Я.Болорчимэг: Системчилсэн сургалтаар хэл ярианы бэрхшээлийг засах боломжтой

3.1 мянга
3 сарын өмнө

 4ac472ec-cc73-411f-abd0-44775624524f,Я.Болортуяа-ярилцлага-ntv-academy-2.jpg.jpg

NTV телевизийн нэвтрүүлэгч, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн багш, “NTV академи” сургалтын төвийн санаачлагч Я.Болорчимэгтэй хэл ярианы бэрхшээл, уран яруу ярьж илтгэх талаар ярилцлаа.

Монгол хэлийг уран яруу тансаг гэж тодорхойлдог. Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл гэх мэтээр шүлэглэсэн байдаг шүү дээ. Гэтэл сүүлийн үед монголчууд хар яр хийсэн яриатай, хэл ярианы бэрхшээл гажигууд ч их болжээ. Энэ талаар юу гэж боддог вэ?

Монголчууд эртнээс  холч ухаантай,  уужим сайхан сэтгэлтэй, уул давах хоолойтой, ухаан санаа саруул ард түмэн. Учир нь нүүдэлчин  ахуй байдал биднийг хүмүүжүүлж ,хөгжүүлэх  аргат суралцуулдаг байсан. Жишээ нь малчид малаа хариулж  явахдаа чүү,чаа гэж дуугарч, адуундаа явахдаа сайхан исгэрч, галаа түлж үлээхдээ хүртэл үргэлж амьсгааны хүчний, багтаамжийн дасгалуудыг биедээ дадал болгон суулгаж ирсэн.Мөн бичгийн эрдэм сурах боломж нөхцөл бага байсан болохоор цээжний ухаан, ой тогтоолт гайхалтай сайхан байлаа. Мөн  холын сураг мэдээг ойрын юм шиг сонсгох, үр хүүхэддээ үлгэр домог ярих гээд  арвин их үгийн баялаг сантай байжээ. Гэтэл энэ цагт хүн хоорондын харилцаа хязгаарлагдмал болж  ихэнх цагаа цахим ертөнцөд өнгөрүүлж байгаатай холбоотойгоор сонсох, ярих, илэрхийлэх, ухаарах чадварууд алдагдаж, хэлний олдмол гажигууд бий болж байна.

Бид одоо нэгэнт хотын соёлтой болж нүүдэлчин ахуй маань холдож байна. Ийм тохиолдолд хэл ярианы бэрхшээлийг засч, уран яруу тод ярихын тулд хийдэг дасгалууд юу байдаг вэ?

Сүүлийн үед хотжилттой холбоотойгоор дуун авиан эмчилгээ ч гэж гарсан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад саарал дуун авиан хичээл хүртэл явуулдаг юм байна лээ. Манай ЯУТэнхимийн эрхэлч Даваа багш маань  АНУ-д сургалтанд сурч саарал дуун авиан хичээл хэрхэн явагддагийг судлаад ирсэн. Тэнд хүмүүс  чанга сулаар элдэв  дуу авиа гаргаж биеийн янз бүрийн үйлдэл дээр дасгал хийдэг юм байна. Тэгж гэмээнэ дуу хоолойгоо дасгалжуулахас гадна стресс бухимдалыг арилгадаг байна. Мөн  Япон, Солонгост  хүмүүс  7 хоног ийн сүүлээр караокед тогтмол ордог гэж сонссон.Үүнийг сонсоод би бодохдоо ууж идэхдээ биш гол нь ажлын хамт олноороо, найз нөхдөөрөө  дуулж, биед хуримтлагдсан бухидал стрессээ тайлдаг байх  гэж бодсон. Монголчууд уулан дээр гарч хиймороо сэргээлээ гэж яридаг. Тэгвэл уулан дээр зүгээр гардаггүй орой дээр нь гарч хамаг хүчээрээ орилдог.Тэгээд биед нь  сайхан мэдрэмж эрч хүч орсон юм шиг санагддаг. Тэгэхээр дуу хоолойг зориуд дуугаргаж гадагшлуулж байх ёстой.  Мөн бид өгүүлэхийн эрхтний оролцоотойгоор яридаг. Зөв тод сонсголтой ярихын тулд өгүүлэхийн эрхтний идэвхтэй эрхтнүүдийг зориуд ажиллуулж сурах ёстой.

Тун удахгүй хэл ярианы техник, ярих ур чадвар зэрэг хичээлийг заах Хөтлөгч нэвтрүүлэгчийн анхан шатны хөтөлбөрийг Та санаачлан эхлүүлж байгаа гэж сонссон.  “NTV академи” сургалтын төвийнхөө талаар мэдээлэл өгөөч?

NTV телевиз үзэгчдийн өмнө хүлээсэн соён гэгээрүүлэх үүргийнхээ хүрээнд "NTV academy" мэргэжлийн сургалтын төв нээж байгаа. Ярих урлагийн чиглэлээр сургалтын төвийг нээж нэн тэргүүнд шаардагдаж байгаа хэл ярианы анхан болоод ахисан түвшний сургалтыг хичээллүүлж эх хэлнийхээ хөгжилд нэмэр болох зорилго өвөртөлж байна.

