МЖБХ-ны удирдлага, дасгалжуулагч нар ажлаа хүлээлгэн өглөө

1.0 мянга
1 сарын өмнө
МЖБХ-ны удирдлага, дасгалжуулагч нар ажлаа хүлээлгэн өглөө

Монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ээс ганц хүрэл медальтай ирсэн МЖБХ-ны удирдлага, дасгалжуулагч нар хариуцлагаа ухамсарлаж, Монголын жүдочид дэлхийд данстай гэдгээ нотолж ажлаа хүлээлгэж өглөө.

Ерөнхий дасгалжуулагч:

О.Балжинням

Туслах дасгалжуулагч:

Д.Баттулга
Х.Эрдэнэт-Од
Ш.Цэвэлмаа
Г.Дашдаваа 

Гүйцэтгэх захирал М.Бөхбат нар бид өнөөдөр хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа  хүлээлгэн өгч байна гэдгээ зарласан юм.

МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат “2019 оны ДАШТ-ий тайлан хурал өчигдөр холбоон дээр болсон. Хурлын үеэр МЖБХ-ны удирдлагын зүгээс ДАШТ-ий хүрээнд холбогдох ажлуудыг хангалттай хийж чадаагүй. Тухайлбал, тамирчдаа бэлтгэл сургуулилтад хангалттай хамруулж чадаагүй, уураг витаминжуулалтаар хангалттай хангаж чадаагүй, бэлтгэл тактикийн барилдаанууд дээр алдаа дутагдалтай, чамлахаар байсан. Мөн  клубын багш дасгалжуулагчид бусад тамирчдыг энэ хүрээнд сайн хамруулж чадаагүй, бэлтгэл хангагчдыг хангалттай зохион байгуулж чадаагүй гэсэн үндэслэлүүдээр МЖБХ-ны удирдлага миний бие өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрийг гаргалаа.

Энэ хугацаанд биднийг дэмжиж ажиллаж байгаа олон хүнээс гадна Монголын ард түмнээсээ уучлалт гуйж, “Бид хангалттай сайн ажиллаж чадаагүй дээ харамсаж байна” гэдгээ дахин хэлье. Мөн дараа дараагийн хүмүүстээ амжилт хүсэж байна” гэлээ.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням “Миний хувьд Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2011 онд томилогдсон. Найман жилийн хугацаанд энэ багаа ахалж   ажилласан байна. Энэ хугацаанд бидний гаргасан амжилт ч өндөр. Дэлхийн аварга гурав, ДАШТ-ий мөнгөн медаль гурав,  хүрэл медалийг 10 гаруй тамирчин авсан байна. Олимпоос 2 мөнгө, 1 хүрэл,  Азийн наадмаас 3 алтан медаль авсан. Гэвч 2019 оны Токиогийн ДАШТ-д, олимпийн урд жил болж байгаа тэмцээнд бид нарын ажлын алдаа дутагдлаас болж нэг хүрэл медаль, нэг тав, нэг долдугаар байр гэсэн амжилт үзүүллээ. Иймээс манай шигшээ багийн бүх дасгалжуулагч нар дүгнэлт хийгээд дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч  олимпд орог гэсэн үүднээс бүгд ажлаа өгч байна.

Энэ хугацаанд бид нарыг дэмжиж ажилласан МЖБХ болон Монголынхоо нийт ард түмэн, биеийн тамирын байгууллагуудад баярласнаа илэрхийлж байна. Бид цаашдаа ч гэсэн жүдо бөхөө хөгжүүлэх үйл хэрэгт оролцоод цаашид улам их амжилт гаргуулахын төлөө ажиллах болно” гэв.

Санал болгох