Л.Халтар: Үлгэр жишээч, зарчимч байх нь цэргийн даргын жанжин шугам

1.6 зуу
2 сарын өмнө

856394ef-df7e-41ea-a607-9ce70e73324c,Л.Халтар цэргийн дарга ярилцлага 1.jpg.jpg

Цэргийн баярын өмнөхөн бид нэгэн эрхмийг зорин очсон юм. Бидний үеийнхэн сургийг нь сонсож, алдрыг нь дуулсан төдий байж мэдэх ч өмнөх үеийнхэн маань дарга, цэрэггүй энэ хүнийг “Хурандаа Халтар” гэж хүндэтгэн, арай дотно зарим нь “Халтар хурандаа” гэж өөриймсдөг юм билээ. Ярилцлага хийхийн өмнө тухайн хүнийхээ талаар мэдээлэл цуглуулж, асуултаа бэлтгэх нь сэтгүүлчийн үндсэн үүрэг. Энэ ч үүднээс хэд хэдэн хүнээс түүний талаар тандан асуухад “Сайн дарга”, “Мундаг хүн дээ”, “Цэргийн жинхэнэ дарга гэж Халтар хурандааг л хэлэх байх”, “Ширүүн үедээ ч бас л ...”, “Их л зарчимч хүн” гэсэн ерөнхий тодорхойлолтуудыг л олж сонсов. Аар саархан асуулт тавьж, элдвийг шалгаахдаа бус ахмад буурлуудынхаа ажил, амьдралын туршлага, туулсан зам, үлдээсэн мөр, хэлэх үг, сургаалыг нь сонсож түгээх нь бидний эрхэм зорилго юм.

Таны бага насны тухай ярилцлагаа эхлэх үү?

-Миний аав уг нь лам хүн байсан юм. Гэхдээ би тэр үеийг нь сайн мэдэхгүй. Хожим артель буюу гар үйлдвэр гэж байгуулагдахад хар болж тэнд ажиллах болсон. Миний бага нас тэр артельд л аавыгаа дагаж өнгөрсөн дөө. 

Аавыг тань цэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой байж магад гэж таамаглаад?

-Үгүй ээ. Харин өвөө маань тэмцэгч хүн байсан гэдэг. Тухайн үедээ хунхууз гэгдэх дээрэмчидтэй үзэлцдэг байсан гэж нутгийн зон олон нь ярьдаг. Гомбо заан гэж олонд хүндлэгдсэн хүн байсан юм билээ. Тийм учраас би ургийн овгоо “Зааныхан” гэж авсан.

Та яаж яваад цэргийн мэргэжил сонгочихсон юм бэ?

-Би Дорнод аймагт 10 дугаар ангиа төгсөөд цэргийн сургуулийн хуваарь авсан. 1966 он шүү дээ. Тухайн үедээ дүрэмт хувцас, жагсаал зэрэг нь их таалагдсан юм шиг байгаа юм. Эрэгтэй хүүхдүүдийн нийтлэг сонирхол л тэр байсан биз. Тухайн үеийн Цэргийн Ерөнхий сургууль нь үндсэн 5 ангитай, 3 жил суралцаж төгсдөг байлаа.

Цэргийн сургууль төсөөлснөөс чинь хэр зөрөв...

-Цэрэг, армийн талаар бүдэг бадаг төсөөлөл, ойлголттой. Ямартаа л хамт ирсэн нэг нөхөр маань “Энд чинь морин цэргийн анги байхгүй юм байна. Хоёулаа энэ сургуулиас гаръя” гэж байх вэ дээ. Ямар юмных нь морин цэргийн анги байх билээ. Тийм л өнгөц ойлголттой байсан хэрэг. Ирээд шууд 45 хоногийн карантинд гарсан. Тэр үед артиллери гэдэгт чинь тоо боддог юм гэсэн яриа сонсоод тоондоо ч гайгүй байсных артиллерийн анги сонгочихсон, манай анги 19 хүүхэдтэй байлаа. Багш нар нь голдуу хойд хөршид цэргийн сургууль төгссөн. Хичээл сургууль их чамбай сайн явагддаг байлаа. Ялангуяа анги, салбарт дадлага хийхдээ их зүйл сурна шүү дээ. Төгсөөд 019 дүгээр ангид томилогдсон. Тэр үеийн цэргүүд бие бялдар сайтай, голдуу 27, 28 настай. Өөрөөсөө олон насаар ах цэргүүдтэй ажиллаж байлаа. Гэхдээ ах гээд элдэв ааш авир гаргахгүй, их ёс зүйтэй байж дээ гэж одоо бодогддог юм. 

