З.Нарантуяа: Нийгэмд асуудлууд тулгараад байгаад ардчилал буруугүй

1
3 сарын өмнө
З.Нарантуяа: Нийгэмд асуудлууд тулгараад байгаад ардчилал буруугүй

-Ардчиллыг  хэрэгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн улс төрийн хүчин-эрх баригчид буруутай-

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Манай улсад ардчилсан хувьсгал ялаад даруй 30 жилийг ардаа үджээ. 30 жил гэдэг хүний насаар эрийн цээнд хүрсэн нас. Тиймээс ардчилал төдийгөөс өдий хүртэл явж ирсний хувьд өнгөрсөн 30 жилийн түүхийг Та уншигчидтай хуваалцана уу?

-Энэ 30 жил миний хувьд ажил амьдралын гараагаа эхэлсэн 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл туулж ирсэн амьдралын маань бодит түүх юм. Тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн хуулийн факультетын төгсөх ангийн оюутан би 1989 оны өвөл арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын захиргаанд дадлага хийхээр иртэл монголчууд Сүхбаатарын талбайдаа багтахгүй шахам цугларч, МоАХ-ын анхны цуглаан зохион байгуулагдаж байлаа. Цайны завсарлагаанаар талбай орж хүмүүсийн дундуур шургаж, юу болж байгаа, ямар зүйл яригдаж байгааг ихэд сонирхсон. Олон намын систем тогтооё, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулъя гэх мэт олон шаардлагыг тавьж, нам төрийн удирдлагаа огцрохыг шаардаж, хүнд суртал, хаалттай байдлын эсрэг тэмцэж жагсаал, цуглаан зохион байгуулж байсан. Тэр үед хуучнаар ЗХУ-д ч перестройка буюу өөрчлөн байгуулалт ид яригдаж зогсонги болсон коммунизмыг шүүмжилсэн, нэг нам, түүний удирдлагыг  тойрон хүрээлэгчдийг буруутгасан өнгө аяс газар авч, нийгмээрээ өөрчлөх шинэчлэх уур амьсгал өрнөсөн цаг байлаа. Олон ургальч үзэл, ил тод байдал хориотой, социализм, коммунизмын үзэл сурталд баригдсан, төвлөрсөн төлөвлөгөөт, 100 хувь төрийн өмчид суурилсан, өрсөлдөөнгүй, үр ашиггүй эдийн засагтай социалист систем задарч эхэлж байсан үе л дээ. Энэ бүх үйл явц Монголд Ардчилал үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх аа. Олон жагсаал, цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлах зэргээр ардчиллын төлөө тэмцэгчдийн үйл ажиллагаа улам идэвхэжсээр 1990 оны долдугаар сарын 22-29-нд анхны чөлөөт ардчилсан сонгууль болж, төрийн эрх барих дээд байгууллага-Ардын Их хурлыг өөрсдөө сонгож байгуулж чадсан. Мөн 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж, хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, чөлөөт зах зээл шударга өрсөлдөөн бүхий Ардчилсан улс болсноо зарлаж тунхагласан түүхтэй.

-Аливаа зүйл алдаа оноогүйгээр урагшилдаггүй жамтай билээ. Ардчиллын 30 жилийн хугацааны алдаа болон оноо, сургамжийн талаар санал бодлоо хуваалцана уу?

-Би Ардчилсан хувьсгалын анхны партизан биш учраас Ардчиллыг эхлүүлсэн, хөгжүүлсэн бүх үйл явцыг, гаргасан алдаа оноог нэг бүрчлэн сайн мэдэхгүй. Харин Ардчилсан хувьсгал ялснаас хойших 30 жилийн хугацаанд Монголын нийгмийн харилцаа цоо шинээр өөрчлөгдөж,  ардчиллын хамгийн чухал үнэт зүйл болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн өмчтэй байх, чөлөөтэй зорчих гэх мэт хүний суурь эрхүүдийг хүн бүр эдэлж, сайхан амьдрах баталгаа, эрх эрх чөлөө нь  Үндсэн хуулиар хамгаалагдсан. Мөн өнөө үеийнхэнд энэхүү нийгмийг бүтээж өгсөн, дараачийн үеийнхнийг энэ их эрх чөлөөг эдлэх баталгааг бий болгож чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ бол хамгийн том ололт, амжилт гэж бодож байна. Мэдээж алдаа оноогүй нийгэм гэж байхгүй. 30 жил гэдэг нийгмийн хөгжил талаас нь харвал бас тийм ч удаан хугацаа биш. Монголын Ардчиллын өнөөгийн байдлын талаар бичсэн Германы иргэн Доктор Петер Шаллер “Ардчилал гэдэг эрх барих дүрмээ өөрчлөх төдий бус, харин тодорхой хэмжээнд сэтгэхүй, аливаа зүйлд хандах хандлагыг өөрчлөхөд оршдог. Өөрөөр хэлбэр, эрх баригчид болон ард түмний менталитыг уялдуулан хэвшүүлнэ гэсэн үг” гэж  хэлснээс эш татаж дүгнэвэл алдаа оноон дээрээ дүгнэлт хийн хандлага сэтгэлгээгээ өөрчлөх нь удаан үйл явц юм даа гэж бодогддог. 

