Уран зохиолын хичээл хэрэгтэй юу

1 сарын өмнө
Уран зохиолын хичээл хэрэгтэй юу

/Уран зохиолын багш нартай ярилцсан ярианы тэмдэглэл/

Цагаан сараар хамаатны залуу манайд ирэв. Тэр дунд сургуулийн математикийн багш юм. “Ингэхэд чиний зааж буй хичээл хүүхдийн ирээдүйд, ерөөс хүнд хэр хэрэгтэй вэ? Чи ер нь хэрэгтэй зүйл зааж байна уу, үгүй юу?” гэж хэрэг болгон асуусанд залуу нэлээд шаралхаж, нүдээ гялалзуулж байгаад надад учиргүй том лекц уншчихав. Наад зах нь бүхий л мэргэжлийн суурьт математик бий, тэр улс орны гол ачааг үүрч явдаг эдийн засагчид, инженерүүд чинь математикгүйгээр юу ч хийх бололцоогүй, цаашлаад хүн төрөлхтний ойрын ирээдүйг тодорхойлох дижитал хувьсгал, хиймэл оюун ухаан бүгд математикт бий гэнэ.

эргэжлийнхээ утга учир, үнэ цэнийг ингэж мэдэж, итгэж байгаа залууд баярласан. Баярлахаас ч биш яахав. Хүн ингэж байж ажил үйлс нь амжилттай өөдрөг байдаг, хийж буй ажлаасаа урам зориг авч, цог золбоотой байдаг, өөрийнх нь ахуй амьдралд төдийгүй өрөөл бусдад үр өгөөжөө харамгүй хайрладаг. Хэрвээ хэдэн төгрөг, цалингийн төлөө л ажилладаг бол ядахад л ажил чинь чамд үүрэхэд халшрам ял шахуу болно. Ажил хийх урам зориг, идэвх санаачилга, түүнийг дагадаг амжилт, үр дүн ямар л байх бол оо? Үнэхээр ч тэр залууг тун удалгүй нэгэн хувийн сургууль өмнөх цалингаас нь гурав дахин өндөр цалингаар ажиллуулахаар гэрээ хийлээ гэсэн.

Уран зохиолын хичээлийн үнэ цэнийн тухай ярих гээд та бүхний өмнө зогсож байгаа би яагаад хаа хамаагүй математикийн багшийн тухай яриад эхлэв гэвэл би энэ удаад ч гэсэн бас Та нараас дээрхтэй утга нэг асуулт асуумаар байна. “Ингэхэд эрхэм уран зохиолын багш нараа, та нарын зааж буй хичээл чинь ер нь ямар хэрэгтэй юм бэ? Таны өмнө сууж байгаа тэр хүүхдүүдийн ирээдүйг таны зааж буй хичээл юугаараа гийгүүлэх юм бэ? Математик бол ойлгомжтой байна, харин уран зохиол таны, чиний шавь нарт, хувь хүнд, ерөөс хүн төрөлхтөнд хэрэг болдог юм уу, үгүй юм уу? Эсвэл зүгээр л нэг уйдсан хүний зугаа юу?”. Ийм асуултыг та бүхэн өөрсдөөсөө асуудаг уу? Асуудаг бол ямар хариулт гардаг вэ?

Олонх нь энэ талаар бодож эргэцүүлсэн байх. Уйдсан хүний зугаа юм уу гэж асууж буйд бас учир бий шүү. Яагаад гэвэл уран зохиолыг тийн үздэг үзэл хандлага энэ цаг үед маш тодорхой анзаарагддаг, тэр бүү хэл төрийн бодлого боловсруулах түвшинд хүртэл хүчтэй илэрдэг. Өнөөдөр ахлах, дунд ангид Уран зохиолын хичээл долоо хоногт ганцхан цаг ордог, бага ангид ордоггүй. Бага ангид уран зохиолийн хичээл гэж тусдаа байхгүй, Монгол хэлний хичээлийн хавсрага байдалтай байгаа. Бүр уран зохиол бол соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх нийгмийн үүрэггүй гэж үздэг онол суртал ч байгаа. Тэр нь манайд бараг хүчин төгөлдөр шахуу үйлчилж байгаа Энэ удаад Та бид ямар нэгэн онол ярилцахгүй ээ, харин амьдралд учирсан баримт нотолгоо, туршлага л ярина.