56aa31e6-4412-47f7-bf4a-df95d6d50494,Л.Халтар цэргийн дарга ярилцлага 2.jpg.jpg

Яагаад тийм “хөгшин” цэргүүд байсан юм бол?

-Тэр үед 20 наснаас эхэлж цэргийн албанд татдаг. Цэргийн алба 3 жилийн хугацаатай байсан юм. Жинхэнэ эрчүүд болно шүү дээ. 

Төгсөөд шууд л цэрэгтэй “зууралдаж” дээ...

-Салаа, салбар, батарейны захирагчаар зургаан жил ажилласан. Хамгийн сайхан үе. Цэрэгтэй хэрхэн ажиллах, үүрэг тавихаас эхлээд л олон зүйлд суралцсан он жилүүд. 

Социализмын үеэс зах зээлийн нийгэмд шилжих тэр үед ид ажиллаж байжээ. Ялгааг нь та маш сайн мэдэрсэн байх?

-Тэгэлгүй яах вэ. Анги, салбар татан буугдаад, олон ч сайхан залуус тэр шуурганд өртсөн. Цэргүүдийг өлсгөхгүй юм сан л гэж зовдог байлаа.

Та яагаад зах зээл хөөгөөгүй үлдчихсэн юм бэ?

-Зах зээл, наймаа панз гэдгийг мэдэхгүй юм чинь. Одоо ч гэсэн ялгаагүй, мэдэхгүй чигээрээ л дуусаж байгаа хүн. 

Аав маань цэргийн хүн байсан. Тэр үеийн цэргийн дарга нар гэхээр л нойр хоолгүй, гэртээ ч үзэгдэхгүй шахуу л ажилладаг хүмүүс байсан санагддаг юм. Одоо ч бас ялгаагүй л дээ...

-Цаг үе, ажил хөдөлмөрийнх нь онцлог, шаардлага юм даа. Ялангуяа хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж байгаа хүнд гэртээ очоод тайван амарна, ажлын цаг, энэ тэр гэсэн асуудал байхгүй шүү дээ. Үргэлж тэдэнтэйгээ бужигнаж, ямар нэгэн асуудал үүсгэхгүй байхад л анхаарна. Ид насны залуус чинь амаргүй. Манай батарей гэхэд таван офицертой. Бид ангийн жижүүр, эргүүлээс гадна ээлжлэн салбарын эргүүл хийнэ. Унтаж, амарч байна уу, элдэв харилцааны зөрчил гаргах вий гээд л. Хал цэргүүд чинь цэргийн байрандаа нууцаар хоол хүртэл хийж идэх жишээтэй. Тэр мэт зөрчлөөс сэргийлэх, илрүүлэх гэж нойр, хоолоо хасах бол энүүхэнд. Ер нь баяр ёслолоор гэртээ өнжинө, амарна гэж байхгүй дээ. 

Цэргүүдийн дунд дэглэлт хэр их байсан бэ?

-Ер нь гайгүй шүү. Яагаад гэвэл байнгын шалгалт, үзлэг явуулдаг байсан. Цэрэгтэйгээ их ажилладаг байсны үр дүн. Захирагч, удирдлага гэхээсээ цэрэгтэйгээ яг тулж ажилладаг дарга буюу салаа, тасгийн захирагч нар л сайн ажиллах ёстой. Биднийг цэрэгтэйгээ хамт хооллосонгүй, дунд нь орж ажилласангүй гэж их зэмлэдэг байлаа. Маш зөв зүйл. Цэргүүдтэйгээ хооллоно гэдэг чинь хоолных нь амт чанарыг мэдэхээс эхлээд хоол хэрхэн хуваарилж байгааг нь хүртэл ажиглаж мэдэхэд тустай. Энэ мэтчилэн дунд нь хутгалдах нь ажил, амьдралд асар их туршлага болж, хаана ч, ямар ч сургуульд заадаггүй хүн танихын ухаанд сургадаг юм.

f5afb211-99aa-4504-9832-5dbbddb5a03c,Л.Халтар цэргийн дарга ярилцлага 4.jpg.jpg

Хүнтэй ажиллана гэдэг тэр тусмаа хүүхдээрээ шахуу тэрсхэн хөвгүүдийн учир зүйг олно гэдэг амаргүй. Цэргийн даргаас их мэдрэмж, чадвар, туршлага шаардах нь ойлгомжтой...

