"Оюу толгой" компани дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээгээ тэллээ

8.1 зуу
9 өдрийн өмнө
"Оюу толгой" компани дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээгээ тэллээ

"Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” худалдан авалтын стратегийнхаа хүрээнд Монгол Улсын анхны хувийн гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгууллаа. Гурван жилийн хугацаатай, 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий уг гэрээний хүрээнд жилдээ 5,000 хос, “S3” олон улсын стандартын хөдөлмөр хамгааллын гутлыг Оюу толгойн уурхайд нийлүүлэх юм. “Хос-Аз” ХХК-тай байгуулж буй энэхүү гэрээнд гарын үсэг зурахад "Рио Тинто” группийн “Зэс, очир эрдэнийн групп”-ийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат оролцсон юм.

Жилдээ ажлын 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, 80 гаруй ажилчинтай тус компанитай гэрээ байгуулснаар Монголд үйлдэрлэсэн анхны олон улсын стандарт хангасан шинэ бүтээгдэхүүн бий болж, ханган нийлүүлэх хугацаа богиносож, нэмүү өртөг өсөн нэмэгдэж байна.

Бүтээгдэхүүний чанар стандартыг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шалгуулж, холбогдох туршилт, сайжруулалтыг хийлгүүлэн олон улсын чанар стандартад нийцэж буй эсэхийг дахин нягталж шалгаж үзсэний үр дүнд ийнхүү Оюу толгойн уурхайчид Монголд үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын гутал хэрэглэх боломжтой болж байна.

 

Өмнө нь Оюу толгойн уурхайн талбарт хэрэглэдэг байсан хөдөлмөр хамгааллын гутал нь төмөр хоншоортой байснаас удаан өмсөн ажиллахад хүндрэл учрах, онгоцны буудлын аюулгүй байдлын хяналтын цэгээр нэвтрэх үед заавал гутлаа тайлах зэрэг хүндрэлтэй учирдаг байлаа. Харин “Хос-Аз” ХХК-ийн монгол ажилчид төмөр хоншоорыг өндөр чанар бүхий хуванцраар орлуулснаар уурхайчдын тав тух, аюулгүй байдлыг зэрэг шийдэж чадсан юм.

“Хос-Аз” компанийн захирал Н.Зоригт хэлэхдээ, “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй “Монголд үйлдвэрлэв” стратегийн хүрээнд зарлагдсан нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, олон нөхцөл, шалгуурыг давсны үндсэн дээр монгол үхрийн арьсыг ашиглаж, монгол инженерийн ур ухаан шингэсэн хөдөлмөр хамгааллын гутал нийлүүлэх болсондоо баяртай байна. Энэ стратегийн хүрээнд олон бүтээгдэхүүн эх оронд минь үйлдвэрлэгдэж, цаашлаад олон улсад ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нээгдэх байх гэж найдаж байна” гэж хэллээ.

Нэмэлт мэдээлэл:

  • “Хос Аз” ХХК нь 2005 онд байгуулагдсан. Монгол Улсад гутлын үйлдвэр хувьчлагдсанаас хойших анхны хувийн үйлдвэр юм. Тус компани жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. 80 гаруй ажилчинтай. "Хос- Аз" ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 80 хувийг хөдөлмөр хамгааллын тусгай зориулалтын гутал эзэлдэг байна. 2015 онд өөрийн хөрөнгө оруулалтаар Итали, Тайванийн компьютер удирдлагатай, тоног төхөөрөмжтэй хоёр дахь үйлдвэрээ нээсэн. Үйлдвэр нээгдсэнээр хүчин чадал 2 дахин нэмэгдэж загварын өргөн сонголттойгоор ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ, ХҮҮХДИЙН, ӨДӨР ТУТМЫН, МАЛЧДЫН гэх мэт нэр төрлөө өргөжүүлэн үйлдвэрлэж эхэлсэн.
  • Оюу толгой” компани үйл ажиллагааны худалдан авалтын хүрээнд 2019 оны эхний хоёр улиралд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 484 нь үндэсний компани юм. Үйл ажиллагааны худалдан авалтын зардлын 76 хувийг эдгээр компанид зарцуулсан. 2010-2019 оны эхний хоёр улирлын байдлаар үндэсний худалдан авалтад нийт 2.9 тэрбум ам.доллар зарцуулсан.
  • 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар Өмнөговь аймагт бүртгэлтэй 77 ханган нийлүүлэгч “Оюу толгой”-д бараа, үйлчилгээ нийлүүлсэн. 2010-2019 оны хоёрдугаар улирлын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад нийт 488 сая ам.доллар зарцуулсан
  • Оюу толгой” компани 2010-2019 оны хоёрдугаар улирлын байдлаар Монголын компаниудтай хийсэн худалдан авалт, Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин зэргээр улсын хэмжээнд 9.5 тэрбум ам.доллар зарцууллаа.

Санал болгох

Энэ амралтын өдрүүдэд "Элсэн манхны баяр" болно

"Элсэн манхны баяр-2019" уламжлалт арга хэмжээг есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Монголын 9 гайхамшгийн нэг болох Хонгорын элс Дуут манхны хормойд зохион байгуулна.

2 өдрийн өмнө