Ж.Батсайхан: Судас нарийсгагчтай нүдний дусаалга удаан хэрэглэвэл нүдний хуурайшилтай болно

8.7 зуу
2
6 сарын өмнө

e747ad84-52c1-4d11-b4fa-90559fd45693,нүдний-дусаалга-контакт-линз-ж.батсайхан-нүдний-эмч.jpg.jpg

Дэлхий даяар 108 сая орчим хүн харааны асуудалтай. Гадаадын анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн гаргасан 145 судалгаан дээр үндэслээд 2050 он гэхэд дэлхийн нийт иргэдийн тал хувь нь нүдний шил зүүхээс өөр аргагүй болж, харалган хүмүүсийн тоо 71 дахин өснө гэсэн судалгаа байна. Мөн Монгол Улс даяарх агаарын бохирдол янз бүрийн нүдний эмгэг бий болоход нөлөөлж, контакт линзний зохисгүй хэрэглээ ихсэж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тиймээс Хос билгүүн нүдний эмнэлэгийн ерөнхий эмч Ж.Батсайхантай ярилцлаа.

-Манай улсын хэмжээнд ямар нүдний өвчин, эмгэг элбэг тохиолдож байна вэ?

Энгийнээр нүдний өвчлөлийг нүдний арын сегментийн өвчлөл, нүдний өмнөд сегментийн өвчлөл гэж хоёр хуваадаг. Улаанбаатар хотын орчны бохирдол, цаг уурын байдлаас үүдээд гадаад орчинтой шууд харилцдаг нүдний өмнөд сегмент өвчлөх нь элбэг байна. Өвдөг гарах, тосны булчирхайн бөглөрөл, хуурайших гэх мэт эмгэг их тохиолдох болсон.

-Нүдэн дээр нь өвдөг гарч үзээгүй хүн бол ховор байх. Зарим хүмүүсийн нүдэн дээр байнга шахуу өвдөг гарч байдаг нь ямар шалтгаантай вэ?

Өвдгийг хүмүүс мэс ажилбараар хагалаад, цэвэрлээд л болчихдог гэж ойлгоод байдаг. Бактериа үхүүлж антибиотикоор бүрэн эмчлэхгүй бол өвдөг дахиад л гарна. Цаашлаад нэг нүдэн дээр гарч байсан бол нөгөө нүдэнд халдана. Тэгэхээр өвдөг гарсан бол эмчийн заавраар зөв дусаалгаа тогтсон хугацаагаар хэрэглээд бүрэн эмчлэх шаардлагатай. Өөрөөр нь биш мэс ажилбараар хагалуулаад, бүрэн эмчлэхгүй яваад байх юм бол эцсийн дүндээ сормуусгүй болно.

-Нулимсны сүв рүү хатгаж нүдэн дээр гарсан өвдгөө эмчлэх нь зөв үү?

Нүдэн дээр өвдөг гарахад нулимсны сүв ямар ч хамаа байхгүй. Нүдэн дэх тосны булчирхай нулимсны сүвтэй холбогддоггүй. Эдгээр нь тусдаа анатомийн бүтэцтэй. Гэтэл монголчууд өвдөг гарахаар нохой муурын сахлаар, сойзны ширхгээр нулимсны сүв рүү хатгаад байдаг. Ингэснээр нулимсны сүвийг гаднын микро организмоор бохирдуулдаг.

 -Дэлгэц удаан ширтдэг, оффиссын ажилтай хүмүүс янз бүрийн нүдний дусаалгыг эмчийн зааваргүй удаан хугацаагаар хэрэглэх нь элбэг. Эдгээр дусаалгад сөрөг нөлөө байгаа юу?

