"Төмөр хатагтай” Ш.Солонго: Хамгийн шилдэг хувийн фитнессийн багш байхыг хичээдэг

13
8 сарын өмнө

d2febf32-623a-4522-a948-1aa096999d14,төмөр-хатагтай-солонго-1.jpg.jpg

Өөрийн гэсэн өнгө төрх, амьдралын хэв маягаараа олны анхаарлыг татаж байгаа Азийн аварга фитнесс бикини модел, фитнессийн хувийн багш, дасгалжуулагч Ш.Солонготой ярилцлаа.

“Төмөр хатагтай” гэх нэрний талаар яриагаа эхлүүлье? 

Хүмүүс намайг Төмөр хатагтай Солонго нэрээрээ алдаршсан сошиал од гэж бичээд байгаа юм. Би бол Азийн фитнесс бикини модель, фитнессийн хувийн багш, дасгалжуулагч, мэргэжлийн тамирчин хүн. Бас Монголын хамгийн анхны хүндэт донор тамирчин.

Анх фитнессээр хичээллэж байх үед ихэнх хүмүүс фитнессийн тухай ойлголт багатай байсан. Төмөр өргөөд байж байгаагаар л төсөөлдөг, биеийн хүчний ажилд сайн, булчин шөрмөс болсон, эрэгтэйлэг ч гэх юм уу тийм охид явдаг гэсэн ойлголттой байсан л даа. Тэгээд л найзууд маань “Ийм турьхан хэрнээ яах гэж төмөр өргөөд байдаг юм” гэнэ. Утсаар ярихдаа хүртэл “За төмрөө өргөөд л байна уу, төмөр хатагтай минь” гээд л. Яваандаа төмөр хатагтай гэдэг нэрэндээ дасаад өөрөө ч дуртай болсон.

Хэн юу гэхээс айлгүй сошиал хаягаа чөлөөтэй ашигладаг юм шиг санагдсан. Зарим нь таны постуудыг хэт задгай гэж шүүмжлэх нь ч бий. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

Би дарга ч бай цэрэг ч бай айлгүй хэлэх гэсэн үгээ хэлдэг. Хүмүүс намайг өөрийнхөөрөө байдаг болохоор энэ ёстой галзуу гэх нь ч байдаг. Гэхдээ би чинь бикини буюу дотуур хувцасны модель учраас миний ажлын шаардлагыг ойлгох хэрэгтэй.

Фитнессийн хувийн дасгалжуулагч учраас олон эмэгтэйчүүдтэй ажилладаг байх. Олон эмэгтэйчүүдтэй харилцахад ямар бэрхшээл гардаг вэ?

Тийм хэцүү юм бол байдаггүй. Зарим эмэгтэйчүүд үнэгүй зөвлөгөө авах зорилготой надад ийм тийм асуудал байна туслаач  гээд урт чат бичих нь олон. Харин би өөрийнхөө хөлс, хүчээрээ олж авсан туршлагаа бүх хүнд зүгээр л цацаад байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс чат бичиж байгаа хүмүүс рүү шууд үйлчилгээний төрөл, хөлсөө явуулдаг. Хааяа үнэхээр туслах хэрэгтэй хүндээ тусалдаг ч гэсэн бүх захиаг уншаад сууж байх зав байдаггүй юм.

2ea759ce-7393-4d8c-b8c2-37f2251d642a,төмөр-хатагтай-солонго-3.jpg.jpgХүчирхэг эмэгтэйчүүдийн ард сайн хань, сайхан гэр бүл байдаг. Гэр бүлээ танилцуулаач?

Би ганц бие эмэгтэй. Ирээдүйд гэр бүлээ зохиож, үр хүүхэдтэй болох төлөвлөгөө байгаа. Өдийг хүртэл ганцаараа байгаа маань ажилтай маань холбоотой байж болох юм. Учир нь фитнесс бикини модель төрөл маань олимпод бүртгэгдсэн учраас маш том зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж амьдарч байгаа.

Эмэгтэйчүүдэд хэрхэн биеэ зөв авч явахаас авахуулаад хувь хүний боловсролын тухай зөвлөгөө өгдөг хүн учраас өөрөө үлгэр жишээ байх хэрэгтэй болно. Тэгээд л өөрийн хань болох хүндээ өндөр шалгуур тавьдаг. 

Тэгвэл эрчүүдэд ямар шалгуур тавьдаг вэ?

Монголд хүйсийн харьцаа тэнцвэргүй шүү дээ. Залуучууд эхнэртэй хэрнээ л нууц амрагтай байх жишээтэй. Тиймээс надад үнэнч шударга, итгэл даах хүн хэрэгтэй. Би  худлаа ярих дургүй, худлаа ярьдаг хүнд бүр ч дургүй. Дээрээс нь боловсролтой, өөртөө арчаатай, биеэ зөв авч явдаг, төлөвшсөн байх хэрэгтэй. Гэнэтийн бэлэг барьдаг, намайг гайхшруулдаг, төгс залууг л хайж байна. Бас өөрийгөө халамжтай, үнэнч , нөхрийнхөө юу хүсэж байгааг мэддэг сайн эзэгтэй болж чадна гэж боддог. Ер нь би эрчүүдийн юу хүсдэгийг мэднэ.

