Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутыг үндсээр нь өөрчилнө

1.0 мянга
4 өдрийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутыг үндсээр нь өөрчилнө

Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгохын тулд цогц шийдэл, шинэчлэлт хийхээр дэд бүтцийн төсөл боловсруулснаа НЗДТГ-аас Засгийн газарт танилцуулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын бүтцийг үндсээр нь өөрчилж, шинэчлэн төлөвлөх, цахилгаан соронзон тээвэр нэвтрүүлэх, хүн ам сийрэг бүсүүдэд дүүжин замын тээвэр хийх, тусгай замын автобус явуулах, үйлчилгээний төлбөр төлөлтийн системийг боловсронгуй болгох аргачлалыг боловсруулсан байна.

Дашрамд дурьдахад, энэ оны тавдугаар сард БНСУ-ын Техник, технологийн судалгааны төвийн инженер, профессор Шин Бён Чон тэргүүтэй албаны хүмүүс Монголд айлчлах үеэрээ цахилгаан соронзон галт тэрэг (maglev) зохион бүтээн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн талаараа танилцуулж байсан.

Уг цахилгаан соронзон галт тэргийг зохион бүтээгч профессор Шин Бён Чон байгальд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, Монгол оны цаг уурын нөхцөлд тохирно гээд олон давуу талтай талаар танилцуулсан юм. Галт тэрэгний дугуй замтайгаа хавирдаггүй учир дуу чимээ гаргаж, тоос, тоосонцор дэгдээдэггүй аж. Нэг бүхээгт ойролцоогоор 115 хүн зорчих боломжтой, зорчигчид цахимаар төлбөрөө төлдөг системтэй, жолоочгүй, ухаалаг технологиор удирддаг учир эдийн засагт ч хэмнэлттэй хэмээн танилцуулж байсан юм.

Нийслэлийн удирдлага дэмжлэг үзүүлбэл үргэлжлүүлэн судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулан, шаардагдах зардал, эдийн засгийн үр өгөөжийг судлах санал уулзалтын үеэр гаргасан юм.

Санал болгох