За бүгдээрээ хамтраад дээрх асуултад хариулцгаая. Хамгийн энгийнээс нь эхэлье.
.
НЭГ: Мэдлэг...

Нэг багш “Мэдлэг өгдөг” гэлээ. Тийм үү, би энэ багштай санал нэг байна. Уран зохиол хүнд мэдлэг өгдөг байх нь ээ. Мэдлэг гээд орхичихоор бас тодорхойгүй тул жишээ авая. А. Дюмагийн “Шадар гурван цэрэг” романыг уншаагүй хүн ховор. Энэ романаас 1600-аад оны эхэн хагасын Францын амьдралын тухай ямар нэгийг мэдээд авах боломжтой. Решилье гэдэг аймшгийн хүчирхэг их хамба байжээ. Тэр чинь түүхэн хүн шүү дээ. Тэр цагт байсан Шадар цэрэг - мушкетёри (фр. mousquetaire), Торгон цэрэг гэдэг хааны ордны үүрэгт нэгжүүдийн тухай ч мэдээд авна. Тэр яагаад хоорондоо түнжин муутай байсныг ч мэднэ. Гаскон гэдэг мужийнхны онцлогыг ч мэдэх боломжтой. Анхны бялтат бууны талаар ч мэднэ. Дуэл буюу халз тулаан гэдэг нь юу болох, ямар зарчим, ямар эр зориг, ямар итгэл үнэмшил шаарддагийг ч мэднэ. Мөн тэр үед Англи, Франц хоёр улсын хооронд ямар үйл явдал өрнөж байсныг ч мэдэх боломжтой. Өөр зөндөө зүйл бий. Уг романы дараагийн боть болох “Хорин жилийн хойно” гэдэг романаас ч мөн олон зүйлийг мэднэ. 1640-өөд онд гарч, хүн төрөлхтний шинэ эриний хөгжлийн гол зангилаа болсон Английн хөрөнгөтний хувьсгалын удирдагч Оливер Кромвел ба түүний тэмцлийн тухай ч мэдэх бололцоотой. Зөвхөн нэг романы талаар ярихад энэ шүү дээ.

Тасманы арал, Кукийн арал, Баб эль Мэндэбийн хоолой, Марианы хонхор гээд газарзүйн ойлголтуудыг Жюль Вернийн романуудаас мэднэ. Тэр бүү хэл тэр романуудын нэгэнд модон дарьхинд чулуу улайтгаж хийгээд халуун цай хоол идэж уух боломжийн тухай ч гардаг. Манай хорхог байгаа биз. Арслан халз тулсан үедээ хүн рүү шууд довтолдоггүй тухай ч мэдэж болно.