-Арван хүний дунд нэг болдоггүй нөхөр байж л таарна. Хамгийн гол нь хариуцсан салааны дарга л сайн ажиллах ёстой. Одоо ч бараг ангийнхаа захирагчтай адилхан шахуу болчихсон санагддаг л юм. Үүрэг тавьсан болчхоод бусад үед цэргүүдээсээ хөндий л байх шиг. Гэхдээ бүгдийг хамруулж хэлээгүй шүү. Цэргээ гэсэн сайн дарга нар олон байгаа нь мэдээж. Цэрэг нэг бүрийнхээ зан аашны онцлогийг мэддэг, судалдаг, мэдэрдэг байх, тохируулж харилцаж чаддаг байх нь юунаас ч илүү чухал гэдгийг л залуус маань ойлгож ухаарах хэрэгтэй. 

Таныг ажиллаж байх үеийн цэргүүд одоогийн цэргүүдийн ялгаа гэвэл?

-Цэргүүд гэлтгүй нийтээрээ их өөр болжээ. Хүн чанар цаг хугацаа явах тусам л муудаад байх шиг. Хүн чанар гэхтэй зэрэгцээд нэг явдал санаанд орчлоо. Нэг удаа батарейтайгаа хээрийн дадлагад гарсан юм. Цэргүүдийн халагдах тушаал гарчихсан байсан үе. Чиг шагайлтын буудлага хийчхээд машиныхаа хажууд малгайгаа нүүрэн дээрээ тавьчхаад амарч байлаа. Цэргүүд маань цувж хажууд ирээд “Даргад хэлээч, тасгийн дарга биз дээ, чи хэл” гэцгээгээд байх юм. Тэгэхээр нь би “Юу хэлэх гэсэн юм” гээд л асуулаа. Тэд маань “Шинэ, хуучин цэргүүдийн хоорондын зөрчил, тулгардаг асуудлуудын тухай хэлж, та энэ тал дээр анхаараарай” гэсэн. Үнэхээр ч тийм асуудал байсан. Үүнийг мэдэж авснаар их зүйлээс сэргийлж чадсан гэж боддог юм. Ингэснээр би аливаа хүнтэй илэн далангүй, үнэн сэтгэлээсээ харьцаж, тавих шаардлагаа тавьж, зарчимч байж чадвал хүний итгэлийг олж авч чаддаг гэдгийг л илэрхийлэх гэсэн юм. Цэргийнхээ төлөө, цэргээ өөрийнхөө төлөө байж, байлгаж чаддаг байх хэрэгтэй. Цэргүүдийнхээ дотор юу болж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй. Адаглаад л цэрэг оргохоос сэргийлж чадна шүү дээ. 

Оргох гэснээс цэргээ алдчих тохиолдол байсан л байх? 

-Өө, оргоно, оргоно. Оргосон цэргийнхээ хойноос гарах зардлыг нь өөрөө хариуцаад явна. Цалингаа хасуулна. Ялангуяа баярын өдрүүдээр сайн анхаарахгүй бол болохгүй. Тэр үед комендант гэж мундаг ажилладаг газар байлаа шүү дээ. Офицерууд зах дээр дүрэмт хувцастай явж болохгүй, баруун гар үргэлж чөлөөтэй, ёслоход бэлэн байх ёстой, уут савтай зүйл барихгүй гээд дүрэм журам ихтэй байлаа, бидний үед.

Ямар ч нийгэмд, аль ч цаг үед цэргийн даргын хувирахгүй баримтлах зан чанар юу вэ?