-Ардчиллыг үгүйсгэх үзэл одоо ч хаа нэг цухалзсаар байна. Энэ талаар байр сууриа илэрхийлж болох уу?

-Хэдийгээр улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, нийгмийн тэгш бус байдлын ялгарал асар ихээр нэмэгдэж, ард түмний амьжиргаа төдийлэн сайжрахгүй, улс төрийн намуудын хариуцлагагүй байдал, төрийн муу менежмент, засаглалын хямрал, авлига гэх мэт нийгмийн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйлүүдийн үзүүлэлт хангалтгүй байгаа ч Ардчилсан нийгмийн үндсэн гол институцууд манайд огт таарахгүй, Ардчилал зөв загвар биш гэсэн эргэлзээтэй үнэлгээ дүгнэлтүүдийг зарим судлаачид, иргэд, улс төрийн нам, хүчнүүд хийж, нийгмийн оюун санаанд  нөлөөлөх замаар Ардчиллыг үгүйсгэх, тээнэгэлзүүлэх  байдал үүсгэж байгаад хувь хүнийхээ хувьд харамсч явдаг. Тэр тусмаа үүнд зөвхөн АН-ыг буруутгадагт. Ардчиллыг Монголд үүсгэсэн, дэлгэрүүлж хөгжүүлэх гэж эхлүүлсэн нь Ардчилсан хүчнийхэн хэдий ч бодит үйл хэрэг болгож, зөв төлөвшүүлэх үүргийг ард түмэн ихэвчлэн МАН-д хүлээлгэсэн байдаг. Тиймээс алдаа оноо бүр бидэнд ижил хэмжээгээр ногдоно гэсэн үг. Алдаагаа хамт засах хандлага, сэтгэлгээ одоо ч бүрдээгүй байгаа нь  өнгөрсөн хоёр сарын хугацаанд өрнөсөн  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг, УИХ дахь санал хураалт, гаргаж байгаа шийдвэрээс харагдаж байна. Ер нь улс төрийн намууд ухамсаржиж, өөрөөр сэтгэж, ажиллахгүйгээр Монголын нийгмийн хөгжлийн чиг хандлагад өөрчлөлт гарахгүй. Нийгмийн тулгамдсан асуудлууд үүсээд байгаад харин Ардчилал өөрөө буруугүй.

-1989 оноос өмнөх он жилүүдийг бодвол өнөөдөр бид хувийн өмчтэй болж, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, барианаас хамтдаа хөдлөх боломж ч олдож байна. Гэхдээ ганцхан асуудал байгаа нь эдийн засгийн хувьд хэр ардчилсан байж чадаж байна вэ гэдэг. Энэ талаарх таны бодол?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар олон тулгуур бүхий чөлөөт эдийн засагтай байж, хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн улс. Худалдаа арилжааг чөлөөтэй хийх, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилж, өөрийн нэр дээр бүртгүүлэх, үр хүүхдэд өвлүүлэх, хувиараа хөдөлмөрлөх, бизнес, ажил эрхлэх, цалин хөлс авах зэрэг суурь  эрхүүд Үндсэн хууль болон бусад хуулиар хуульчлагдан хамгаалагдсан ч эдгээр эрхээ бодитойгоор эдлэх боломжийг төр бүрдүүлж өгч чадахгүй байгаад гол асуудал нь байна. Тухайлбал, бизнес эрхлэх иргэдээ төр ЖДҮ-ийг дэмжих сангаараа дамжуулж дэмжинэ гэдэг ч энэ сангаас дэмжлэг хүссэн нийт иргэд, аж ахуйн нэгжийн дөнгөж нэг хувь нь л зээл авах эрхээ эдэлж чаддаг. Үүний шалтгааныг төсөв мөнгө нь хүрэлцэхгүй гэж тайлбарладаг. Тиймээс төсөв, санхүүгийн хүрэлцээ, хүртээмжтэй, оновчтой хуваарилалтыг бий болгохын тулд төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өр зээлийн дээд хэмжээг Үндсэн хуулиараа тогтоож, орлого, зарлагын бүтцийг хэрхэн уялдаатай тодорхойлох суурь зарчмыг тусгах хэрэгтэй. Гэвч энэ санал дэмжигдсэнгүй.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" 

Сэтгүүлч: Б.БЯМБАСҮРЭН 

Санал болгох

Б.Өнөмөнх: Хуульчдын холбоо ярьснаар, өмөөрснөөр хуульчдын нэр хүнд дээшлэхгүй

Монголын Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгч Батсайханы Өнөмөнх анхны ярилцлагаа Time.mn сайтад өглөө. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт нартай өрсөлдөж, Хуульчдын холбооны ерөнхийлөгч болсон юм.

3 өдрийн өмнө
Г.Бямбасүрэн: Дэлхийгээс сар руу гурван удаа явсантай тэнцэх замыг туулсан “саятан” жолооч

ОБЕГ-ын даргын жолооч Г.Бямбасүрэнтэй хөөрөлдлөө.

5 өдрийн өмнө
SYNDICATE TALK: Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ

“Үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгчдийн институт” Монголд анх удаагаа “Project Forum”-ийг санаачлан зохион байгууллаа. Энэ форумтай цуг Синдикат ярилцлагын 46 дахь дугаар та бүхэнд хүрч байна.

20 өдрийн өмнө