Жованолийн “Спартак” романаас гладиатор буюу зэвсэгч боолын гашуун хувь тавилангийн тухай, тэдний их удирдагч Спартак болон бослогын эмгэнэлт төгсгөлийн тухай мэдээд зогсохгүй, легион, манифул, когорт зэрэг эртний ромын цэргийн нэгжүүдийн тухай, Везуви галт уул хаана байдаг, ямар хэлбэртэй тухай, босогчид яаж буусан тухай, патрици гэж хэн болох, Сулла, Каталина, Цезарь, Марк Красс, Эномой, Крикс, Арторикс гээд олон арван түүхэн хүмүүсийн талаар ямар нэгийг мэдээд авна. Спартакийн байлдааны уран нарийн арга барилийг ч мэдэх бололцоотой. Польшийн зохиолч Пруссын “Фараон” гурван боть романаас бүр ч ихийг мэдэж авна. За хуучны романуудаа болье, орчин цагийн зохиол бүтээлүүдээс дурдсан ч болно. Залуусын ихэд уншиж буй Муракамийн романуудаас орчин цагийн япон амьдрал сэтгэхүйн драмыг ч төсөөлөх боломжтой. “Тунгалаг Тамир” романаас л гэхэд өнгөрсөн зууны эхэн хагасын монголын нийгмийн ээдрээ будилаантай түүхийн талаар маш ихийг мэдэх бололцоотой. Ядаж л Шилийн сайн эрийн тухай гайгүй шиг төсөөлөлтэй болчихно. Түүнээс гадна ардын дунд байдаг, өнөө мартагдсан ёс заншил, хэв суртал, хэл яриа гээд бишгүй зүйл бий. Уран зохиолд зөвхөн түүх төдий бус газар зүй, улс төр, сэтгэлзүй, сансар огторгүй, нарийн шинжлэх ухааны тухай ч мэдлэг, мэдээлэл байдаг. Гүн ухааны талаар ч шаггүй мэдлэгтэй болчихно. “Демокрит мэргэний гурван авьяас” зохиолоос эртний Грэгийн мэргэдийн амьдрал, үзэл санааны талаар бага ч болов танилцаад амжина, франц зохиолчийн саяхан бичсэн “Таван эрдэмд төгссөн лам” номоос төвөдийн амьдрал, шашны зан үйл, мухар сүсэг, мөн чанартай ч танилцах боломжтой. Ер амьдалын бүхий л зүйлсийн тухай уран зохиол өгүүлдэг. Романуудын талаар дурдах төдий ийм байна. Бас уран зохиолын бүхий л төрөл зүйлээс уншигч ямар нэгэн зүйлийг мэдэж аваад үлддэг.

За тэгэхээр уран зохиол бол мэдлэг түгээдэг нэг суваг гарцаагүй мөн байх нь ээ. Эргэлзээ байхгүй шүү. Сайн уншигч ямар ч тохиолдолд маш олон талын зэгсэн сайн мэдлэгтэй байдаг. Зүгээр нэг мэдлэг төдий бус тухайн цаг үе, үйл явдлын мөн чанарын талаар ч тодорхой өөрийн гэсэн ойлголт, үзэл хандлагатай болчихсон байдаг. Та бүрийн мэдлэг нь ертөнцийг үзэх өөрийн гэсэн цогц үзэл санаатай болгодог. Хичээлээ учиргүй давтаад байдаггүй ч сайн уншдаг сурагч ядаж цөхөх юмгүй сайн сураад байж чаддаг гэдгийг эрхэм уран зохиолын багш Та бүхэн ч бэлээхэн туршлагаараа мэдэж буй байх аа.

За, ингэхэд мэдлэг нь юу болдог билээ? Зөв, танин мэдэхүйн нэг тулгуур болж байдаг. Бид чухам мэдлэгээр л дамжин танин мэддэг. Танин мэдэхүй нь өөрчлөн шинэчлэх чадвартай болдог. Энэ чинь нийгмийн дэвшлийн үндсэн хөдөлгүүр шүү дээ. Зөв ухаарал, танин мэдэхүй нь өөрчлөн шинэчлэх хүсэл эрмэлзлийг төрүүлнэ. Хөгжил дэвшлийг урин даллана.

Одоо тэгвэл бүгдээрээ арай өөр өнцгөөс нь танин мэдэхүйд хөтөлдөг талаас нь ярилцая.
.
ХОЁР: Уран сайхны үнэн..