-Бүх талаараа үлгэр жишээч, шаардлага хатуу тавьдаг, зарчимч байх ёстой. Энэ бол цэргийн даргын жанжин шугам. Би л гэхэд анх томилогдож очоод Цэрэндорж гэдэг офицерын үүрэг тавихыг хараад биширч байж билээ. Товч тодорхой түгдрэхгүй, өөртөө итгэлтэй, мэдлэгтэй, их л сайхан санагдсан. Ёстой л өөрийн эрхгүй даган дуурайж үлгэр жишээ авмаар.

f220eeb9-a901-4292-b66a-42ae53fb8b8c,Л.Халтар цэргийн дарга ярилцлага 3.jpg.jpg

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тухай онцолж асуумаар байна?

-1993 онд тус ангийн захирагчаар томилогдсон юм. Тухайн үед жаахан замбараагүй болчихсон, архи уух явдал ихтэй байсан. Ажил хүлээлцэх гээд очиход л штаб дотор согтуу зодолдоцгоогоод л байж байсан. Архины асуудлаас эхлээд цэгцэлсэн дээ. Анхны захирагч нь болсноороо бахархаж явдаг. Тухайн үед тус анги БХИС-ийн харьяанд байсан юм. Нэлээд хөөцөлдсөний хүчинд бие даасан анги болсон. Тэгэхээс ч өөр арга байгаагүй. Хилийн цэрэг, цагдаагийнхан хүртэл ирж сургалт дадлагаа хийдэг болчихсон байсан юм.

Таныг цэцэг, зүлэгтээ их харам, гишгэж туучсан хүнийг үздэггүй байсан гээд л ярих юм билээ. Бүр одоогийн 330 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Баатарт буу тулгаж байсан гээд их л сүртэй зүйл сонссон?
-Өөрийн өрөөлийн гэлтгүй бүгд л зүлгэн дээгүүр туучаад зүлэг гэж хэлэх аргагүй болчихсон байсан. Тэгээд зүлгэн дээгүүр гишгэхийг хатуу хориглосон юм. Нэг тохиолдлоор Б.Баатар гишгэж таарсан юм шиг байгаа юм. Яг хэн гэдгийг нь санахгүй байна. Бүр буу тулгаад аваад явсан гэж дэгсдүүлж ярьцгаахгүй юу. Бас нэг хөгжилтэй юм ярья. Нэг лам цэрэг ирэв ээ. Оргоод болдоггүй, бүр аргаа бараад сахилгад хийсэн. Чамайг гаргахгүй, наанаа албаа хаагаарай гэчхээд яваад өгсөн. Өнөө хэддээ ажиглаж байгаарай гээд хэд хонолоо. Гэтэл надтай уулзъя гэж байна гэнэ. Уулзаад, яагаад оргоод байгааг нь асуутал “Лам багш маань намайг буун дуу сонсож болохгүй гэсэн. Гэхдээ би сайн ойлголоо. Одоо албаа сайн хаана, оргохгүй” гэж билээ. Үнэхээр ч албаа үлгэр жишээ хаасан. Энэ мэтчилэн хөгжилтэй гэмээр тохиолдлууд их гарна аа.

Таван толгой орчмын айлуудтай ч багагүй зөрчилддөг байсан гэсэн...

-Манай артиллерийнхан нэг удаа сургууль хийж байтал адуунд сум тусаад хоёр адуу үхчихсэн асуудал гарлаа. Хоёр хоногийн дараа эзэн нь гээд өвгөн ирлээ. “Таныг би олон хоногийн өмнөөс л нүү гэж хэлсэн. Та ч за, зүй болоод гарын үсэг зурсан. Таны өөрийн л буруу” гээд л хэлчихлээ. Тэрнээс хойш тэр хавийн айлууд хаширсан. Ямар сайндаа л “Халтар царайт кино, Халтар дарга хоёрыг яалтай вэ” гэсэн үг гарч байх вэ дээ. Газар булаалдаад нүүхгүй, тогтоол шийдвэр хамаагүй гээд л эсэргүүцээд худлаа үнэн мэдээлэл бичээд, тэр мөрөөр нь шалгалт хүртэл ирдэг байсан.

Аюулгүй байдлыг хэрхэн хангадаг байсан талаар л асуух гээд байгаа санаа минь л дээ. Цэргийн алба гэдэг хамгийн их эрсдэлтэй, хүний амь настай холбогдож байдаг онцлогтой?

