“Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна

2.2 зуу
20 өдрийн өмнө
“Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна

Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр номинацийг бэлтгэн, өргөн барьсан. Энэ дагуу Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээг хийгээд буцлаа. 

Мөн тэрээр Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эргийн дурсгалт газар, Өндөр-Улаан сумын нутагт орших Их жаргалантын дурсгалт газар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн дурсгалт газарт ажилласан байна. 

Шинжээч Тошио Хаяаши техникийн үнэлгээний тайлангаа Дэлхийн өвийн хороонд хүргүүлэх бөгөөд 2020 онд болох Дэлхийн өвийн хорооны ээлжит хурлаар “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Монгол Улсаас соёлын ангиллаар 3 дурсгалт газар (2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг), байгалийн ангиллаар 2 дурсгалт газар (2003 онд Увс нуурын ай сав, 2017 онд Дагуурын ландшафт) тус тус Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. 

 

 

 

Санал болгох

Энэ амралтын өдрүүдэд "Элсэн манхны баяр" болно

"Элсэн манхны баяр-2019" уламжлалт арга хэмжээг есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Монголын 9 гайхамшгийн нэг болох Хонгорын элс Дуут манхны хормойд зохион байгуулна.

2 өдрийн өмнө