Уран зохиол өөрөө танин мэдэхүйн нэг салбар мөөн, эргэлзээ байхгүй. Байгал, нийгмийн аливаа үзэгдлийг уран зохиолоор дамжуулан танин мэдэх боломжтой. Зарим нэг хүмүүс эсрэгээр маргадаг л юм. Наад уран зохиолд чинь үнэн юм алга байхад, дандаа хоосон санаанаасаа зохиосон юмаар дүүрэн байхад яаж зөв танин мэдэхүй байх юм бэ, битгий худлаа ярь гэх мэтээр... Хий хоосон оюун санааны хийсвэр төсөөлөл танин мэдэхүй болж чадахгүй ээ гэдэг. Та бүхэн энэ талаар юу гэж бодож байна вэ?

Би бол ийм мэт үзэл санаатай огтхон ч санал нийлдэггүй. Яагаад гэдгээ ярилцахын өмнө та бүхнээс дахиад нэг асуулт асууя. Та нар үлгэрт итгэдэг үү? Тухайлбал, арван таван толгойтой атгаалжин хар мангас энэ амьдралд үнэхээр байдаг гэдэгт итгэдэг үү? Эсвэл Цуутын цагаагч гүү гэж үнэхээр байсан уу? Түүний Цолмон цоохор унага, нум сумаар харвадаг харгис хэрцгий шувууд үнэхээр байсан хэрэг үү? Хүний хэлээр ярьдаг гүү, унага, бас нум сумаар харвадаг шувуудын арми нь уран зохиолын хийсвэрлэл, уран дүрслэл төдий зүйл. Тийм зүйл байх боломжгүй. Хүүхэд багачууд бол итгэх нэг хэрэг, харин нас биед хүрсэн хэрнээ ийм үлгэрийн дүрийг бодитой гэж итгэсээр байвал тэр нэг бол амьдралаас тасархай вакуум орчинд насаа өнгөрөөж буй хөөрхийлөлтэй, эсвэл ухаан дутуу нэгэн байхаас гарцаагүй. Их хойшлогдлоо гэхэд хүүхэд найман нас хүрэхэд л энэ мэт үлгэрийн амьтад үнэхээр бодитойгоор яг таг оршиж байдаггүй юм байна, энэ бол үлгэр буюу зохиомол гэдгийг нь мэддэг болно. Гэхдээ хүүхэд насан туршдаа бат итгэсээр байх тэр үнэнийг дээрх үлгэрүүдээс авдаг. Тэр бол муу муухай зүйл гэгч яг л арван таван толгойтой мэт амь бөхтэй байдаг гэдгийг, мөн амьдралын төлөөх тэмцэл, тэр дундаа үрийнхээ төлөөх тэмцэл гэдэг ямар үнэ цэнэтэй гэдгийг мэдэрсэн тэр мэдрэмж нь юм. Үлгэр болгон нэг ийм маргах аргагүй, гарцаагүй үнэнийг тээж байдаг.

Өөрөөр хэлбэл үлгэрийн хүн итгэхэд бэрх, бодит бус шидэт өгүүлэмжээр дамжин илэрч байдаг тэр уран сайхны үнэн гэдэг зүйлд хүн итгэдэг. Тэр уран сайхны үнэн гэдэг нь хэзээ ч хоосон худал хуурмаг байдаггүй, магадгүй амьдралын хамгийн гол чухал үнэнийг өгүүлж байдаг. Чухам үнэнийг агуулж, тээж, уламжилж байдаг болохоор дэлхийн бүхий л улс үндэстнүүдэд үлгэр гэдэг зүйл заавал байдаг. Ингэхэд үлгэргүй ард түмэн олоод ирвэл би дахиад уран зохиолын талаар юу ч хэлэхээ байя, мэргэжлээ ч өөрчилж, ногоо тарьяа. Би уран зохиолын хамгийн хийсвэр, анхдагч эх болох үлгэрээр жишээ авлаа, тэгэхээр уран зохиолын ай савд буй бусад зүйлсийн тухай ярих бараг шаардлагагүй байх.

Үл бүтэх зүйл ярьж буй хүнийг “Битгий үлгэр яриад бай” гэдэг нь тэр уран сайхны үнэний тухайд нь биш, харин үл бүтэх шидэт үйл явдлын тухайд нь юм шүү, ялгаж салгах хэрэгтэй.