-Хээрийн сургууль дадлагын үеэр сум, галт хэрэгсэл, түүнтэй харьцах үеийн анхаарал, сэрэмж, хариуцлага асар өндөр байх ёстой. Олон дахин сургалт явуулсан ч гэсэн тайвширч найдаж болохгүй. Буудлага хийх эсвэл гар бөмбөг шидэх тэр мөчид яг дэргэд нь харж байгаад л дадлага, сургуулийг нь хийлгэх ёстой. Мэднэ, заачихсан гэж тайвширч огт болохгүй. Аюулгүй байдал гэдэг бол цаасан дээр гарын үсэг зурснаар хангагддаг зүйл огт биш. Хүн бүр адилгүй, ойлгоогүй мөртлөө сандарч, нэрэлхээд ойлгосон гээд хэлчих хүн байна, янз бүр шүү дээ. Тийм учраас яг дэргэд нь л зааварлах хэрэгтэй 

Дорлигжав сайд танай ангид оччихоод бараг тэр дороо буцсан гэсэн яриа байдаг юм билээ. Тэр үед яг юу болсон юм бэ?

-Тэр ч нэг тийм юм болох нь болсон шүү. Ирэхэд нь штабын үүдэнд би илтгэл өгсөн. Гэтэл шууд ангийн клуб руу яваад орчихсон. Клубын ханан дахь “Танай орны ганц зөв зам бол... гээд Лениний хэлсэн үгнээс эхлээд уриа лоозонгийн үгнүүдийг захаас нь эхэлж уншчихаад танай ажил муу байна гэчихээд яваад өгдөг юм байна. Би юу ч дуугараагүй. Тэр муу хэдэн үг бүр нүдэнд дасал болчихсон, арилгахаа ч мэдэхгүй, мартчихсан байгаа юм чинь. Ажлаасаа мултарлаа л гэж бодсон. Гэхдээ ангийн үйл ажиллагааны хувьд сайн байсан л даа. Хөгжилтэй гэхээр юм уу ийм нэг явдал болсон.

 

Таныг их ширүүн байсан л гэлцээд байх юм билээ. Би ч багагүй асууж сурагласан л даа ...

-Ширүүн ч гэхэд хаашаа юм. Зарчимч байхыг л хичээдэг. Үнэн ч шударга, зарчимч хүнд хүмүүс дуртай байдаг юм шүү. Шагнал, урамшуулал, шийтгэлийг олны нүдэнд дээр ил тод, үнэн зөв оногдуулах нь бас чухал зүйлийн нэг. Төр түмэн нүдтэй.

Та ер нь “шанаа өгч” байсан уу?

-Оргоод ирсэн, сахилгын зөрчил гаргасан цэргүүдийг ганц хоёр цохих тохиолдол байлгүй яах вэ. Шанаа өгдөг даргадаа сайн байсан юм шүү цэргүүд. Сахилгын шийтгэл, шорон орон гэлгүй ахын, аавын, даргын ёсоор ганц цохих чинь сайн ухаарал өгдөг эерэг талтай.

Цэргүүдтэйгээ энд тэнд таарах сайхан биз?

-Сайхнаар барах уу. Хэдэн жилийн өмнө манайхан хуримд явах гээд Толгойтын гаалийн агуулахын орчим цугларсан юм. Машинаа тавих гэсэн манаач нь тавиулдаггүй, би ч учраа хэллээ.Тэгтэл мань хүн “Таныг нэг л харсан хүн байх чинь. Та цэргийн хүн үү” гэж байна. “Тийм би 119 дүгээр ангид байсан” гэтэл “Өө би таныг сургуулийн дивизионы дарга байхад чинь цэрэг байсан. Та намайг нэг удаа айхтар хэлмэгдүүлж сахилгад хийж байсан шүү” гэдэг юм байна. Яасан гэсэн чинь мань хүнийг хуучин цэргүүдтэй хамт хэрэг тарьсан гээд хэлмэгдүүлээд сахилгад хийчихсэн юм байна л даа. Манайхан бүгд инээлдээд цэргийнхэн ийм л сайхан гэсэн сэн.

Таны намтрыг уншиж суухад цэргийн ангиас салаагүй шахуу юм билээ. Сүүлд л харин БХЯ-нд томилогдсон байсан...

