У.Хүрэлсүх ээ, УБТЗ-ын удирдлага халбага сэрээ, ор хөнжил, хөөрөгөө хүртэл албаны мөнгөөр авахуулж байна...

10
3 сарын өмнө
У.Хүрэлсүх ээ, УБТЗ-ын удирдлага халбага сэрээ, ор хөнжил, хөөрөгөө хүртэл албаны мөнгөөр авахуулж байна...

Төрийн байгууллага, ТӨХК-ийн удирдлагуудтай холбоотой олон л баримт харж байв. Хууль бус үйлдэл, төсвийн мөнгийг шамшигдуулсан тохиолдол гээд олон зүйлс хөвөрдөг. Гэхдээ арай ч ийм шившигтэй зарлагын баримт үзнэ гэж бодож явсангүй. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ бол бие даасан санхүүтэй “вант улс” гэж өргөмжлөгдсөн байгууллага. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүх байгууллага төрийн аудит, мэргэжлийн хяналтын төв газарт шалгуулах үүрэг хүлээдэг. Харин Олон Улсын хэлэлцээр үйлчилдэг УБТЗ энэ шалгалтаас олон жил гадуур өнгөрчээ. Хяналтгүй газарт авлига, ашиг сонирхлын зөрчил, үр ашиггүй худалдан авалт “шимэгчилнэ”. 

МАН 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулахын өмнө УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатартай холбоотой нэгэн дуулиан гарч байв. Мань эр “өмд, гутлаа хүртэл албаны мөнгөөр авахуулсан” гэж шүүмжлэгдсэн. Гэтэл одоо нөхцөл байдал улам эмгэнэлт түвшинд хүрчээ. Бидний гарт шударга ёс эрхэмлэсэн төмөр замчид дараах баримтыг атгуулав. Гажуудал даамжирсаар, дарга нарын хангамж дээд цэгтээ тултал завхарчээ. Төмөр замын ажилтан албан хаагчдын нийгмийн халамж, төмөр замын аюулгүй байдал хамгаалаланд зарцуулагдах ёстой мөнгөөр эрхэм дарга нар халбага сэрээ, хайруулын таваг, түмпэн сав, ор хөнжил, ус буцалгагч, индүү бүүр эцэстээ хөөрөг даалин авахуулдаг болжээ. 


Зураг тайлбар: УБТЗ-ын 1-р орлогч дарга И.В.Милостных гуайн хэрэгцээнд зориулагдсан худалдан авалтын баримтууд... 

Мэдээж энэхүү баримт дэлгэгдсэний дараа УБТЗ-ын удирдлага ямар тайлбар хийх нь ойлгомжтой. “ОХУ-аас ирсэн удирдах албан тушаалтандаа хангамж гаргасан” гэж мэлзэнэ. Харин бидний дэлгэх дараагийн баримт тэднийг хэлэх үггүй болгох биз. Монголын төр, ТӨХК-д хэзээ ч хөөрөг, даалин албан хэрэгцээндээ зориулан авахуулж байсан дарга олдохгүй байх. Гэтэл УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Оросын талын хамтрагчаа ээлжит удаагаа халамжлав. Зөвхөн бидэнд олдсон мэдээлэл ийм байхад мэдэгдэлгүй хийгдсэн ямар худалдан авалт буйгааг төсөөлөх арга алга.  


Зураг тайлбар: УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа бэлэг дурсгал нэрээр 6.611.000 төгрөгийн хөөрөг, даалин худалдан авч 1-р орлогч даргадаа бэлэглэв. Энэ мөнгийг хувиасаа биш албаны мөнгөөр төлсөн. 

УБТЗ-ын дарга, орлогч дарга нарын цалин сарын 2-4 сая төгрөг бол контрактын гэрээ хэмээн сар бүр 10.000 евро авдаг гэгддэг. Тэдэнд албаны автомашин, ажил хийх тохилог өрөө, амьдрах орон сууц, туслах ажилтан өгдөг. Гэтэл илүү зардал байгууллагаасаа шимэгчлэн суудаг нь гутамшигтай. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас санхүүгийн шалгалт оруулах гэхэд яаж улайран эсэргүүцэж байсныг олон нийт мартаагүй. Наад захын санхүүгийн бичиг баримт бүрдүүлэлт энэ байгууллагад алдагджээ. Дарга нь хувийн хэрэгцээндээ зориулан сая сая төгрөгийн худалдан авалт хийхэд түүнийг байгууллагын зардал болгон тусгаж байх юм. Ийм газарт авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль бус худалдан авалт бугшсан байх нь дамжиггүй биз.

Зураг тайлбар: Хувийн худалдан авалтыг УБТЗ-ын хэрэгцээнд хэмээн санхүүгийн бичиг баримт бүрдүүлсэн...

Зураг тайлбар: УБТЗ-ын 1-р орлогч даргын гэрт ахуйн хэрэглээний зүйлс авсан баримт...

Хувийн хэрэгцээний эд зүйлсээ хангалттай хэмжээнд авч буй цалин, урамшууллаараа авч чаддаггүй дарга нар УБТЗ-д ажиллах ёсгүй. Хамгийн харамсалтай нь УБТЗ-д “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн гэдгийг аймшигт осол, аваарууд нь харуулж эхэлсэн. 2016 оноос хойш галт тэргэнд хүн дайруулах, амь үрэгдэх, вагон осолдох тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдчихээд байна. Хөдөлгөөний аюулгүй байдал алдагдчихаад байхад тус байгууллагын дарга нар нь бие биенээ хангамж, урамшууллаар тэтгээд суух хэр ёс зүйтэй үйлдэл вэ?   
 

Санал болгох

Хаалттай хуралдаан: Швейцарыг оффшор бүсийн жагсаалтаас хасав уу

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг улстөрчдийн оффшор бүсэд байгуулсан компани, хөрөнгийн хэмжээг Панамын болон Диваажингийн баримтуудаар дэлгэсэн. Үүнээс улбаалан 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ Нийтийн албанд нийтийн болон хувийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулахыг хориглосон. Улмаар Засгийн газрын тогтоолоор Оффшор бүсэд хамаарах улсуудын жагсаалтыг гаргасан.

8 цагийн өмнө
“Web awards – 2019” наадмын тов гарлаа

Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадам 12 сарын 30-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм.

1 өдрийн өмнө
Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн ял оноолоо

Шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч /Төрийн банкны захирал/ Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хассан байна. Д.Баярсайханыг БНХАУ-ын Шинжан Шинфан компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатайгаар олгосон бөгөөд зээл авсан компани зээлээ төлөөгүй талаар хэвлэлд удаа дараа бичиж байв.

1 өдрийн өмнө
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо

Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын гавьяат цол хүртээв.

1 өдрийн өмнө