Зарим хүмүүс маш муу зохиолонцоруудаар жишээ аваад, “Ийм хачин балай юм биччихээд, энд үнэн байна гэж та яаж хэлж чадаж байна аа” гэж мэтгэж, дээрх санааг няцаадаг л юм. За яах вэ, зохиол бүхэн сайн биш. Ингэхэд ямар зохиолыг муу зохиол гэдэг вэ гэхээр өнөөх үлгэрт байдаг уран сайхны үнэн гэдэг зүйлийг шингээж, илэрхийлж чадаагүй, эсвэл нэн сул илэрхийлсэн зохиолыг л муу зохиол гэдэг юм. Тийм муу зохиолуудаар Уран зохиол гэдэг энэ далай шиг багтаамжтай ай савыг төлөөлүүлж төсөөлж ч болохгүй шүү дээ. Тэгэж мэтгэдэг хүмүүст “Уучлаарай, та уран зохиолын хаягдал хогоор л хооллож дээ, тэгэхээр та ингэж бодох нь аргагүй. Харин та одоо хаягдлыг нь биш, арай өөрийг нь эрж хайгаад үзээрэй” гэж хэлэх хэрэгтэй. Ер нь уншилтын түвшин нь тухайн хүнийхээ оюуны царааг ч тодорхойлж байдаг.

Уран сайхны үнэн талаас нь Уран зохиолын бас тодорхойлж болно. Уран сайхны үнэнийг нотлон харуулж, гуйвж ганхашгүйгээр баталж чаддаг зохиолуудыг сонгодог зохиол гэдэг. Үлгэр нь тэр уран сайхны үнэнийг дээд түвшинд хийсвэрлэн илэрхийлж чаддагаараа төгс бүтээл болж байдаг. Ер энэ уран сайхны үнэн гэдэг нь маш олон талтай, амьдрал, ялангуяа оюун санаа, сэтгэл зүрхний ертөнцийг бүхэлд нь хамарч чадах нэн өргөн ойлголт юм.

Сонгодгуудаас жишээ нэхэж байна уу? Бололгүй яах вэ. Бидний сайтар танилцсан зохиолч Достоевский байна. Бараг хамаг гол романуудыг нь монголчууд бид эх хэлээрээ буулгачихлаа. Энэ хүн уран бүтээлээрээ хүний дотоод сэтгэхүй, сэтгэлийн мухар чинадад байдаг үнэнийг нээн дэлгэж чадсан бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг өөрсдийгөө илүү гүн гүнзгий танин мэдэхэд хөтөлсөн. Ницще зэрэг дараах цаг үеийнхээ их сэтгэгчдийн оюун санаанд хүчтэй нөлөөлж, улмаар XX зууны урлаг, сэтгэл зүй, оюун танин мэдэхүйд хүчтэй өөрчлөлт авчирсан. Зарим зохиолын дүрүүд дээр нь задлан ярилцаж болно. Гэхдээ хугацаа хэрэгтэй тул, энэ талаар хэрвээ та бүхэн шаардлагатай гэж буй бол эргээд ярилцая.

Тэгэхээр уран зохиол нь уран сайхны үнэнээр хөтлөн танин мэдэхүйд хүргэдэг байх нь ээ. Өмнө бид мэдлэгээр хөтлөн танин мэдэхүйд хөтөлдөг талаар ярилцсан. Тэр юу байх вэ?
Зөв, Гоо зүй... Одоо энэ талаар ярилцая.
.
ГУРАВ: Гоо зүйн танин мэдэхүй

Орчин цагт гоо зүйн тухай ярихыг байгаад бараг мартаж байх шиг байна. Их дээд сургуульд ч заахыг болио юу даа. Одоо гоо сайхан гэдгийг ихэнхдээ үзэгдэх дүрс хэлбэрт хардаг болж, түүнээс цааш халих нь нэн хомс болсон. Гоо сайхны мөн чанар нь агуулгадаа байдаг. Агуулга нь хэлбэрээ тодорхойлдог. За, онол ярихаа больё гэсэн шүү дээ. Тэгэхээр амьдралд байдаг зүйлийн тухай ярьяа.