Эх хэл гэдэг бол улс үндэстний соёлын салшгүй хэсэг хүн ардын оюун санааны дархлаа байдаг.  Гэтэл энэ цаг үед үгийн арвин баялаг хомсдож, уран тод дүрслэл нь сүүдэртэж, яруу тансаг найруулга нь ядмаг болж байна. Чи бид хоёр дээр ярилцсан шүү дээ. Хүн хоорондын харилцаа  хязгаарлагдмал болж байна гэж .Халуун дотно яриа өрнүүлэхгүй, хайрын сайхан үгийг хэлж мэдэрч чадахгүй амьгүй цахим ертөнцийн наана цаана үгийг буруу зөв товчилсон бичэлтээс бидний яриа, сэтгэлгээ, мэдрэмж хөгжихгүй лдээ.

Тиймээс энэ бүхнийг ажлын талбарт бэлтгэгдэн гарч ирж байгаа боловсон хүчнүүд болоод оюутан залуусын нийтлэг байдалд ажиглалт дүн шинжилгээ хийсний үр дүнд ийм төв зайлшгүй хэрэгтэй байна гэж бид үзсэн.

 

Энэ чиглэлийн бусад сургалтын төвүүд олон бий. Тэднээс юугаараа онцлог давуу талтай гэж үзэж байна вэ?

Сургалтын төв нээж байгаа хүмүүс бүгд л хэвлэл мэдээлэл, телевизийн салбарт ажиллаж байсан ажиллаж байгаа хүмүүс. Тэд нийгэмд энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ зайлшгүй байгааг олж харж, ярих хөтлөх чадварыг эзэмшүүлэх, өөрийгөө илэрхийлж сургах гээд үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн туршлага дээр тулгуурлаад өөр өөрийн онцлог сургалтын хөтөлбөртэй хичээллэж байгаа.

Бидний хувьд онцлог юу вэ гэвэл багшлах боловсон хүчнээрээ ялгарах давуу талтай гэж бодож байна. Манай багш нар онол дадлага хоёрыг жигд эзэмшсэн, бүгд өөр өөрийн мэргэжлээрээ эрдмийн зэрэг цолтой, бүгд их дээд сургуульд багшилдаг, академик төвшний, ихэнх нь 15-20 жил багшилсан заах арга зүйтэй, ажлын туршлагатай. Хамгийн чухал нь хүний төлөө сургах үүргийг эрхэм болгодог өөрсдөө бас цаг үетэйгээ хөл нийлүүлэн суралцдаг багш нар байгаа. Тэгээд мэдээж бүхэл бүтэн телевизийн бааз тоног төхөөрөмж байна, хэрвээ та үнэхээр энэ салбарт хэрэгцээтэй боловсон хүчин болж чадахаар байвал NTV телевизийн хамт олон үүд хаалгаа нээхэд бэлэн байгаа.

Мөн манай Медиа группийн салбар болох Оранж энтертэйнментийн пробонд орж кино урлагийн салбарт хүчээ үзэх боломжтой гээд давуу талууд байна.

Сургалтаар ямар хичээлүүд орох вэ?

Манай сургалтын төвийн эхний сургалтын хөтөлбөр нь хөтлөгчийн сургалтаар эхэлж байгаа. Хичээлийн хувьд 9 төрлийн хичээлийг долоо хоногийн гурван өдөрт хичээллэж байхаар болсон. 

Ярих урлаг, Илтгэх урлаг, Хөтлөгчийн ур чадвар, Хэл ярианы техник, Жүжиглэх ур чадвар, Сэтгүүл зүйн удиртгал, Эсээ бичлэг, Хөгжмийн онол, Иога  гэсэн 9 төрлийн хичээл.

Дээрх 9 төрлийн хичээлд онол дадлага хосолсон, заах  арга зүйг сайтар эзэмшсэн шилдэг багш нарын багийг бүрдүүлсэн.

73acea70-e6af-4e17-8226-c22554b0c487,55726292_343520472952193_6854697551635939328_n.jpg.jpg

Хэл ярианы бэрхшээл буюу тультраа, бөөрөнхий хэл гээд л бэрхшээлүүд хүүхдүүд дээр их анзаарагддаг. Энийг яаж засах ёстой юм бэ. Хүүхдээ яаж уран сайхан, чөлөөтэй ярьж өөрийгөө илэрхийлдэг болгох вэ?

Хүүхдээ бид сонсгож сургах хэрэгтэй. Сонсох урлагт сураагүй хүн ярих сэтгэх чадварт сул л байна.

Бид нар хүүхдээ хүний үг сонсдоггүй гэж загнаад л байдаг болохоос биш өөрсдөө хүүхдүүдтэйгээ хэр яридаг билээ бас сэтгэлийн үгсийг нь хэр  сонсдог билээ.Мөн сүүлийн үед хэлд орох насны хүүхдүүддээ гадаад хэл дээр хүүхэлдэйн кино хүүхдийн нэвтрүүлгийг их үзүүлж байна.  Тэгээд хүүхэд учраа олохоо болиод хэлд орохгүй их удаж байгаа. Тэгэхээр эхлээд эцэг эхчүүд  хүүхэддээ сайн үлгэр домог яриж өгөх ярисан зүйлээ буцааж хорондоо ярилцаж дүгнэлт хийлгүүлж сонсгож яриулж бодуулж сургах үйлд багаас нь дадуулах л хэрэгтэй юм байна .

