Б.Ганболд: Бочигийн спортыг Монголд хөгжүүлнэ

2 сарын өмнө
Б.Ганболд: Бочигийн спортыг Монголд хөгжүүлнэ

Малайз Улсын Куала Лумпур хотод зохиогдсон Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах Бочигийн тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж, багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн Монголын Бочигийн холбооны үүсгэн байгуулагч, Бочигийн спортын олон улсын дасгалжуулагч Б.Ганболдтой ярилцлаа. 

Бочи гэдэг үг Монголчуудын дунд шинэ хэллэг байна. Энэ үг өөрөө ингэж шинэ сонсогдож байгаа юм чинь спорт нь мэдээж олонд танил болоогүй байх. Бочигийн спорт 1984 онд Паралимпын нэг төрөл болсон, тусгай олимпоос их олимпод тоглогддоггүй хоёрхон төрлийн нэг. Энэ спортын олон улсын дасгалжуулагч хүний хувьд спортынхоо онцлогийг дэлгэрүүлэн тайлбарлаж өгнө үү?

Бочигийн спортын үүсэл эртний Ромоос эхэлсэн байдаг. Тамирчид ангиллаасаа шалтгаалан өөр өөр хэмжээтэй талбай дээр ганцаарчилсан, багаар, болон холимог багаар хоорондоо тоглодог. Палина гэж нэрлэгдэх цагаан бөмбөгт бусад улаан эсвэл ногоон өнгийн бочи бөмбөгийг хамгийн их ойртуулсан нь хождог, цэвэр тактикийн спорт. Хөгжлийн болон суралцахуйн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүмүүсийн биеийн онцлог, тэдний эрүүл мэндэд их сайнаар нөлөөлдөг спорт байгаа. Тиймдээ ч манай улсад тусгай болон пара Бочи түрүүлж хөгжиж байна. Аливаа спорт олимпын наадамд оролцно гэдэг тухайн спорт хөгжлийнхөө хамгийн дээд түвшинд хүрж байгааг илтгэдэг. Бочигийн спорт 35 жилийн тэртээгээс тусгай олимпын нэг хэсэг байсан бол 2024 оноос зуны олимпын наадамд албан ёсоор тоглогдохоор болсон.

Монголчууд хэзээ анх энэ спорттой танилцсан бэ?

Би яармагийн 63 дугаар сургуульд биеийн тамирын багш хийдэг. Манай сургуульд дандаа суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг онцлогтой сургууль. Тэр ч утгаараа би Монголын тусгай олимпын хороонд дасгалжуулагч багшаар давхар ажилладаг. Анх интернетээс олимпын спортын төрлүүдийн талаар судлаж байгаад энэ спортыг олж мэдсэн. 2015 онд олон улсын дасгалжуулагч бэлтгэх сургалтанд нь хамрагдаж энэ спортыг эх орондоо хөгжүүлэх сууриа тавьж байлаа. Ингээд манай Тусгай Бочигийн холбоо 2016 оны 8 дугаар сарын 8 өдөр байгуулагдсан. Эхэн үедээ мэргэжлийн бөмбөг, талбай байгаагүй учраас 900-1400 гр жинтэй бочигийн бөмбөгийг хэд дахин хөнгөхөн талбайн теннисний бөмбөгөөр орлуулж тоглодог байсан. Зориулалтын хэрэгсэл юу ч байхгүй, эхлүүлье гэдэг зорилго, хүсэл л байсан.  Одоо нийслэл, улсын аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулдаг болж өргөжсөн.  Зориулалтын талбай дээр 200 гаруй тамирчид энэ спортоор хичээллэж байна.

Энэ хугацаанд ямар ямар амжилт гаргасан бэ?

Тусгай Бочигийн олон улсын тэмцээнд хэд хэдэн удаа оролцсон. Амжилттай оролцсон тэмцээнүүд дурьдвал Хонкогд болсон Азийн аварга шалгаруулах Тусгай Бочигийн тэмцээнээс таван мөнгө, дөрөв хүрэл авсан. Өнгөрсөн жил Дубайд зохиогдсон Дэлхийн арван тав дахь удаагийн тусгай олимпын зуны наадмын бочигийн төрлөөс хоёр хүрэл медаль авсан. Энэ есдүгээр сарын 13-17 өдрийн хооронд Малайз улсын Кула Лумпар хотноо зохиогдсон мэргэжлийн Бочигийн тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцлоо. Таван мөнгө, нэг хүрэл медаль тамирчид маань хүртэж, багаараа хоёрдугаар байр эзэлсэн. Энэ тэмцээнд амжилттай оролцсноор тамирчид маань 2020 онд Итали улсад зохион байгуулагдах Залуучуудын дэлхийн аваргад оролцох эрхээ авсан их сэтгэл өндөр байна. 