Нэг жишээ татая. Дундад зуунд, Германы эзэн ван II Конрадын үед Бавари мужийнхэн бие дааж, салан тусгаарлах гэж үзжээ. Ер Баварчууд хэзээнээс тийм зантай, одоо ч нэлээд бие даасан шинжтэй. Мэдээж хэрэг Конрад вантан хүлээн зөвшөөрсөнгүй, ингээд дайтахад хүрэв. Баварынхан ялагдаж, сүүлчийнхээ хүчийг шавхан нэгэн цайзад хориглов. Цайзад өдий хүртэл эцэг, эр нөхрүүд, эрэлхэг дайчидтай хамт тэсэж буй бүсгүйчүүд цөөнгүй байгааг харсан Конрад ван сүүлчийнхээ дайралтыг хийхийн өмнө тэдэнд хандаж, “Цайзад буй алт эрдэнэсээс дааж чадах хэрээрээ аваад, цайзаас зайлцгаа. Тэгээд хаа дуртай газраа очиж зоргоороо амьдарцгаа. Бид яах ч үгүй. Өдий хүртэл эрчүүдтэйгээ зэрэгцэн тэсэж тулсан эр зориг чинь үнэлж та бүхэнд эрх чөлөөг хайрлаж байна” гэжээ. Мэдээж хэрэг сүүлчийн дайралтыг Баварынхан тэсэхгүй нь тодорхой, нэгэнт ялсан цагт улангассан цэргүүд хөөрхий бүсгүйчүүдийг дураараа болгодог байсан хэрэг.

Конрад вангийн энэхүү өгөөмөр сэтгэлд эрэмшсэн Бавар бүсгүйчүүд цайзынхаа хаалгыг онгойлгон гарч ирцгээсэн байна. Гэхдээ тэд алт эрдэнэс үүрсэнгүй, харин шархадсан, тамир тэнхээгүй болсон аавуудаа, эр нөхрүүдээ, сүйт хархүүгээ, хүүгээ чадан ядан үүрцгээгээд, дэнхэн данхан гээд гарч иржээ. Тэдгээр бүсгүйчүүдийн энэхүү эрхэм сайхан чанар, эр зоригт нь сэтгэл хөдөлсөн Конрад ван асгартал уйлж, зөвхөн өнөөх бүсгүйчүүд төдийгүй бүр бүх Баварынхныг ч өршөөсөн гэдэг. Энэ түүхийг сонсохоор та бүхэнд сайхан санагдахгүй байна уу? Мэдээж хэрэг, сайхан түүх байгаа биз. Тэгвэл саяхан Австралид ч билүү, Шинэ Зеландад ч билүү нэг нөхөр хорин хэдэн хүнийг буудаад алчихсан. Хэвлэлээр л нэг шуугилаа. Тийм олон хүн буудна гэдэг чинь хулчгар ч хүний хийдэл биш дэгээ. Эр зориг хэрэгтэй л болдог хэрэг. Гэхдээ энэ аллагыг сонсоод та бүхэн Конрад вангийн дээрх түүхийг талархан хүлээж авсан шигээ байж чадаж байна уу. Адилхан л аллагын тухай шүү дээ. Магадгүй, Конрад ван хавьгүй илүү олныг ч алсан байх. Үгүй юу.

оёрдахь түүх нь сайхан санагдахгүй байна уу? Мэдээж шүү дээ. Эхний түүхэнд чинь эр зоригийн гоо сайхны тухай, түүнийг ойлгох чадвартай өгөөмөр сэтгэлийн сайхны тухай, өршөөлийн тухай өгүүлж буй тул та бүхэнд сайхан санагдаж буй хэрэг шүү дээ.