-Над шиг хүнд ч цэргүүдтэйгээ хамт байх нь тохиромжтой юм шиг байна лээ. Яаманд ирчхээд хэсэгтээ л дасаж өгөхгүй. Дөрвөн хананы дунд хийх юм ч олдохгүй байх шиг санагдаад. Хөгтэй ч юм шиг. Гэхдээ баримт бичиг боловсруулахаас эхлээд их зүйлд суралцсан. 


Ийнхүү бидний яриа эгэл жирийн олон сэдвийг хөндөж хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Одоогийн хүүхдүүд сурч боловсрох талаар түлхүү анхаардаг болж. Сайн л хэрэг. Бидний үед ийм зав, боломж гардаггүй байлаа. Академид явахад минь харин курсийн дарга Хүрэлжанцан маань их тус болсон. Орос хэлний мэдлэг маруухан хүн очоод өдөр шөнөгүй сууж байж зүгширсэн дээ. Одоо ч цаг үе их өөр болж, саяхан анги дээрээ очоод артиллерийн холболтыг компьютероор хэдхэн минутын дотор л хийж байгааг харлаа. Давуу талтай л юм, гэхдээ яг хэрэгтэй үед тэр компьютер нь ажиллахгүй бол бас хэцүү еэ. Бидний үед хэдэн цагаар ч хамаагүй, өдөр шөнө гэж ялгалгүй холбодог байлаа. Энэ мэтчилэн авах гээхийн ухаанаар хандах зүйл ажиглагдах л юм. Бас Зэвсэгт хүчин маань бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, ямар гэнэ вэ системд шилжсэнийг сайн ойлгохгүй л сууна. Сайн бодох л асуудал даа гэх зэргээр бидний хооронд бишгүй яриа өрнөж буурал хурандаа маань санал бодлоо хуваалцан үг, сургаалаа хайрласан юм. Бүгдийг нь багтааж бичихэд сонины нэг дугаар үл хүрнэ. Хассан асуулт, хариултдаа харамсах үе ч олон байлаа.

Түүний хань М.Үржинханд хошууч цолтой, цэргийн эмч. Нэг нутаг усны хоёр бие биеэ олж ханилаад 3 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Том охин Х.Эрдэнэтуяа нь Англи улсад амьдарч байгаа аж. Харин хүү Х.Эрдэнэбаяр нь хошууч цолтой Зэвсэгт хүчинд алба хааж байгаад амьдралын зайлшгүй шаардлагаар албаа орхижээ. Хүүгийнхээ албаа орхих шийдвэрийг тун дургүй хүлээж авснаа Халтар хурандаа нуугаагүй. Харин отгон охин нь түүний ажил үйлсийг залгамжилж хүсэл мөрөөдлийг нь гүйцээж яваа. Уншигчид сайн таних биз ээ. Монгол улсын Зэвсэгт хүчний тав дахь эмэгтэй хурандаа Х.Эрдэнэчимэг. Тэрээр Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчийн орлогч, ар талын дарга. Аав нь охиноороо тун их бахархдаг нь илт. “Хурандаа цол хүртсэнээ илтгэхэд нь магнай тэнийтэл баярласан. Миний охин багын сурлага сайтай, сэргэлэн хүүхэд байсан” гэж охиноо магтан Цэргийн сургуульд орох сонголтод нь нөлөөлсөндөө харамсан агсамж хэрэгслээ үүрээд эрчүүдтэй мөр зэрэгцэн яваа охиноо хараад гол нь харлаж, боль гээд хэлчихмээр үе олон байснаа дурссан. “Ажил төрөлд нь зөвлөх үе бий юу” гэж асуухад “Оролцоод байдаггүй ээ, ар тал, артиллери гэдэг чинь хоёр өөр зүйл. Миний үеийнхээс та нарынх өөр. Бодсон санаснаараа л яваг. Охиндоо итгэдэг” гэж товч бөгөөд тодорхой хариулсан юм. Цэргийн хүний ар гэрийн жаргал, зовлон ямар байдгийг цэргийн сонины уншигчид илүүтэй сайн мэднэ. Том охиных нь “Аав, ээжийнхээ ёслолын формыг бэлдэх, гутлыг нь гялалзтал тослох, энгэрийн тэмдэг, одон, медалийг нь өнгөлөх, дамран малгайг нь гялалзуулах гэж баахан ажил болно. Аав маань цэнхэр судалтай амны алчуураа байнга эвхээстэй авч явна. Бас орос үнэртэй ус цацаад цэгцтэй нь аргагүй хувцаслаад цэргийн баярын парадандаа явна. Явахаасаа өмнө бяцхан үүрэг өгнө өө. Бид ч очиж үзэх гэж байдгаараа гоёно. Олон зуун цэрэг, офицеруудаас аав, ээжээ олж хараад ямар их бахархдаг байсан гээч. Цэргийн хувцас зөвхөн миний аав, ээж хоёрт илүү зохисон мэт харагдана шүү дээ” гэж бичсэн дурсамжаас хурандаа Халтарынх гэдэг айлын өнгө төрх илүү дутуугүй харагдаж байгаатай уншигч та ч бас санал нийлэх байх. Төгсөлтийн бүх шалгалтыг “Онц” дүнтэй өгч Батлан хамгаалах яамны сайд Ж.Лхагвасүрэнгээс дэслэгч цолтой алтан шаргал мөрдэсийг гардаж авснаас хойш артиллерийн анги, салбарт 26, ерөнхий цэргийн ангид 7 жил үр бүтээлтэй ажилласан эгэл хэрнээ эгэл бус цэргийн даргын яриаг уншигч танд хүргэлээ. Ухаарал, үг сургамжийг нь хичээн тусгана гэдэгт найднам. Бид нөөлөг нөмрөөрөө халхлах, халамж хайраараа зөвд зүглүүлэх, түшиж тулж, зааж сургах ахмад буурлуудынхаа үг, сургаалыг үргэлж сонсох учиртай.

