Б.Тамир: Киноны маань анги бүр бүрэн хэмжээний кино хийхтэй дүйцэхүйц хөдөлмөр, чадвар шаардсан

3
3 сарын өмнө
Б.Тамир: Киноны маань анги бүр бүрэн хэмжээний кино хийхтэй дүйцэхүйц хөдөлмөр, чадвар шаардсан

 

"37-Р ТОЧКА" телевизийн олон ангит киноны уран бүтээлчид хэвлэлийн бага хурлынхаа үеэр албан ёсны трейллэрээ цацлаа. Хэвлэлийн бага хурлыг Фантастик продакшн, Скайтел групп, Рэдпойнт медиа хамтран зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллага болон үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Нийт хоёр бүлэг, 20 ангитай олон ангит киноны нээлт есдүгээр сарын 07-нд болох аж. Түүнчлэн есдүгээр сарын 09-нөөс эхэлж, тодорхой хэдэн сувгуудаар орон даяар цацагдаж эхлэхийг уран бүтээлчид онцолж байлаа. Үзэгчдэд хүргэх ажлыг “Скайтел” групп болон “Үнэт” продакшн “Ред пойнт” медиа студи хамтран ажиллажээ.

Найруулагч Б.Тамир "Манай Фантастик продакшны хамт олон Монголын олон ангит кинонд шинэ жишиг тогтоох зорилготой байсан. Тиймээс киноны маань анги бүрийн дуу, дүрс, хөгжим, зурагт авалт нь бүрэн хэмжээний кино хийхтэй дүйцэхүйц хөдөлмөр, чадварыг шаардсан. Мөн киногоо телевизээр цацахдаа дэлхийн кино компаниудын жишгийг дагаж долоо хоногт нэг шинэ анги гаргаж байхаар тогтсон байгаа. Нэрний тухайд өрөөр эсвэл зөрлөг, өртөө гэх мэтээр "Монголоор нэрлэж болоогүй юм уу" гэсэн санал гарч байсан. Миний хувьд точка гэдгийг эхлэх цэг гэсэн утгаар өгсөн. Хүний амьдрал заавал нэг цэгээс эхэлдэг бас тэр цэгтээ ямар нэг байдлаар буцаад очдог. Энэ хооронд болж байгаа хүний амьдралын эрчмийг харуулах гэж зорьсон учраас точка гэж нэрлэсэн. Бас Монголд 37-р зөрлөг гэж байхгүй л дээ. 37 гэдэг нь зүгээр л миний утасны дугаарт багтсан тоо.

Өмнө нь киноныхоо тухай ерөнхий мэдээлэл өгөх зорилго бүхий албан бус трейлерийг цацсан байсан. Харин өнөөдөр албан ёсны трейлэрээ цацлаа. Ингээд гурван жилийн өмнөөс  төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн энэхүү уран бүтээлээ амжилттай хийж дуусгасандаа баяртай байна" гэсэн юм.

Харин Скайтел группын контент хөгжүүлэлтийн албаны захирал Буянтөгс "Манай групп эх орныхоо хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой явсаар энэ жил 20 жилийн ойгоо угтаж байна. Харин Фантастик продакшны 10 жилийн ой тохиож байгаа. Тиймээс ойдоо зориулан Фантастиктай олон ангит киноны төсөлд хамтран ажиллахаар болсон юм. Мөн энэ жил нээлттэй хийсэн "SkyGo" аппликшны бэлэг тэмдэг болсон кино болж байгаа.Бид IPTV  үйлчилгээ болон "SkyGo" аппликшнаар дамжуулан "37-р точка" киног үзэгчдэд хүргэхдээ оюуны өмчийг бүх талаар хамгаалж байгаа" гэж ярьлаа.

37-р точка телевизийн олон ангит киноны үйл явдал 1970, 1980 оныг хамрах юм. Тиймээс нэг объектыг дор хаяж 10 удаа хувиргаж зураг авжээ.  Дунджаар киноны нэг үзэгдлийг авахад 30-40 план тавьдаг байна. Харин 37-р точка киноны зодоонтой үзэгдлийн таван камер ашиглаж, 500 план тавьсан тухай ерөнхий зураглаач Г.Гүенбаатар ярьсан юм. Нэг анги нь нэг цагаас нэг цаг арван минут үргэлжилнэ. Мөн тус кинонд нийт 700 гаран хүн ажиллажээ.

Киноны албан ёсны нээлт есдүгээр сарын 7-нд болох юм.  Есдүгээр сарын 9-нөөс эхлэн Скаймедиа болон SkyGo-ийн кино санд орно. SkyGo-өөр дамжуулан 37-р точка киног дэлхийн аль ч улсаас үзэх боломжтой. Харин ирэх сарын 21-нээс эхлэн NTV болон Star TV телевизээр хүлээн авч үзээрэй.

Санал болгох