Г.Ган-Эрдэнэ: Хийн өвчний улмаас 10 жил нойргүйдсэн хүнийг бид эмчилсэн

1.2 мянга
4 өдрийн өмнө

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ.

“Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй уулзаж, хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцлаа.

                -Хий өвчнөөр зовиурлаж байгаа ч түүнийгээ мэдэхгүй, энэ талаар ямар ч ойлголтгүй яваа олон хүн байна. Энэ өвчин хүний биед ихэвчлэн ямар зовиураар илэрдэг талаар ерөнхий ойлголтуудыг уншигчдадаа өгөх нь зөв болов уу?

-Хүний биед үндсэн таван хий буюу амь баригч, дээш гүйгч, түгээгч, гал тэгшитгэгч, уруу арилгагч гэсэн өөр өөрийн тодорхой онцлог үйл ажиллагаа үзүүлдэг таван төрлийн хий байдаг. Мөн мэдрэхүйн таван эрхтэний үйл ажиллагааг хангаж байдаг гишүү таван хий байна. Эдгээрээс  амь баригч хий гэхэд оройд орших бөгөөд хоолой өвчүү нугасанд гүйж идээ ундааг залгих, амьсгал авч гаргах, шүлс хаях найтаах, хэхрүүлэх болон оюун ухааныг тодруулж, хүний сэтгэл санааг удирддаг байх жишээтэй. Энэ хий хямрах юм бол хамгийн түрүүнд  толгой эргэнэ, өвдөнө. Мөн цээж, өвчүүний араар хөндүүрлэж, амьсгал авахад саадтай, идээ ундаа идэхээр хахаж цацах,  хоолойд юм тээглэх мэт горойх зовиур мэдрэгдэнэ. Хүмүүс ихэвчлэн ийм зовиуртай ирдэг. “Хоолойны булчин чангараад юм залгихаар горойгоод байна” гэж. Ийм зовиуртай хүмүүс дурангаар харуулж, шинжилгээ хийлгэсэн ч ямар ч өөрчлөлт харагддаггүй. Мөн арьс хуурайшна, сандарч түгшинэ, айдастай, өөртөө итгэлгүй, эргэлзээтэй болчихдог. Тийм өвчтөн бас манайд саяхан хэвтэж эмчлүүлсэн. Тэр өвчтөн маань арван жилийн турш  нойргүйдэлтэй байсан. Тэр хугацаандаа дусал, тариа хийлгэсээр байгаад сүүлдээ түүнээсээ  хордлогонд ороод реакц өгдөг болчихсон байв.

Тэрээр анх эмчилгээнд орохдоо нэг минут ч тайван хэвтэж чаддаггүй байсан. “Эмч ээ, байж байгаарай, би сонин болоод байна” гээд босоод цээжээ нүднэ, базна. Хэвтэж, сууж чадахгүй, босч явдаг. Тогтвортой нэг байршил байхгүй, нэг зүйл дээр төвлөрч чаддаггүй болчихсон байсан.

Манайд хэвтэж эмчлүүлсэн эхний долоо хоногт тухайн өвчтөн шөнөдөө унтдаг болсон. Одоо өвчтөний маань хүсч байгаа зүйл нь зоригтой болох. Ямар ч зүйлийг хийсэн өөртөө эргэлздэг, зүрх зориггүй болчихсон гэж хэлдэг. Уламжлалт анагаах ухаанд өвчтөний биеийг эмчлэхээс гадна, сэтгэл заслын эмчилгээг давхар хийдгээрээ давуу талтай.

Хий хямрахад хүний биед хамгийн гүн нөлөөлдөг зүйл нь сэтгэл зүй. Аливаа зүйлд их шаналж, санаа зовдог, гаслангийн үйл ихтэй, ойр дотны хүн нас барснаас болоод түүндээ энэлж шаналаад удчихсан хүмүүс сэтгэлийн үйлээрээ маш их хийрхэж байна.

Мөн хүмүүст нийтлэг илэрдэг нэг шинж тэмдэг нь сэтгэл санаа тавгүйтэх. Хэхрүүлдэг, эсвэл маш их найтаах, хараа, сонсгол, үнэрлэх чадвар муудах гэх мэтээр мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагаа доройтох шинжүүд илэрдэг.

                -Тэгвэл дээш гүйгч хий гэж юу вэ?

-Дээш гүйгч хий өвчүүнд орших бөгөөд хамар хэл багалзуурт гүйнэ. Үг гаргах, хүч чадал, өнгө зүс, хичээл шамдал дурьдлыг тодруулна. Энэ  хий хямрахад илэрдэг хамгийн гол зовиур нь өвчүүний ард хүнд оргих. Зүрхний бичлэг, эхогоор мөн л өөрчлөлт илэрдэггүй. Удаан ярихаар хэл чулчрах, ээрнэ, хоолой гарахаа болино. Нүүр, ам муруйна. Маш амархан тамирдаж ядарна, ам их цангана, арьс нь маш хуурай болно. Бас нэг шинж тэмдэг нь хэлгийрэх буюу ярьж чадахаа больчихдог. Өөрөө зүгээр яриад байна гэж бодох боловч үгийг нь сонсч байгаа хүн ойлгодоггүй. Үгийг тод хэлж чадахаа больдог гэсэн үг. Дээш гүйгч хий хямрахаар мөн үнэрлэх мэдрэмж буурчихдаг. Чих, хамар, хоолой эмнэлэгт үзүүлэхээр, “Зүгээр, хэвийн байна” гээд байдаг. Европ анагаах ухаанд хийн талаарх онолын ойлголт байдаггүй учраас хийн хямралаас үүдэлтэй хөнгөн, хүнд хэлбэрийн эмгэгийг оношлох, эмчлэх талаар дутагдалтай байдаг.