Намтрын товчоон: 

Зааныхан овогт Ламчигийн Халтар нь Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг “Шар бүрд” гэдэг газар 1948 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн.
БХЯ-ны сайдын 1991 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн н/444 дүгээр тушаалаар Л.Халтарт “Хурандаа” цол олгосон.
Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил:

  • 1956-1960 онд Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга сумын бага сургууль;
  • 1960-1962 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийн 6 дугаар анги; 
  • 1963-1966 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль;
  • 1966-1969 онд Улаанбаатар хотод Цэргийн ерөнхий дээд сургуулийн артиллерийн ангийг Артиллерийн командын мэргэжлээр; 
  • 1980-1983 онд ЗХУ-ын Ленинград хотын М.И.Калинины нэрэмжит Артиллерийн академи.

Ажлын туршлага:

  • Монголын Ардын Армийн 019 дүгээр ангийн салаа, батарейны захирагч; 
  • Ардын Армийн 152 дугаар ангийн миномётын батарейны захирагч; 
  • Ардын Армийн 120 дугаар ангийн тагнуулын дивизионы штабын дарга;
  • Ардын Армийн 019 дүгээр ангийн сургуулийн дивизионы захирагч;
  • Ардын Армийн 256 дугаар ангийн артиллерийн штабын дарга;
  • Ардын Армийн 262 дугаар ангийн захирагч; 
  • Ардын цэргийн 256 дугаар ангийн артиллерийн ахлах офицер; 
  • Ардын цэргийн 311 дүгээр ангийн захирагч; 
  • БХЯ-ны Стратеги, удирдлага, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн.

Санал болгох

С.Батбаатар: Хятадууд Халх гол орчмоос хадлан нэрээр эмийн ургамал түүж, хилээр гаргаж байна

Улс төрийн намуудыг татан буулгах тэргүүтэй хуулийн төслүүдийн талаар Иргэний зориг ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатартай ярилцлаа.

6 өдрийн өмнө
10 мянган хүн нэгдэж Туул голын эргийг цэвэрлэнэ

Тавдугаар сарын 18-ны өдөр Туул голын цэвэрлэгээг зохион байгуулна

20 өдрийн өмнө
Ц.Элбэгдорж: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол яагаад ч юм төрөөд байсан

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар ярилцлаа.

1 сарын өмнө
Д.Энхтүвшин: Надад улс төрд орох боломж байсан. Гэхдээ би бизнесийг сонгосон

Бизнес өрөг нэвтрүүлэг шинэ цувралынхаа эхний зочноор MCS группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшинг онцолж ярилцлаа.

1 сарын өмнө