрийн өндөрлөгүүд хүртэл яриад эхэллээ. ШХАБ-д элсэх эсэх яриа яагаад ингэтлээ газар авчихав?

-Гадаадад явж байгаад ирэхэд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр ШХАБ-тай холбоотой мэдээлэл гарсан байсан. Гадаад харилцааны яамны зүгээс бүх их, дээд сургууль болон судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн судалгааны багийг нэлээд хэдэн оронд явуулж судлуулахаар болсон. Үүний хүрээнд хоёр хөрш болон Энэтхэгийн Гадаад харилцааны сайдтай ярилцсан. ШХАБ-тай холбоотой судалгааны ажлыг эхлүүлсэн. Түүнээс Монгол Улсыг энэ байгууллагад элс гэдэг ямар ч дарамт шахалт ирээгүй. Энэ талаарх яриа яагаад ингэтлээ идэвхжээд байгааг хэлж мэдэхгүй байна. Албаны түвшинд судалгаанаас өөр алхам хийгээгүй. Олон талын бүрэлдэхүүнтэй судалгааны дүн гараагүй байхад бид ямар ч алхам хийхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Судалгааны ажил хэзээнээс эхэлсэн юм бэ. ШХАБ-тай холбоотой яриа гарахаас өмнө үү эсвэл түүнээс эрт эхлүүлсэн ажил юм уу?

-Эрт эхлүүлсэн ажил шүү. Ер нь бид энэ тухайд сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргана гэж байхгүй. Монгол Улс ШХАБ-д элсэх нь ашигтай юу үгүй юү гэдэг судалгааны дүнг харж байж эцсийн шийдвэрээ гаргана шүү дээ. Дараа нь УИХ-аар хэлэлцэх учиртай. Өөрөөр хэлбэл, ШХАБ-д элсэх эсэхийг маш нарийн дэг жаягтайгаар хэлэлцдэг. Маш олон шат дамжпагаар явж байж шийдвэр гарна.

-ШХАБ яг ямар байгууллага вэ. Гадаад харилцааны сайдын хувьд та энэ эвслийн статусыг хэрхэн тодорхойлох вэ?

-ШХАБ бол олон улсын л байгууллага. Манай яамны зүгээс ШХАБ-ыг цэргийн байгууллага биш гэж үзэж байгаа. Хамгийн бодит жишээ нь өнөөдөр харагдаж байгаа. Пакистан, Энэтхэг хоёр энэ эвсэлд элссэнээр нөхцөл байдал өөрчлөгдчихлөө шүү дээ. Энэ хоёрын хувьд нэг цэргийн эвсэлд хэзээ ч орохгүй улс. Тийм ч учраас Энэтхэг, Пакистаны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлчихэж байна шүү дээ. ШХАБ хэрвээ цэргийн эвсэл байсан бол энэ хоёр улс хэзээ ч элсэхгүй.

-ШХАБ-д элсэх улс эхний ээлжид Ерөнхийлөгчийн засаглалтай байх шаардлага тавьдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай болохын өмнөтгөл болгож ШХАБ-тай холбоотой яриаг идэвхжүүлээд байгаа юм биш үү гэх хардлага ч байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Миний хувьд Монгол Улс парламентын засаглалтай байх ёстой гэж үздэг.

Төдийгөөс өдий хүртэлх Монгол Улсын хамгийн чухал ололтын нэгийг парламентын засаглал гэж боддог.

ШХАБ-ын хувьд парламентын засаглалтай дэлхийн хамгийн том орон Энэтхэг нэгдсэн. Мөн Пакистан байна, хамгийн сүүлд Киргизстан Ерөнхийлөгчийн засаглалтай байж байгаад парламентынх болчихлоо. Тэгэхээр энэ үүднээс нь авч үзвэл засаглалын хэлбэрээ өөрчлөхтэй холбоогүй гэж ойлгож болно.

-Монгол Улс төвийг сахих тухай ҮАБЗ-ийн зөвлөмжийг хүчингүй болгосон гэх яриа гараад байна. Танд энэ тухайд ямар мэдээлэл байна вэ?

-Төвийг сахих тухай асуудлыг хууль болгохоор ярилцаж байсан. Тухайн үед гадаад бодлогын салбарын ихэнх мэргэжилтэн “Монгол Улс энэ статусыг хуульчилж болохгүй” гэж байлаа. Тэртэй тэргүй Монгол Улс үйлдлээрээ төвийг сахисан л бодлоготой шүү дээ. Гэхдээ бид уян хатан байх ёстой. Энэ нь бүр өмнөх Засгийн газрын үеийн бодлого юм шүү. Ийм яриа гарсан ч УИХ-аар хэзээ ч хэлэлцээгүй, замын дундаас буцсан гэсэн үг. Тийм учраас ҮАБЗ дээр тийм шийдвэр гаргасан болов уу. Энэ зөвлөмжийг хүчингүй болгосон эсэхийг Аюулгүйн зөвлөлөөс асуух хэрэгтэй. Монгол Улс бол төвийг сахисан хуульчилсан бодлоготой улс биш гэдгийг л хэлье.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсныг ажлын хэсгийн зүгээс мэдэгдэж буй. Таны хувьд энэ хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж хардаг вэ? 

