Хятадын элчингийн гадаах дүрвэгсдийн хуаран

1.4 мянга
2
11 өдрийн өмнө
Хятадын элчингийн гадаах дүрвэгсдийн хуаран

                                                     

Хятад руу гарахад 30 хоногийн дотор визгүй байтал хүмүүс элчингийн гадна "юугаа хийгээд хонож, цөхрөөд байгаа юм бол" гэж гадуур нь өнгөрөх зуураа бодож байж магадгүй. Хятад Улс Ази тивдээ хамгийн олон гадаад оюутан хүлээн авдаг. Боловсролын яамны бүртгэлээс үзвэл 2017 онд 204 улсын оюутнууд Хятад улсын 935 их сургуульд суралцсан байна. Тус онд зөвхөн магистр, докторын хөтөлбөрт 76 мянган оюутан суралцжээ. Ингээд Хятад Улс олон оюутан хүлээн авахын хэрээр манай улсаас тус улсад өөрийн зардлаар болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах хүмүүсийн тоо сүүлийн таван жилд эрс ихэссэн. Өмнөх оны байдлаар гэхэд урд хөршийн 30 хотод 8000 гаруй монгол оюутан суралцаж байгаа тухай тоо байна.

Эдгээр оюутнууд Хятад улсад 180 хоногоос дээш болон доош хугацаагаар суралцахаар болсон тохиолдолд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад Суугаа Бүрэн Эрхт Элчин Сайдын яамнаас Х1, Х2 гэсэн ангиллын виз заавал даруулж байж хилээр нэвтрэх эрхтэй болдог. Сургуулийн урилга нь ихэвчлэн найман сарын эхээс эхлээд дунд хүртэлх хугацаанд ирдэг. Урилга нь ирмэгц оюутнууд элчингээс виз хүсэх шаардлагатай болно. Харин сургуульдаа очиж бүртгүүлэх хугацаа хамгийн цаад тал нь гэхэд есдүгээр сарын 5 байдаг. Ингээд ихэнх оюутнуудын урилга бараг ижил шахуу хугацаанд ирдэг төдийгүй өмнөх жилийн оюутнууд мөн визээ авахаар гэнэт л дараалал хар баасан гарагийг санагдуулам болдог.

                                                                         Хаа газар илрэх монгол зан

Нэг талаараа ийм урт дараалал үүссэнд монголчууд өөрсдөө буруутай. Учир нь визээ амжиж аваад, сургуульдаа цагтаа бүртгүүлэх гэсэн оюутнуудын дарааллыг шагчид улам урт болгодог. Тэдгээр шагчид нь өмнөх жилүүдэд цаг авахаар дараалалд зогсож үзсэн хуучин оюутнууд байдаг. Энэ жилийн шинэ оюутан дараа жилийн шагчин болох нь их. Тэдгээр оюутнууд хэд хэдэн газар нэрээ бичүүлж зохиомол дараалал үүсгэнэ. Улмаар цаг нь тулсан яах учраа олохгүй байгаа шинэ оюутнуудад зардаг юм. Дараагийн монгол зан бол маш хэнэггүй. Урилга ирсэн сургуулиас нь Элчин сайдын газарт шуудан очсон эсэх эсвэл бүх материалаа бүрдүүлсэн үү, гэдгээ шалгалгүй уралдаж, хүнээс түрүүлж орохоо бодно. Улмаар материал нь буцаагдаж дахиад л дараалал үүсгэдэг. 

                                                                        Монгол дахь дүрвэгсдийн хуаран

Хятадын элчин долоо хоногийн гурван өдөр виз хүсэгчдийн материалыг хүлээн авдаг. Ингэхдээ өдөрт 160 хүнийг хүлээн авна. Гэхдээ бодит байдал дээр өдөрт 110-120 хүний материалыг авдаг. Энэ нь дараалал уртсах бас нэг шалгаан болно. 

Ингээд энэ их будлиан, албан зохион байгуулалтгүй харилцаанд дунд иргэд өөрсдийгөө зохион байгуулж эхэлдэг. Элчинд өдөрт 160 хүн орох ёстой учраас ирсэн дарааллынхаа дагуу хүмүүс 160, 160-аараа нэг багц болно. 160 хүнтэй багцаа дотор нь 10, 10-аар нь баг болж бараг л Их Монгол улсын аравтын систем үүсгэнэ. Уг арван хүнтэй баг элчингийн гадна дугаараа манаж хонох буюу Хятадын элчин Монгол Улсын Сургуулийн хоорондын зүлгэн дунд бараг л амьдарч эхэлнэ.

Майхан бариад, цаг нөхцөөх гэсэндээ хөзөр тоглож тойрч суусан залуус. Зарим залуусын хувьд ингэж дугаарлах нь бараг сонирхолтой санагдаж байна уу даа гэмээр. Аргагүйн эрхэнд бага хүүхдээ тэврээд том хүүхдийнхээ өмнөө хонож байгаа ээж ч бий. Хөдөөнөөс ирээд учраа ч олохгүй хүний ая талыг харж цөхөрсөн залуус хонож дуугарласан ч хэлтэй амтай нэгнээс болоод дугаараа алдана. Гэрээсээ авчирсан том том хөнжлөөр биеэ ороож модон сандал дээр сургаагаараа хононо. Халуун сав цайтай эргэлт гээд л. Гэтэл орох ээлж нь хаа ч байсан юм. Яг дүрвэгсдийн хуарангийн дүр зураг. Үнэндээ Монгол маягийн дүрвэгсдийн хуаран л даа. Учир нь Хятад сурахаар шийдсэн залуусын ихэнх нь "гадагшаа л гарвал амьдрал сайхан болно", "Монголд сураад яах юм бэ" гэсэн бодолтой.Энэ жилийн хувьд элчингийн гадна 14 хонож байгаа ч иргэн байсан юм.

                                                                           Байдал ийм л байх уу?

Энэ жил Хятад, Монгол хоёр улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд олон бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн ихэнх нь тэмцээн уралдаан, үзэсгэлэн гэх мэт ач холбогдол багатай ажлууд болсон билээ. Жилээс жилд хоёр улсын боловсролын харилцаа өргөжиж байгаа учраас хуучин оюутнуудыг цахимаар бүртгэх гэх мэтээр зохицуулах арга хэмжээ авч болно. Гэхдээ Хятадын элчингийн талаас материал хүлээн авах хугацаа, цагаа нэмэхгүй байна. Энэ нь манай улсын гадаад харилцааны яам өөрийн улс дахь элчин сайдын яамдуудтай муу харилцан уялдаатай ажиллаж байгаа нь харуулж байна. Энэ жилийн  байдлаас харахад ирэх жил дараалал улам уртсана.

 

 

 

 

 

Санал болгох

Аврагчид Хөвсгөл нуурт 80 удаа шумбав

Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.

1 өдрийн өмнө
Хоолноос нь хорхой гарсан тул Кимбаб Чонгүгын үйл ажиллагааг албадан зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас прокурорын тогтоолын дагуу Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо. 

1 өдрийн өмнө
Гэмт хэргийн тухай  мэдээллийг иргэдээс төлбөртэй авч байна

Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн албан тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:

1 өдрийн өмнө