-Түгээгч хийн хямрал хэрхэн илэрдэг юм бол?

-Түгээгч хий зүрхэнд орших бөгөөд бүх биед түгэж гүйнэ. Явах харайх, атийлгаж тэнийлгэх, жийх хумих зэрэг биеийн үйлдэл бүрийг хийнэ. Энэ хий хямрахад зүрх мушгирч, тэр орчмоор өвдөнө, биеийн хөдөлгөөн алдуурна, ухаан санаа будангуйрна. Юмыг барин тавин санадаг болчихдог. Дотор эвгүйрхэж, манарна. Түрхэн зуурт үхэтхийн унана. Манайд яг ийм шинж тэмдэг илэрсэн нэг өвчтөн эмчлүүлж байна. Тэр хүн, “Гудамжинд явж байтал байшингууд над дээр налаад ирж байгаа юм шиг санагдаад би уначихаад босч ирсэн” гэдэг. Өвчтөн маань тэгж унаснаас болоод шагай нь хугарчихсан байсан. Хий хямрахад хүн ингэж агшин зуурт ухаан балартаж, тэнцвэр алдагддаг байх жишээтэй. Хөл гар нь хөшиж явж сууж чадахгүй болох, бөгтийх, яс үесийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж илэрнэ.

    -Хий хямралын өвчнөөр голдуу тийм ажил, мэргэжлийн хүмүүс хямарч байна гэсэн тодорхойлолт хэлж болох уу?

– Хийн бэлгэ чанар голлон оршдог эрхтэнүүд гэж бас байна. Жишээ нь чих нь хийн голлон оршдог орон бөгөөд сонсголын үйл ажиллагаа нь хийн үйлдлээр голлон  явагдаж байдаг. Хөгжим их сонсох, уйлаан, дуулаан, хөгжим ихтэй газарт хий ихээхэн хямардаг. Тэгэхээр чимээ ихтэй газар ажилладаг хүмүүс хийгээр хямрах нь элбэг тохиолдож байна. Эсвэл маш стресстэй, ачаалалтай ажил хийдэг хүмүүс байна. Биеийн гэхээс илүү сэтгэлзүйн хувьд ачаалалтай ажилладаг хүмүүс илүү ихээр ядаргаанд ордог.

Манайд нэг байгууллагаас гурван ч хүн яг ижилхэн зовиуртайгаар ирж хэвтэж эмчлүүлсэн. Тэд ходоод гэдэс нь хямардаг, сэтгэл зүйн асуудалтай болчихсон байв. Шалтгааныг нь тодруулаад үзэхээр тэд гурвуулаа цонхгүй, давчуу өрөөнд 2-3 жил ажиллааад нойргүйдэлтэй болчихсон, ходоод гэдэс нь хямарчихсан хүмүүс байсан.

    -Хий өвчний эмчилгээний нийтлэг арга гэж байдаг уу?

-Өвчнийг хамгийн түрүүнд хоол хүнсээр, дараа нь явдал мөрөөр нь, эмээр эмчилнэ. Уламжлалт анагаах ухаанд эдгээрээр эмчлэгдэхгүй байвал заслаар өвчтөнөө эмчилдэг. Хэвтэн эмчлүүлэх тасагт ихэнхдээ өвчин нь нэлээд хүндэрсэн хүмүүс ирдэг.  Бид үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх 10 хоногийн хугацаанд идээ унд, явдал мөр, эм, заслын эмчилгээ гэсэн эмчилгээний дөрвөн аргыг цогцоор хэрэглэж эмчилдэг. Үүний үр дүнд бие, сэтгэлийн үйл ажиллагааг цогцоор нь сайжруулах тал ихээхэн сайн нөлөөтэй байдаг.

Санал болгох

О.Мөнхсайхан: Парламeнтын засаглалаас татгалзах эсэхээр ард нийтийн санал асуулга явуулж болохгүй

МУИС, Хууль зүйн сургуулийн профессор, доктор, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхантай ярилцлаа.

4 өдрийн өмнө
Синдикат ярилцлага – Эксклюсив #1 : Хөгжил бол Хүний эрх

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын Хөгжлийн эрх хариуцсан хэлтсийн дарга Аюушийн Бат-Эрдэнэ уригдлаа.

5 өдрийн өмнө
Элчин сайд Уиллиам Андрэас Браун: Монголтой харилцаа тогтооё гэж санал тавьсных өөрөө монгол хэл сурах хэрэгтэй болсон

Уулзах ёстой хүнтэйгээ уулздаг л юм гэдэг энэ. Ингээд бид хоёр хөгшнийг Вашингтон хотын монголчуудын наадамд урьж, Элчин сайдын яамныхантай танилцуулан асарт нь залж хүндэтгэл үзүүлээд, миний бие цаг тохирон, дэлгэрэнгүй ярилцлага авахаар болсон юм. Нас сүүдэр 89-тэй, хоёр улсын харилцааны хамгийн эмзэг далд үеийн үүх түүхийг өгүүлж чадах энэ хүнээр дуртгалыг нь яриулж авах нь нэн чухал билээ.

13 өдрийн өмнө