Дусаалгууд сайн бүтээгдэхүүн байж болно. Гэхдээ ийм төрлийн бүтээгдэхүүнүүд дотроо судас агшаагч эмийг агуулдаг учраас эмэн төрлийн дусаалга болж байгаа юм. Судас агшаагчтай дусаалгыг манай улс шиг ийм хуурай сэрүүн цаг агаартай нөхцөлд удаан хугацаагаар хэрэглэх юм бол нүдний хуурайшил гэх нүдний гадаргын гэмтлийг бий болгодог. Эдгээр бүтээгдэхүүнүүд Япон, Солонгос гэх мэт чийглэг уур амьсгалтай улсын хүмүүст зориулагдсан байдаг. Тэртээ тэргүй цаг агаар нь чийглэг учраас нүд хуурайших эмгэг ховор тохиолддог улсын хүмүүст л энэ төрлийн дусаалгыг хэрэглэхэд сөрөг нөлөө гарахгүй гэсэн үг. Мөн судас нарийсгагчтай дусаалгад нүд дасал болох хандлагатай байдаг. Жишээ нь хамрын нафазолин гэдэг дусаалгыг эмч нар арав хоногоос илүү хугацаагаар бичиж өгдөггүй. Яагаад гэвэл тухайн дусаалгандаа дасал болоод нафазолин дусаахгүй л бол хамрын битүү арилдаггүй. Үүнтэй адилхан судас нарийсгагчтай нүдний дусаалга хэрэглээд байх юм бол дасал болоод сүүлдээ хэчнээн дусаасан ч нүдний улаан арилахгүй, нулимс гоождог болно. Тиймээс нүдний эмэн дусаалгыг 10 хоногоос дээш хугацаагаар хэрэглэх юм бол сөрөг нөлөөтэй.

-Нүдний хуурайшилтын тухай тайлбарлахгүй юу?

Нүдний хуурайшилт бол өвчин биш нүдийг хамгаалдаг системийн эвдрэл юм. Нүдийг гурван давхар нулимсан давхарга хамгаалж байдаг. Тэрхүү нүдний гурван давхар бүтэц эвдрэхийг нүдний хуурайшилтын синдром эмгэг гэдэг. Нүдний хуурайшилт бүрэн эдгэрдэггүй. Мөн хуурайшилт нь эмгэг учраас эм хэрэглэлгүй нүдний бүтцийг хиймэл нулимсаар нөхөн төлжүүлдэг. Хиймэл нулимсаа гурваас зургаан сар тууштай дусаагаарай гэж зөвлөж байна. Яагаад гэхээр хүмүүс хиймэл нулимс нэг сар хэрэглээд үр дүн гарахгүй болохоор орхичихдог. Эмэн биш зүйлээр эмгэгийг эмчилж байгаа учраас хүлээцтэй байж үр дүнд гарах ёстой. Гэтэл манайхан хурдан үр дүн гардаг учраас нүдний дусаалга дусаагаад байдаг юм л даа. Удаан хуцаагаар хэрэглэсний дараа нүдний хуурайшил улам дорддог. Харин хиймэл нулимс хэрэглэх юм бол нүд ямар ч байсан дордохгүй гэдэг нь чухал. 

-Тэгвэл хиймэл нулимсан дусаалга сөрөг нөлөөтэй юу?

Хиймэл нулимсан дусаалга бол хүний нулимстай 98 хувь ижил бүтэцтэй.  Нүдний гадаргыг нулимс шиг хамгаалах чадвартай эмэн биш дусаалга юм. Энэ төрлийн дусаалгыг удаан хугацаагаар буюу таваас арван жил хэрэглэхэд  гаж нөлөөгүй, дасал болдоггүй. Гэхдээ хиймэл нулимс жинхэнэ нулимсны бүтэцтэй 98 хувь ижил, жоргүй олгож болдог боловч хамаагүй аваад хэрэглэ гэсэн үг биш. Хиймэл нулимс маань дотроо нөөцлөгч бодистой, нөөшлөгч бодисгүй гэж хоёр янз бий. Зарим төрлийн нүдний гадаргын өвчлөл, эмгэг  дээр заавал нөөшлөгч бодисгүй хиймэл нулимс дусаах ёстой бол заримд нь нөөшлөгч бодистойг хэрэглэх хэрэгтэй болно.  Жишээ нь ноцтой буюу хараагаа алдах эрсдэлтэй өвчин тусчихаад дур мэдэн тохирохгүй заалтын хиймэл нулимс хэрэглэх юм бол эрүүл мэндээ улам дордуулна. Тиймээс эдгээр хиймэл нулимсны төрлүүдын аль эмгэгт зохистой, аль нь өвчинд зохистой вэ, гэдгийг нүдний эмч л ялгаж салгах учраас эмчийн заавар зөвлөгөөг авах шаардлагай.