Энд зөвхөн эр зоригийн гоо сайхны тухай, түүнийг мэдэрч үнэлж чаддаг мэдрэмж, өгөөмөр сэтгэлийн тухай ярьлаа. Сайхан гэдэг зүйл өнгө, гэрлийн гоо сайхан, дүрс хэлбэрийн гоо сайхан, сэтгэлгээний, зан чанарын, эр зоригийн гоо сайхан гээд амьдралын бүхий л илрэлд бий.

Хэрвээ сайн хийгээд сайхнаа, муу хийгээд муухайгаас ялгаж салгах чадваргүй болчихвол тэгээд хүн төрөлхтөн мөхөл рүүгээ авралгүйгээр гулсах болно. Достоевскийн зүгээр нэг “Гоо сайхан ертөнцийг аварна” гээд хэлчихээгүй юм. Сайханд татагдах хийгээд сайныг таашаах төрөлхийн эрмэлзэл нь хүн төрөлхтнийг аврах болно. Ингэхэд өдий хүртэл өрнөж ирсэн түүхийн мөн чанарт чухам энэ сайхан хийгээд муухай, сайн хийгээд муу, гэрэл хийгээд сүүдэр, мунхаглал хийгээд ухаарлын зөрчил байсан хэрэг.
Хүний зовлон жаргалыг ойлгож, мэдэрнэ, улмаар хуваалцана гэдэг чинь хүний ёс. Уншдаг хүмүүс бусдыг илүү ойлгох магадлалтай байдаг. Уран зохиолыг бас яг энэ өнцгөөс нь ч тодорхойлсон тохиолдол бий. “Хамгийн сайн зохиолч гэж хүнийг хамгийн сайн ойлгодог хүнийг л хэлнэ” гэж. Өөрөөр хэлбэл хүнийг хамгийн сайнаар ойлгодог зохиолчоос л сайн бүтээл төрнө гэсэн үг. Хүмүүс бид биесээ ойлгохоос, ойлголцохоос ангидаар нийгэм гэдэг нэг том тогоонд хамтран амьдрах амаргүй, ойлголцол байгаа газар эв найр, энх амгалан, улмаар хөгжил дэвшил байдаг.

Амьдралын энэ мэт олон талт харилцааг маш өргөн энгээр харж, амьдралын гоо сайхныг, зүрх сэтгэл, зан суртхууны, хайрын сайхныг танин мэдэхэд уран зохиол маш сайн туслагч болж чадна. Энэ танин мэдэхүй чинь Үнэт зүйлийг чинь тодруулж, Үзэл санааг чинь хурцалж өгдөг. Үнэт зүйлээ эрэмбэлж мэдэхгүй байна гэдэг оймс малгайгаа ялгахгүй сольж хэрэглэхтэй адил. Үзэл санаагүй хүнийг жигүүртэй атлаа нисэж чаддаггүй тахиатай зүйрлэлтэй. Тэгэхээр энэ чухал гоо зүйн боловсрол олгодог, танин мэдэхүйд хөтөлдөг гол зүйл бол урлаг, тэр дундаа хэн бүхэнд хүртээлтэй, хамгийн хүртээмжтэй нь уран зохиол.