Дээрх тэмцээнд хэдэн тамирчин оролцсон вэ?

Хоёр дасгалжуулагч, зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Нэг тамирчны маань хувьд тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд байсан. Мэргэжлийн Бочигийн өсвөрийн дэлхийн аваргад суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд оролцож амжилт үзүүлсэн. Энэ тамирчны хувьд олон улсын тэмцээн гэлтгүй сүүлд зохиогдсон тэмцээнүүдэд тогтмол, өндөр амжилттай оролцож байгаа. Тусгай хэрэгцээ шаардлагатай ч спортын өндөр амжилт үзүүлдэг олон хүүхдүүдийн нэг жишээ. Хэдий тусгай хэрэгцээ шаардлагатай ч эдгээр хүүхдүүд бусадтай адил дэлхийд өрсөлдөж эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, олон улсын тавцанд төрийн далбаагаа мандуулах чадвартай байдаг. Гагцхүү санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг их хэрэгтэй.

Манай орны хувьд дөнгөж хөлд орж байгаа шинэ спорт битгий хэл, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн жудо, бокс зэрэг бусад төрлүүдийн мэргэжлийн тамирчид ч олон улсын тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн бэрхшээлтэй байнга нүүр тулж байдаг. Танай клуб, холбоо санхүүжилтээ яаж шийддэг вэ?

Биднийг Ач буян тревил, Жем Хужирт ус компанийнхан их дэмждэг. Энэ тэмцээнд оролцоход маш олон хүмүүс сайхан сэтгэлээр тусласан. Ялангуяа Монголын тусгай олимпын хороо, 63 дугаар сургуулийн удирдлага багш нар, эцэг эхүүд гээд маш олон хүмүүст баярлалаа гэдгээ дахин илэрхийлье. Олон улсын тэмцээнд явахад мэдээж зардал мөнгө бол хамгийн том асуудал. Ур чадвар өндөртэй, тамирчныхаа хувьд нөөц ихтэй ч санхүүгийн боломжгүйгээсээ болоод олон тамирчид дэлхийд чансаагаа ахиулах боломжоо алддаг. Олон улсын тэмцээнд хувь тамирчин өөрсдөө зардлаа гаргаад явдаг. Улсаа төлөөлөн олон улсын тамирчидтай өрсөлднөө, төрөөс зардлыг нь гаргаад өгөөч гэхэд өмнө нь Бочигоор олон улсын тэмцээнд явнаа гээд төсөвт ямар нэгэн мөнгө тусгуулаагүй учраас зардал дээр туслах боломжгүй гэдэг. 

Танай холбооны цаашдын зорилго, хараа хаашаа чиглэж байгаа вэ? 

Дараа жил Итали улсад зохиогдох залуучуудын дэлхийн аврага шалгаруулах тэмцээн нийт ард иргэдийн дунд мэргэжлийн Бочиг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Одоогоор манай холбоо түлхүү суралцахуйн бэрхшээлтэй тамирчид дээр анхаарч байна. Яваа яваандаа Бочиг бүх нийтэд таниулах, мэргэжлийн бочигийн тамирчинг олон улс болон дэлхийд бэлтгэн гаргах дээр төвлөрч ажиллахаар төлөвлөж байна. 

Шинэ содон спортыг эх нутагтаа нутагшуулах их зам тань сүүн мөртэй, дардан байхын ерөөл өргөе, танай холбооны бүх тамирчдад спортын өндөр амжилт хүсье! Бидэнтэй ярилцсанд баярлалаа. 

Н.Бүжинлхам

Санал болгох

SYNDICATE TALK: Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ

“Үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгчдийн институт” Монголд анх удаагаа “Project Forum”-ийг санаачлан зохион байгууллаа. Энэ форумтай цуг Синдикат ярилцлагын 46 дахь дугаар та бүхэнд хүрч байна.

10 өдрийн өмнө
МУАЖ Г.Мягмарнаран: "Фауст" жүжгийг маш сонирхолтой, огт уйдаахгүй дэглэлт, тайзны шийдлээр үзэгчдэд хүргэнэ

Уншсан хүн тухайлан ойлгоход бэрх, уншдаг хүмүүс ухаж ойлгоход төвөгтэй дэлхийн сонгодгийн ноён оргил “Фауст” жүжгийг Иоханн Вольфганг Фон Гёте амьдралынхаа 60 жилийн турш бичсэн гэдэг.

1 сарын өмнө