Ярих урлагийн чиглэлээр сургалт ажилуулахад иогийн хичээл яагаад орж байгаа билээ?

Орчин цагт өөртөө анхаарал тавьдаг, амжилттай яваа хүн бүхэн иога болоод бясалгал зөв амьдрах хэв маягт суралцаж байгаа. Иогоор хичээллэснээр хүний бие мах бодь эрүүлжинэ, өөрөө өөрийгөө илүү таниж мэднэ, ярих урлаг бол амьсгааны урлаг иога мөн амьсгааны урлаг үүгээрээ хичээл хоорондоо холбогдож байгаа.

Сургалтанд сууснаар ямар мэдлэг олж авах вэ?

Энэ хичээлүүдээр дамжуулан суралцагчид биеийн болоод сэтгэхүйн бариасыг чөлөөлөх, бусдын өмнө санаа бодлоо илэрхийлэх, эх хэлний дуудлага зүйн зөв чиг баримжаатай болох, амьсгаа, дуу хоолой, тод хэллэгийн мэргэжлийн онолыг сурч өөрт  хэрэгжүүлэх,  анхаарлын түвшинг сайжруулж хамтрагчаа сонсож ярьж сурах, эх бичвэр бичиж сурах, үгийн сангаа яруу тансаг үгсээр арвижуулах, камертай харьцах зэрэг олон чадваруудыг хувь хүнийхээ түвшинд ахиулах боломжтой.

Сургалт хэзээ эхлэх вэ.  Насны хязгаар байгаа юу?

Сургалтын төвийн нээлтээ дөрөвдүгээр сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийгээд дөрөвдүгээр сарын 8-наас хичээлээ эхлэх гэж байна. Хэдийгээр бид сурталчилгаагаа оройхон эхлүүлж байгаа боловч сургаар сонсоод сурна гэсэн хүмүүс бидэнд их хандаж байгаа болохоор та бүхнийг бүртгэлээ амжиж хийгээрэй гэж хүсч байна. Учир нь бид анги дүүргэлтээ 15-аас хэтрүүлэхгүй яагаад гэвэл ганцаарчилж орох хичээл их байгаа болохоор бид тоонд биш чанарт анхаарах ёстой гэж үзэж байгаа.

Эхний сургалтаа насанд хүрэгчидэд гэж байгаа. Ер нь цаашдаа хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг судалж байгаад удирдах ажилтнуудад зориулсан, борлуулалт маркетингийн ажилтнуудад зориулсан, хүүхдэд зориулсан гэх мэт 5-6 хичээлийн хөтөлбөрийг боловсруулаад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

Дээр нь нэмж хэлэхэд хөтлөгчийн сургалт гэхээр авьяас бэлэгтэй тайз дэлгэцийн чиглэлээр явах хүмүүс сурдаг байх гэсэн ойлголт байдаг. Гэтэл нийгмийн харилцаанд орж байгаа хэн боловч ахан дүүс, анги хамт олон, ажлын орчиндоо манлайлагч байж өөрөө өөрийгөө бүрэн илэрхийлж удирдан залж чиглүүлэгч байж гэмээнэ энэ нийгэмд байр сууриатай байна. Тийм байхын тулд хүнд ярих чадварт суралцах л хэрэгцээ их байна гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Санал болгох

Архивын 19 төрлийн лавлагааг гэрээсээ онлайнаар захиалах боломжтой боллоо

“Төрийн үйлчилгээний Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Архивын газрын Лавлагаа, үйлчилгээний хэлтсийн Лавлагаа мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Дөлгөөнтэй ярилцлаа.

21 өдрийн өмнө
О.Нинжбадгар: Хэрхэн үүрэг гүйцэтгэх нь олны анхааралд байсан

БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн батальонд мотобуудлагын эмэгтэй тасгийг анх удаа явуулсан билээ.

1 сарын өмнө
Э.Түвшинтөр: "Toy art" чиглэлээр үзэсгэлэн гаргахад сувинер юм уу, тоглоом юм уу гэж хүлээж авдаг

Энэ долоо хоногийн сүүлээр "Mad nomad" гэх шинэлэг үзэсгэлэн гарах гэж байгаа билээ. Тус үзэсгэлэн Монголд гарч байгаа анхны  "Toy art"  чиглэлийн үзэсгэлэн бөгөөд иллюстрэшн, анимейшн, комикс, 3D  уран бүтээлч зэрэг орчин үеийн олон урлагийн төлөөлөл болсон уран бүтээлчид нэгдэн гаргаж байгаагаараа онцлог юм. Ингээд үзэсгэлэнг санаачлагч, иллюстрэшн уран бүтээлч Э.Түвшинтөртэй ярилцлаа.

1 сарын өмнө