Г.Батхүү агсны нас барсан хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй, хэргийг хаалгахыг хэн хүсэв?

6.7 мянга
4
15 өдрийн өмнө
Г.Батхүү агсны нас барсан хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй, хэргийг хаалгахыг хэн хүсэв?

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт манай өдөр тутмын томоохон сонин "Өнөөдөр"-ийн мэдээлснээр эхэлж улмаар цахим орчинд олон сайтуудаар тавьж, твиттер, фэйсбүүкт ихэд "давалгаалсан" "Г.Батхүү агсан өвчний учир нас барсан, энэ шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт хоёронтаа гарсан, иймд хэргийг хаах саналыг мөрдөгчийн зүгээс прокурорт гаргах гэж байна" гэсэн мэдээллийн мөрөөр энэ хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Ж.Батхуягтай уулзаж дараах тодруулгыг авсан юм. 
 

-“Г.Батхүү агсны нас барсан” гэх хэргийг хаахаар болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдах боллоо энэ талаар өмгөөлөгчийн хувьд мэдээлэл өгнө үү? 
-Цахим сүлжээгээр удаа дараа цацаж байгаа “мөрдөх байгууллагаас энэ хэргийг хаах саналыг прокурорт гаргаж байгаа гэсэн” ижил агуулга бүхий мэдээнүүдийг уншсан. Тэгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагад хандаж, мөрдөн шалгах ажиллагаа дууссан уу, хэрэв ажиллагаа дууссан бол хавтаст хэргийг хэзээ бидэнд танилцуулах вэ? гэдэг мэдээллийг албан ёсоор авахаар хүсэлт гаргасан юм. Өнөөдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийнхээ хариуг бичгээр авсан. Түүгээр бол хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байгаа гэсэн байна.
-Хэргийг шалгах явцад талийгаачийн үхэл “гаднын нөлөөгүй” тухай Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан гэсэн нь үнэн үү? 
- Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд талийгаачийн үхэл гадны нөлөөгүй гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт нь тухайн хүний нас барсан шалтгааныг эмнэл зүйн үүднээс тайлбарлаж, дүгнэснийг ойлгодог. Харин хууль зүйн хувьд хүнийг үхэлд хүргэсэн тэдгээр шалтгаан гаднын нөлөөтэй үүссэн эсэхийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоодог. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр санаатай, санамсаргүй алин болохыг мэдэхгүй, энэ хэргийг шалгах явцад гарсан шүүх эмнэлгийн дүгнэлтийн агуулгыг зориуд гуйвуулсан, хэргийн шалгах ажиллагаа дуусч хэрэг хаагдаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Үүний эх үүсвэр, зорилго, арга хэрэгслийг анхаарах шалгах ёстой байгууллага, албан тушаалтнууд нь анхаарч шалгаж л байгаа болов уу.
-Олон нийтийн цахим сүлжээнд шүүх эмнэлгийн дүгнэлтийг хоёр ч удаа гарсан гэж мэдээлсэн байсан, та ганцхан дүгнэлт гарсан гэж ярилаа, үүнд ямар тайлбар хэлэх вэ? 
-Хууль тогтоомжид шинжилгээг хэдэн удаа хийх талаар, эсвэл түүний тоог хязгаарласан агуулгатай зохицуулалт байхгүй. Шинжилгээний дүгнэлтэд эргэлзээ гарвал шинжээчийг дахин томилж, дүгнэлт гаргуулдаг. Хохирогч, түүний өмгөөлөгч миний хувьд шинжээчийн дүгнэлттэй танилцаад, эргэлзээ бүхий олон асуулт хариултгүй хэвээр байна гэж үзсэн. Тиймээс бид хуульд заасан эрхийнхээ хүрээнд эргэлзээ бүхий үндэслэлүүдээ дурдаж, дахин шинжилгээ хийлгүүлэхээр прокурорын байгууллагад хүсэлт гаргасан. Прокурор үүнийг хянаж үзээд үндэслэлтэй байна гэж хүсэлтийг хангаж, дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн. Одоогоор бидэнд дахин шинжилгээний дүгнэлтийг танилцуулаагүй байна. Тиймээс л нэг дүгнэлт байгаа гэж ярьж байгаа юм.
-Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тодорхойгүй буюу эргэлзээтэй ямар асуудлууд байсан бэ? 
-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцад хамаардаг. Эргэлзээ бүхий нөхцөл байдлууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцад хамаарч байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Талийгаачийн нас барсан шалтгааныг мөрдөх байгууллага шалгаж байгаа нь хэн нэгнийг энэ хэрэгт сэжиглэж байгаа гэсэн үг биз дээ?
- Яг ч тэгж шууд утгаар ойлгож болохгүй л дээ. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлүүдийг хэн нэгэн хүн санаатай болон санамсаргүй байдлаар учруулав уу, хэрвээ тийм бол үүний цаад зорилго юу байв, ямар зөрчил маргаан үүнд хүргэв гээд олон асуулт хөвөрч таарна. Эдгээрийг мөрдөх байгууллага тус бүрт нь таамаг дэвшүүлэн шалгаж байгаа гэж ойлгох нь зүйтэй.
-Үйл явдал болсоноос хойш 3 сарын хугацаа өнгөрөөд байна. Мөрдөн шалгах ажиллагаа одоо уг аль шатандаа явж байгаа вэ? Хэдийд эцэслэн шийдвэрлэгдэх бол?
- Ямартай ч мөрдөх ажиллагаа үргэлжилж байгааг түрүүн хэлсэн. Энэ ажиллагаа дуусаагүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн явц байдал болон ямар ажиллагаа хийгдэж байгаа нь хэргийн оролцогчдын хувьд хаалттай мэдээлэл юм. Хугацааны хувьд ч тодорхой бус. Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцад хамаарахгүй асуудлаар мөрдөх байгууллагаас, прокурорын зөвшөөрлийн үндсэн дээр мэдээлэл авч болдог. Иймд та энэ талаарх асуултуудыг албан ёсоор тухайн байгууллагуудад тавьж хариулт авах нь хууль зүйн дагуу, бодит мэдээлэл болох юм.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
-Дахин хэлэхэд, сэтгүүлчид та бүхэн аливаа мэдээллийг олон нийтэд хүргэхдээ албан ёсны эх сурвалжаас, хууль зүйн дагуу олж авч дамжуулбал тустай байна. Баярлалаа.
 
Бодит байдал ийм л байна. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг бүдгэрүүлэх, хэргийг хаалгах сонирхол "Өнөөдөр" сонинд баймгүй юм. Юуны учир худал мэдээ цацах болов?! Шинжээчийн дүгнэлт ч эцэслэн гарч амжаагүй байхад "өвчний учир нас барсан" гэж хэргийг хаалгахыг хэн нэгэн  туйлаас хүсч байгаа ажээ...

Эх сурвалж: Өдрийн сонин
 

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

1 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

1 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

1 өдрийн өмнө