-Би хувьдаа Монгол Улсад парламентын засаглал зохино гэж үздэг. Гэхдээ өнөө цагт тохируулж зарим өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Үндсэн хуулийг баталж байхад өнөө цагийг урьдчилж харах боломжгүй ч байсан байх. Жишээлбэл, парламентын засаглал бол хүчтэй Ерөнхий сайдын засаглал юм шүү дээ. Гэтэл манай улсад хүчтэй Ерөнхий сайд байхгүй. Тэгэхээр парламентын засаглалтай оронд Ерөнхий сайд нь ямар эрх мэдэлтэй байна, тэр хэмжээнд нь хүргэх хэрэгтэй. Ингэж байж энэ систем удирдлагатай бөгөөд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Яагаад гэвэл кабинетаа өөрөө бүрдүүлж чадаагүй Ерөнхий сайд цааш нь удирдана, эв нэгдлийг хангана гэдэг хэцүү. Энэ мэтээс авахуулаад иргэдийн маш их ярьдагчлан парламентын гишүүдийг эгүүлэн татах тухай асуудал байна. Хариуцлагагүй байвал ийм ч байх ёстой. Тэгвэл энэ боломжийг хэрхэн бүрдүүлдэг вэ гэвэл, парламентын засаглалтай оронд нэг гишүүн асуудал үүсгэвэл ард түмнээр дүнгээ тавиулъя гээд сонгууль зарлачихдаг. Энэ мэтээр парламенын тогтолцоогоо сонгодог утгаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэхүйц өөрчлөлтийг Үндсэн хуульд хийхгүй бол нэр төдий болчихоод байна. Өөрөөр хэлбэл, манай улс парламентын ч биш, Ерөнхийлөгчийн ч биш холимог, үл ойлгогдох засаглалтай яваад байна шүү дээ. Үүнээс болоод улстөржилт хэрээс хэтэрч, олон асуудал үүсээд байгаа учраас энэ төрлийн өөрчлөлтийг хийх ёстой гэж үздэг.

-Хаврын чуулганаар хэлэлцэж амжих эсэхэд та хэр итгэл үнэмшилтэй байна вэ. Намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй олон асуудал үлдсэн учраас асууж байгаа юм?

-Улстөрчдийн санал бодлын зөрүүг арилгаж байж нөхцөл бүрдүүлнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй. Тэгэхээр зарим өөрчлөлтийг ярьж хэлэлцэж байж хийх учиртай. Хэчнээн хэлэлцэж ярилцаад болохгүй бол явахгүй л гэсэн үг. Парламентын тогтолцооны нэг давуу тал нь асуудал оруулж ирлээ, олонхоороо шийдэх гэж оролддог. Санал нийлэхгүй бол тухайн өөрчлөлтийг хийх цаг нь болоогүй байна л гэсэн үг. Гагцхүү тухайн өөрчлөлт шинэчлэлийг оруулж ирсэн хүмүүсийг цоллож яллаад байх хэрэггүй. Парламентын тогтолцоо руугаа бүрэн шилжих шаардлага байгааг бид бүгд хүлээн зөвшөөрчихөөд байна шүү дээ. Нөгөө талдаа үүнтэй санал нэгдэхгүй хүн байж ч болох. Тиймээс ярилцаж хэлэлцэж байж л нэг талдаа гарах учиртай юм.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Б.Гансүх: Би ямар ч гэсэн амьд мэнд байгаа шүү

2012 онд “Vine” аппликейшн гарч,богино хэмжээний хөгжилтэй бичлэг хүмүүсийн дунд дэлгэрч байсан. Яг л одоогийн “ТikTok” шиг. “Vine” хөгжиж байх үед богино хэмжээний бичлэгээрээ олны танил болсон Б.Гансүхтэй ярилцлаа.

10 өдрийн өмнө
SYNDICATE TALK: Хариуцлагатай аялцгаая!

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлберг, БНСУ-ын Элчин сайдын яамны Ерөнхий консул Кил Кан Мүг, фэйсбүүк дэх “Дэлхийгээр аялагчид” группыг үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар энэ удаагийн дугаарын зочноор оролцлоо.

11 өдрийн өмнө
Х.Юүлэхорол: Яг одоо бүжигт ид шунан дурлаж байна

ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, ахлагч Х.ЮҮЛЭХОРОЛтой ярилцлаа

14 өдрийн өмнө