У.Хүрэлсүхээ, дахиад нэг сайд чинь харъяа байгууллагаараа автомашин авахуулаад уначихжээ

9.4 мянга
18
6 өдрийн өмнө
У.Хүрэлсүхээ, дахиад нэг сайд чинь харъяа байгууллагаараа автомашин авахуулаад уначихжээ


 
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ тойрсон дуулиан тасардаггүй. Арга ч үгүй биз. 16.000 ажилтантай Монголын хамгийн том гэр бүл. Энэ байгууллагыг удирдаж буй Д.Жигжиднямаа даргын тухай шүүмжлэл сүүлийн хэдэн жил олонтаа өрнөв. 2 улсын эдийн засгийн харилцааг төлөөлсөн цор ганц байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд шинэ баримт дэлгэгдэх бүрт унаж байх шиг санагдана. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хууль бус үйлдлүүдийн тухай Өдөр тутмын сонингуудын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл баримт дэлгэн хариуцлага нэхэх болсон. Тэднээс өмнө өдөр тутмын “Засгийн Газрын мэдээ” сонин тэмцэл өрнүүлж байсныг санаж байна. Д.Жигжиднямаа дарга 2016 онд томилогдсоноосоо хойш Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан гээд 4 дэхь салбарын сайдын барааг харав. Үе үеийн сайдууд түүний хэл ам таталсан үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцож байсангүй. Харин бидэнд олдсон баримтаар энэ хүнд ЗТХЯ-ны үе үеийн сайдуудыг татах увдис байсан бололтой.  
ЗТХЯ-нд газрын дарга нар нь албан тушаал булаацалдан нэгийгээ хөнөөсөн. Айхтар хэргээс шалтгаалан Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг  100% чөлөөлж байв. Хариуцлага тооцсонд баярласан ард түмний сэтгэлд удалгүй “ус цацагдсан”. Зөвлөх нэрээр тэдгээр хүмүүсийн олонхи нь төрд буцан ирсэн. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоныхоо дараа ЖДҮ сангийн зээл авсан шалтгаанаар асар богино хугацаанд огцров. Удалгүй “Би энэ салбарт шинэ хүн биш, жолоочийн кабинд өссөн” гэдгээ зарласан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан томилогдон ирэв. Тухайн үед хэвлэлийн хуудаснаа УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн нэр таагүй өнгө аястай бичигдсээр л байв. Шинэ сайд хариуцлагын асуудлыг мөн л ярьсангүй. Гайхалтай нь эрхэм сайд өмнөх сайдынхаа унааг биш шинэ автомашин хөлөглөх болов. 

Бидэнд байгууллагынхаа үйл ажиллагаанд сэтгэл зовнисон шударга ажилчид хандсан юм. Тэд хэд хэдэн ноцтой байж болзошгүй баримтыг өгсөн. Тэр дунд хамгийн их анхаарал татсан зүйл бол ЗТХЯ-ны удирдлагуудын хангамж байлаа. Ямар шалтгаанаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа салбарын сайддаа шинэ автомашин худалдан авч өгөв. Энэ асуулт зүй ёсоор сонирхол татна. 

Баримт 1 : 2019 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 252.9 сая төгрөгөөр УБТЗ худалдан авсан баримт


Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын худалдан авсан автомашин тун удалгүй Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн өдөр тутмын үйлчилгээнд явдаг болов. Сайд өөрийн дуртай 07-13 улсын дугаарыг ч зүүв. Сураг сонсох нээ эрхэм сайдын хувийн автомашинууд сери өөр ч яг ижил дугаартай байдаг гэнэ. “Таван богд” ХХК болон УБТЗ хооронд хүлээлцэх хуудас бөглөхдөө 07-13 УБЗ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашин гэж тодорхой бичжээ. Сайд энэ л улсын дугаар бүхий автомашиныг хөлөглөж явна. 

Баримт №2:  “Таван богд” ХХК болон УБТЗ хүлээлцэх хуудас бөглөсөн байдал

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төрийн өндөр албан тушаал хашиж буйн хувьд найдвартай автомашин хэрэглэх нь зүйн хэрэг. Гэвч энэ хэрэгцээг хангах зорилгоор Засгийн Газар дэргэдээ автобааз ажиллуулдаг. УИХ-ын гишүүний хувиар ч, сайдын хувиар ч түүнд оногдсон том болон жижиг автомашин байх ёстой. Төсөв зардлаа хэмнэн, ард түмнийхээ төлөө зүтгэх амлалттай МАНдуулах багийн гишүүн таньд заавал тусдаа хангамж хэрэгтэй гэж үү? 
 
Эрхэм сайдын хэрэглээ ганц автомашин авахуулсанаар дууссангүй. Автомашины урсгал зардал, жолоочийн цалинг УБТЗ мөн хариуцжээ. 2016 оноос өмнө Зам тээврийн яамны удирдлага ийм хангамж эдэлж байгаагүй гэдгийг зарим хүн хэлж байна. Түүнчлэн ЗТХ-ийн сайдын зөвлөх, УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл ч тус байгууллагаас автомашин унаж, урсгал зардал, жолоочийн цалингаа төлүүлдэг байх юм. Тэдний жолоочийн цалингийн зардал сард 1.5-2.8 сая төгрөгт хүрчээ. Шатахууны зардал ч сард 1-2.2 сая төгрөгт хэлбэлзэж байна.   

Баримт №3: ЗТХЯ-нд үйлчилж байгаа жолооч нарыг УБТЗ-аас цалинжуулж буй байдал

 

Баримт №4:  ЗТХЯ-нд үйлчилж байгаа автомашинуудын шатахуун, шатах тослох материалын зарцуулалт...

Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг огцруулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуайн паян дүү нарт нь халдварлан, үргэлжилж байна. Угтаа мань эр УИХ-ын дэд дарга гэдэг том албан тушаалыг салбарын сайд гэдэг 4 удаа хийж үзсэн ажлаар сольсон. Үүнээс сайд гэдэг албан тушаал бусдыг татах ид шидтэй гэдэг нь олонтаа харагддаг. Тухайн үед туршлагатай сайд өөрийн харъяа ШШГЕГ-аар тухайн онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ Lexus-570 автомашин авахуулж тухалсан. Гэвч нийгмийн сүлжээгээр ХЗДХЯ-ны гадна зогсох тансаг зэрэглэлийн автомашиныг шүүмжилснээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх буцаан зарахыг үүрэгдсэн юм. Засгийн газар байгуулагдсаны 100 хоног, 2018 он энэ л дуулианаар эхэлж байв. Харамсалтай нь сайдууд үүнээс сургамж авсангүй.

 ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангийн УБТЗ-аар авахуулан унаж буй Land-200 автомашин...

УБТЗ-ын 1968 оны Дүрмийн дагуу Ерөнхий хорооны гишүүдэд мөнгөн урамшуулал өгч болох тухай заалт бий. Өөр ямар нэгэн  хангамж эдлэх ёсгүй. Тус дүрэм нь 1949 оны УБТЗ-ыг байгуулсан олон улсын хэлэлцээний салшгүй хэсэг гэдэг. За бүр ёс зүйн асуудлыг нь орхиё гэж бодоход олон улсын гэрээг бас хүндлэх хэрэгтэй болов уу? Нэг сайдад ажил үүргээ биелүүлэхэд хичнээн машин хэрэгтэй байдаг юм болдоо?
 

Санал болгох