ЖДҮ-ийн төслийн сонгон шалгаруулалт явагдаж байна

5.5 мянга
2 сарын өмнө
ЖДҮ-ийн төслийн сонгон шалгаруулалт явагдаж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих боломжоор ханган ажиллаж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна.

Энэ удаагийн сонгон шалгаруулалт нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар төслийн шаардлага, иж бүрдэл хангаж, дараагийн шатанд тэнцсэн 20.0 сая төгрөгнөөс дээш 100.0 сая төгрөгийн зээлийн багцад хамрагдах /“ЖДҮ багц-3”/ нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХСангийн мэргэжилтнүүд судлаж, төслийн урьдчилсан болон нарийвчилсан судалгааг хийж, батлагдсан хүснэгтийн дагуу үнэлгээ хийж дууслаа.

Санд судлагдсанаас 87 иргэн, аж ахуйн нэгжийн 5.6 тэрбум төгрөгийн төслүүдэд төслийн урьдчилсан судалгааны болон нарийвчилсан судалгааны үнэлгээ хийгдэж, 70-аас дээш онооны босго давсан 59 төслийн 21 аж ахуйн нэгж 38 иргэн, аж ахуйн нэгжийн 3.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл шалгарч, эцсийн шат буюу төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд орохоор боллоо. ТСШХороонд төрийн бус байгууллагын 4 төлөөлөл, төрийн байгууллагын 3 төлөөлөл бүхий сангаас тусдаа бие даасан хороо ажиллаж нийт 3 шатны онооны дундажаар ихээс бага руу эрэмбэлэгдэн сангаас зээл авах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд шалгарах юм. Энэ удаагийн нарийвчилсан судалгаагаар сангийн мэргэжилтнүүд төсөл ирүүлэгчийн ажлын байран дээр буюу газар дээр нь багаараа очиж төслийн явц, хэрэгжилтийн байдалтай танилцаж цаасны төсөл бус жинхэнэ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг сонгон шалгаруулах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

ЖДҮХСангийн зээлийн шинжилгээний аргачлал-Рейтинг модул

Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилнүүд хийхдээ  төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцоололыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕBRD-н боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг монголын бизнес эрхлэгчдэд тохируулан рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдлийн үнэлгээг хиисэн болно.

Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://smefund.gov.mn/news/9/single/246 авах боломжтой. /Мөн иргэн аж ахуйн нэгж бүр вэб сайтан дээрх линк дээр дарж төслийн кодоо оруулан өөрийн төслийн явцтай танилцах, мэдээлэл авах боломжийг олгосон, нөгөөтэйгүүр үе шат бүрт иргэн, аж ахуйн нэгжийн бүртгэлтэй утасны дугаарт төслийн шалгаруулалтын үр дүнг мэссэж илгээн мэдээлж байгаа болно/

Санал болгох