-Нүдний дусаалгаа дамжуулж хэрэглэх нь нян халдварлуулах боломжтой юу? Мөн дусаалганы хадгалах, хэрэглэж болох хугацаа хэр урт вэ?

Эмэн бүтээгдэхүүнийг онгойлгосон цагаас эхлэн тухайн бүтээгдэхүүний баталгаат чанар алдаж эхэлдэг. Хэдий гараа угаасан ч гэсэн агаарт олон төрлийн бохирдол хөвж байгаа учраас дусаалгаа онгойлгох тоолонд  бохирдоно. Микро организмоор бохирдож байгаа учраас хүний нүдэнд харагдахгүй. Тиймээс аль ч улсын стандартад нүдний эмэн болон эмэн бус дусаалгыг задалснаас хойш нэг сарын дараа хаях ёстой гэж заасан байгаа. Цаашлаад өөртөө зориулж авсан дусаалга бол зөвхөн тэр хүнийх. Сормуус нүдний орчин тойрныг цэвэрлэх үүрэгтэй учраас бохир байгаа. Харин дусаалга дуусахдаа сормуусандаа хүргэснээр хошуу нь бохирдоно. Ингээд тухайн хүний бактериар бохирдчихсон дусаалгыг дамжуулан хэрэглэнэ гэдэг сайн дураараа өвдөж байгаагаас ялгаагүй. Мөн тухайн дусаалга тэр хүн нүдний өвчтэй юу, дусаалгаа ямар нөхцөлд авч явдаг, хэр удаан хэрэглэж байгаа тухай та мэдэхгүй шүү дээ.  Нэг гэр бүлийн хүмүүс байсан ч нүдний дусаалгаа дамжуулан хэрэглэж болохгүй. Ялангуяа эцэг эхчүүд өөрийнхөө дусаалгыг хүүхдэдээ дусааж өгдөг  шүү дээ. Хүүхдийн эрхтэн систем өвчлөөгүй, элдэв нян бактеригүй байхад эцэг эхчүүд өөрсдийнхөө дусаалгыг дусааснаар бактериа шууд нялзаадаг. Шинэ зуунд шинэ вирус тархаж байгаа ийм цаг үед өнөөх хэнэггүй юмаа хольж сольж хэрэглэдэг зангаа болих хэрэгтэй л дээ.

-Контакт линз зах худалдааны төвүүд, гоо сайхны дэлгүүрээр ямар ч заавар зөвлөмжгүйгээр зарагддаг.  Ийм байдлаар контакт линзийг эмчийн зөвлөгөөгүй хэрэглэж болох уу?

