Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцэж байна

27.6 мянга
1
1 сарын өмнө
Монгол Улсын гадаад өр ДНБ-ний 220 хувьтай тэнцэж байна

Гадаад өр ба Хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 2 - 11-ний өдрүүдэд манай улсад ажилласан тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байна. Мөн хувийн салбарын өр дотоодын нийт өрийн /ипотек, хэрэглээ, компанийн өр/тал хувийг эзэлж байгаа бол бусад 50 хувь нь ихэвчлэн уул уурхайн корпорацуудын гадаад өр эзэлж байна.

Засгийн газар төсвийн бүрдүүлэлтээ хийж, хүний эрх, нийгмийн асуудлыг орхигдуулж, энэ чиглэлийн төсвийн хөрөнгийг танаж энэхүү өрөө төлөх  явдал түгээмэл ажиглагдаж байна гэдгийг тэр онцлов.

 Мөн нийгмийн салбарт өнгөрсөн арван жилд хуваарилсан төсвийн хөрөнгө  хумигдаж иржээ. Тухайлбал, боловсролын салбарт нийт төсвийн 18 хувь нь бага болон дунд сургуулийн санхүүжилтэд зарцуулагдаж байна. Харин эрүүл мэндийн салбарт 2018 онд гэхэд гэр бүл төлөвлөлтийн чиглэлийн үйл ажиллагаанд 1.8 тэрбум төгрөг  төлөвлөсөн нь 2010-2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт  аж.

 НҮБ-ын хараат бус шинжээч эрүүл мэндийн салбар гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр хүн амд үзүүлэх үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангахгүй байгаагаас  үр хөндөлтийн хувь ихээхэн хэмжээгээр өссөнийг анхаарууллаа.

Мөн ажил мэргэжлийн ялгаатай байдлаас цалингийн зөрүү их байна. Эрэгтэйчүүд  эмэгтэйчүүдээс 11.4 хувь илүү цалин авч байна гэв.

Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2010 онд 0.697 байсан бол 2017 онд 0,741 болж ахиц дэвшил гарчээ. Гэсэн хэдий ч улсын эдийн засаг ашигт малтмалын үнэ болон эдийн засгийн уналтын цикл нөлөөнд автан 1996, 2000, 2009 онд ДНБ-ний өсөлт доогуур түвшинд хүрсэн ба 2009 онд 1.269 хувь болж буурчээ.

Ядуурлын түвшин 2014 онд 21.4 хувьтай байсан бол 2016 онд 29.6 хувьд хүрч өссөн байна.

2016 оноос эдийн засагт нүүрлээд байсан хямралыг даван туулахын тулд Монгол Улс ОУВС-гийн гурван жилийн хугацаатай 425 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон чухал эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэв. Гэсэн хэдий ч эдийн засгийн шинэчлэл хүний эрхэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг шүүх засаглалын түвшинд ч, гүйцэтгэх салбарын түвшинд ч хийж заншаагүй байгааг НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски анхааруулж байна.

 

Оюутолгойн уурхайг хөгжүүлэх талаар 2009 онд Монгол Улсын Засгийн газар Рио Тинто-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр татварын тогтвортой байдлын тухай заалт нь 30 жил хүчинтэй  байх юм байна. Тиймээс цаашид гэнэтийн ашиг болон ер бусын ашигт татвар ногдуулах эсэх асуудлаар санал зөрөлдөөнтэй  байх магадлалтай бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал гэрээг дахин авч үзэн, хэлцэл хийх замаар зах зээлийн үнэд суурилсан хөвөгч роялти хэрэглэх хувилбарыг сонгох нь хувилбар байж болох юм гэсэн саналаа дэвшүүлжээ.

НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски өнөөдөр танилцуулсан тайлангаа дахин хянан боловсруулж, ирэх арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газарт танилцуулах юм байна. Монгол Улсын Засгийн газар түүний тайлантай танилцаж, хариу өгсний дараагаар НҮБ-ийн хүний эрхий комисст тайлангаа бүрэн дуусгавар болгон хүлээлгэн өгөх ажээ

Санал болгох