102 настай ахмад дайчин Ш.Багаажавт хүндэтгэл үзүүллээ

9.6 зуу
11 өдрийн өмнө
102 настай ахмад дайчин Ш.Багаажавт хүндэтгэл үзүүллээ

Батлан хамгаалах яамны удирдлагууд өнөөдөр Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн билээ. Монгол Улсын хэмжээнд 1939 оны Халхын голын байлдаанд оролцож, эх орон, тусгаар тогтнолоо сахин хамгаалсан олон баатарлаг хөвгүүд, охидоос энх тунх байгаа нь ердөө таван ахмад дайчин байдаг гэнэ. Тэдний дөрвийг нь өнөөдөр Батлан хамгаалах яаманд хүлээж авсан бол 102 настай ахмад дайчин Ш.Багаажавт БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир гэрт нь очиж хүндэтгэл үзүүлсэн юм.

Ахмад дайчин Ш.Багаажав нь 1917 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн бөгөөд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан цэрэг эр юм. Түүний ухаан санаа саруул агаад дайны үеийн үйл явдлыг он оноор нь, дарга цэргээ овог нэртэй нь хэлж байсан юм. 
Хурандаа Ө.Эрдэнэ-Очир:
-Эрхэм Ш.Багаажав танд Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Ахмад дайчин Ш.Багаажав:
-Баярлалаа, миний хүү. Хаанаас яваа хүү бэ?

Хурандаа Ө.Эрдэнэ-Очир:
-Батлан хамгаалах яам ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлж байгаа юм. Яамнаасаа төлөөлөл болон ирлээ.

Ахмад дайчин Ш.Багаажав:
-Баярлалаа. Манай охин "Аав аа, ялалтын 80 жилийн ой болж байна. Хоёулаа бие гайгүй болбол Батлан хамгаалах яамны хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд очих юм сан" гэж байсан юм. Даанч бид хоёрт тийм боломж байсангүй. Та нарыг ирээд аваач гэж ч хэлж амжсангүй. Гэхдээ буурал дайчнаа марталгүй хүрэлцэн ирсэнд баярлалаа" гэсэн юм. 
Үүний дараа ахмад дайчин Ш.Багаажавт Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасан Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалийг энгэрт нь зүүж, мөнгөн тусламжийг гардуулж, баглаа цэцэг өргөн барив. Ахмад дайчин маань энгэрт нь гялалзах медаль руу байн байн харан "Энэ л ялалтын төлөө олон аавын хүү, ээжийн охин дайны халуун шугам дээр явсан сан. Өнөөгийн амар тайван эх орон минь тийм ч хялбархан олдоогүй юм даа" хэмээн санаа алдан, доголон нулимс унагаасан нь түүний чин сэтгэлийнх байлаа.
Ахмад дайчин Ш.Багаажав гуай олон баатар эрсийн цэрэг нь болж явсандаа одоо ч гэсэн бахархдаг гэсэн. Тухайлбал, БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар, БНМАУ-ын баатар, армийн генерал Б.Дорж, БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэн нартай ойр явснаа дурсаад Халхын голын байлдааны үед Зөвлөлтийн цэргүүд их эрэмгий зоригтой дайчид байсан сан. Өөрийнхөө аав, ээжийгээ авран хамгаалах гэж байгаа юм шиг л бидний төлөө явсан даа. Ямар сайндаа "Монгол Улсыг Зөвлөлтийн нэг улс шиг л бодож хамгаалах ёстой" гэж нэгэндээ хэлдэг байх вэ дээ. Одоо ч гэсэн орос цэргүүдийн дүр төрх санаанд минь тодхон байна гэлээ. Тэрээр таван хүүхэдтэй бөгөөд өдгөө том охин Б.Өлзийсайхантайгаа хамт амьдарч байгаа аж. Том охин Б.Өлзийсайхан "Аав цэргийн тухай ярих их дуртай. Насаараа л надад баатар зоригт цэрэг эрчүүдийн тухай, дайны тухай, энх цагийн Зэвсэгт хүчний тухай ярьж байна даа. Одоо би 70 настай гэхээр юм ойлгож эхэлсэн 10 наснаас хойш тасралтгүй 60 жилийн цэргийн тухай ярианд дунд өсөж бас өтөлж явна. Миний аавд хүндэтгэл үзүүлсэн Батлан хамгаалах яамныханд гүн талархал илэрхийлье. Үнэхээр их баярлалаа" гэлээ.

Image may contain: 1 person, hat

Image may contain: 1 person, sitting and indoor

Санал болгох