Миний хувьд Европод  контакт линзний тухай сургалтанд суугаад шалгалт өгч байсан учраас хүмүүст сануулж хэлэх юм их бий. Европын контакт линз хэрэглэж байгаа хүмүүсийн хэрэглээ, мэдлэг, соёл болон монголчуудын контакт линз хэрэглээний хооронд тэнгэр газар шиг ялгаа байна.  Юун түрүүнд контакт линз гоёлын, харааны, хараатай мөртөө гоёлын ч бай дурын нэг лангуун дээр зарагдаж байдаг оймс биш. Энэ бол таныг хараагүй болгох ч эрсдэлтэй гаднын биет. Тиймээс хэмжээгээ тааруулах, яаж арчлах тухай мэдлэггүйгээр мөн зургаан сар тутам эчид үзүүлэхгүйгээр контакт линз хэрэглэнэ гэдэг байж болохгүй. Контакт линз хүний гутал шиг өөрийн хэмжээтэй. Гэтэл хасах хоёр зүүдэг үү гээд л харааны алдагдлынх нь хэмжээгээр зараад хүмүүс ч тэрийг нь аваад зүүчихдэг. Энэ бол ийм хэнэггүй хандах зүйл огтоосоо биш. Тэгэхээр контакт линзээ яаж тааруулах вэ, гэвэл гоёлын линз хэрэглэх гэж байсан ч ялгаагүй эхлээд нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.  Нүдний гадарга дээр ямар нэг эмгэг шарх сорив байхгүй тохиолдолд гадарга дээр нь гаднын биет тавихыг эмч зөвшөөрнө. Ингээд таны нүдэн дээр тохирох диаметр, радиустай, хараатай контакт линзийг тодорхойлж өгнө. Ном журмаараа ийм үйл явцын дараа нүдэндээ таарсан контакт линз худалдаж авах хэрэгтэй. Хэрвээ тухайн линзний диаметр, радиус нь томдсон бол нүдээ анивчих, нухахад нүдийг үрээд механик гэмтэл учруулдаг.Тиймээс нь нүд нь бүрэлзээд, нулимс гоожоод, нүдээ нээхэд бэрхшээлтэй болох юм бол эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.  Мөн Контакт линз хэрэглэж байгаа хүн хиймэл нулимсыг заавал хэрэглэх хэрэгтэй.  Контакт линз хэрэглэж байгаа үедээ хэзээ ч хиймэл нулимс хэрэглэхээ таслаж болохгүй. Яагаад гэхээр өөртөө таараагүй контакт линз зүүснээс болоод явагдаж байгаа үрэлтийг хиймэл нулимс зөөллөж хүчийг нь буруулдаг. Манайхан контакт линзийг цэвэрлэдэг шингэнийг  нүдэндээ дусаагаад байна. Энэ шингэн нь хиймэл нулимс биш. Цэвэрлэгч бодис бол нүдний гадарга дээр өдөржин явагдсан үртэлтээс үүсэн эдийн хуурал, гадны бохир биетийг задалдаг бодис байхад нүдэндээ дусаана гэдэг маш буруу.

-Хүн амын дунд нүдний харшил хэр их байна вэ?

Сүүлийн жилүүдэд нүдний харшилтай хүмүүс нэмэгдэж байна. Ялангуяа зургаагаас доош насны хүүхдэд энэ төрлийн харшил их тохиолдох болсон. Ажлын туршлагаасаа үндэслээд агаарын бохирдлоос үүдэлтэй харшил үүсгэгч агаарт хөвж байгаагаас харшил их байна гэж дүгнэж байгаа.

-Нүдний харшлын шинж тэмдэг нь юу вэ?

Харшил бол заавал загатнаж улайдаг. Тиймээс нүд улайх, загатнах, салст үлээсэн бохь шиг бэлцийх, нулимс гоожих, хурц гэрэл харж чадахгүй байх зэрэг нь нүдний харшлын шинж тэмдэг. Нүдний харшил хурц болон архаг байдлаар илэрдэг. Заримдаа нүд шалтгаангүйгээр улайх, аргах, хүчтэй загатнаад болих тохиолдолд та нүдний архаг харшилтай байж болзошгүй. Нүдний хурц харшил хурдан хугацаанд эмчлэгддэг, дахих магадлал багатай. Харин архаг харшиг хамгийн багадаа 15-20 хоног эмчилж байж эдгэнэ.  Нүд өвдсөн тохиолдолд өөрөө дур мэдэн эмчлэх гэж оролдох хэрэггүй гэдгийг л дахин сануулмаар байна. Жишээ нь манайхан “Dexamethasone” гэдэг нүдний дусаалгыг дур мэдэж их хэрэглэдэг. Үүнээс болоод гормоноос үүдэлтэй нүдний даралт өвчинтэй болох эрсдэл өндөр.

Ярилцсанд баярлалаа

Санал болгох

Д.Бумдарь: Парламент өөрөө санал гарган тарвал нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

2 өдрийн өмнө
Д.Онон: Хүү бид хоёрын хамтын хөдөлмөр өнөөдрийн амжилтын эхлэл байсан

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононтой ярилцлаа.

4 өдрийн өмнө