Эрчүүд юу хүсдэг гэж?

Эрчүүд төгс эмэгтэйг л хүснэ. Төгс эмэгтэй гэж хэзээ ч өөрийгөө зөнгөөр нь хаядаггүй, бүх талын мэдрэмжтэй, хүнлэг, өөртөө итгэлтэй, зоригтой алхам хийдэг, гаднаа төдийгүй дотор сэтгэл нь ч үзэсгэлэнтэй эмэгтэйг хэлнэ.  Даанч эрчүүд төгс эмэгтэйг алдахаас айгаад сонгодоггүй юм шиг санагддаг.

Танилцах санал их ирдэг байх?

Анх фитнесс бикини моделиор гарч ирж байхад чат, найзын хүсэлт тасралтгүй ирдэг байсан. Шөнө унтуулахгүй танилцъя, хоолонд ороё гээд бараг л 1000 шахуу чат ирнэ. Сайхан залуусаас ч танилцах санал ирнэ. Гэхдээ тэр болгонд нь хариу өгөөд, танилцаад, хоолонд урихаар за гээд гүйж очоод байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс үнэхээр надад тийм хайртай л юм бол олон залуучуудаас ялгараад гараад ирэх байх гэж боддог. Нээрээ саяхан гэхэд л нэг зурагнаас болоод 5000 гаран найзын хүсэлт ирсэн.

251d7cf0-1b14-44b2-a118-96789a44530f,төмөр-хатагтай-солонго-2.jpg.jpg

Саяхан Мартын 8 болоод өнгөрлөө. Олон сайхан бэлэг авсан байх. Ямар бэлгэнд дуртай вэ?

Машин, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, ноолууран эдлэл. Ер нь эмэгтэй хүнд бэлгэнд авахыг хүсдэг олон зүйл бий. Бас ном унших дуртай учраас УИХ гишүүн, дарга цэрэг хүмүүс ном бэлэг болгож явуулдаг.

Машин бэлгэнд авах дуртай гэж хэллээ. Машин бэлгэнд авч байсан тохиолдол байгаа байх нь. Нууц биш бол ямар маркын машин бэлгэнд авч байв?

Хоёр ч машин бэлгэнд авч байсан. Нуугаад байх зүйл биш шүү дээ. Гэхдээ хүний надад л гэж өгсөн бэлгийг зарлаад байх тохиромжгүй байх. Би бэлгийг надад үзүүлж байгаа хүндлэл гэж боддог юм.

Багш, гоо сайханч зэрэг мэргэжлээрээ ажиллаж байсан уу?

Миний үндсэн мэргэжил Орос, Англи хэлний багш. Мэргэжлээрээ “Сэн Лизэ” хятад сургуульд багшилдаг байсан. Тухайн үед надад цалин маань бага санагдсан учраас хувийн бизнес хийхээр шийдсэн. Тэгээд Орос гуравдугаар сургуулийн хажууд “Солонго” гэдэг өндөр өнжүүлэх төв ажилуулж эхэлсэн юм. Үйл ажиллагаа нь өргөжөөд таван ч салбартай болж байлаа. Хүүхдүүдтэй ажиллахад асуудал гардаггүй, хүүхдэд хайртай, хүүхдүүд ч надад хайртай байдаг. Гоо сайханчаар бол хүн хэлчих хэмжээний ажиллаж байгаагүй ээ. Сургалтанд сууж байхдаа ээж дээрээ л нүүр будалтын туршилт хийдэг байсан даа. Одоо сошиал хаяг дээрээ нүүр будалтын хичээл заадаг.

Цаашид ямар ажил төлөвлөж байна вэ?

Урин дулааны улирал ирж байна. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй зөв галбиртай биетэй байхыг хүсч байгаа. Тиймээс ирэх дөрөвдүгээр сараас эхлээд эрүүл зөв хооллолтын тухай сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Олон хүнд асуудлаа шийдэхэд нь тусалж байгаа туршлага дээрээ үндэслээд эрүүл зөв амьдралын тухай ном бичнэ гэж бодож байгаа.

Ярилцсанд баярлалаа

Баярлалаа.

Санал болгох

МУАЖ Г.Мягмарнаран: "Фауст" жүжгийг маш сонирхолтой, огт уйдаахгүй дэглэлт, тайзны шийдлээр үзэгчдэд хүргэнэ

Уншсан хүн тухайлан ойлгоход бэрх, уншдаг хүмүүс ухаж ойлгоход төвөгтэй дэлхийн сонгодгийн ноён оргил “Фауст” жүжгийг Иоханн Вольфганг Фон Гёте амьдралынхаа 60 жилийн турш бичсэн гэдэг.

20 өдрийн өмнө
Иргэний оролцоо

- Синдикат ярилцлага #43 -

1 сарын өмнө