Үнэт зүйл буюу эрхэмлэх зүйл гэдэг нь Үндэстний оюун санааны нэгдмэл байдлыг хангаж, чиглүүлж байдаг гол хүчин зүйл юм. Чухам хүнийг хүн болгодог, Хүний нийгмийг хүний нийгэм болгодог ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ гэдэг нь уран зохиолд хангалттай ихээр шингэсэн байдаг. Уран зохиол нь хүнийг, ялангуяа хүүхдийн эрэлч, бүтээлч оюуныг тэрхүү эрхэм зүйлийн эрэлд гарахад нь өмнө нь асаж байдаг гэрэл, дэнлүү шиг зүйл. Ингэхэд үлгэр бүхэн яагаад амар сайхан жаргаж төгсдөг гээч... Хариулт нь та бүхэнд тодорхой байна уу? Үнэн нь худал хуурмагаа, сайхан нь муухайгаа, сайн нь муугаа ялж байж энэ амьдрал утга учиртай үнэ цэнэтэй болно, бас үргэлжлэн оршин тогтноно. Энэ чинь ертөнц оршихуйн суурь хууль.
Ерөөс уран зохиол нь үнэнийг зовлон шаналангийн гаслаан, гангинаатай нь, ялалт амжилтийн, баяр баясгалангийн дуутай шуутай нь, дарийн утаа, хулмас, эсвэл анхилуун цэцэгс, цэнгэг усны үнэртэй нь, улаа бутарсан хацрынх нь өнгөтэй, уйтгарт бүрэнхийн өнгөтэй нь, дүрс хэлбэртэй нь үзүүлж, харуулж, мэдрүүлж, сонсгож байдаг учраас хүний зөвхөн оюун бодомжид төдийгүй зүрх сэтгэлийн чинад мухарт хүрч чаддаг. Түүгээрээ илүү бүтээлч, хүчирхэг нөлөөтэй байдаг.

За Уран зохиолын өөр ямар ашигтай сайн тал байна вэ? Тэндээс нэг багш хэл хөгжүүлнэ гэлээ. Та бүхэн санал нийлж байна уу? Би ч мөн адил. Ингэхэд хэл хөгжинө гэдэг нь юу гэсэн үг вэ?
.
ДӨРӨВ: Хэл хөгжүүлнэ...

Тухайн үндэстний хэлний бүхий л нөөц, боломжийг шавхаж илэрхийлдэг ганцхан салбар нь уран зохиол. Хүүш, уран зохиолоос өөр тэгэж хэлийг ашигладаг, хэрэглэдэг салбар гэж байхгүй. Тухайн үндэстний хэлний хөгжлийг уран зохиолоос нь ангид төсөөлөх ч боломжгүй. Бас хувь хүний хувьд ч сайн уншигч маш сайн хэлний баялагтай, санаагаа цэгцтэй, учир шалтгаантай, бас уран яруугаар илэрхийлэх талаараа хавьгүй давуу байдаг. Маргаангүй байх аа, тийм ээ. Үүнийг эрхэм уран зохиолын багш та бүхэн илүү сайн мэднэ, нотолно. Бид өдөр тутмынхаа ярианд ихдээ 1500 орчим үг хэрэглэдэг гэдэг. Бүр нарийн мэргэжлийн хэл хэллэгүүдийг оруулаад шүү дээ. Тэгвэл Өвөрлөгч монголчууд маань “Тунгалаг Тамир” романы хэл зүйд судалгаа хийгээд элдэв хувиргалтайгаа нийлээд 1.5 сая үгтэй байна гэсэн тооцоо хийсэн байсан. Энэ магадгүй нийт үгийнх нь тоо байх. Гэхдээ л монгол хэлний үгийн сан асар баялаг, хэдхэн мянгаар тогтохгүй. Шагжийн, Цэвэлийн толь бичгүүд хэдэн мянган үгтэй билээ, та бид мэднэ. Тэр бүх үгс бараг л ихэнхдээ уран зохиолд ашиглагдаад зогсохгүй зарим уран бүтээлчид бүр цоо шинэ үг бүтээчихдэг, тэр нь яваандаа үндэсний үгсийн санд ороод баяжуулчихдаг тохиолдлууд ч бий.

Энд зөвхөн үгийн сангийн тухай ярьлаа. Түүнээс огтхон ч дутахааргүй нэг ойлголт бий нь үгийг мэдрэх юм. Чухам үгийг мэдэрч, сэрнэ гэдэг уран бүтээлчийн нэн чухал чадвар. Үг бүр өөрийн гэсэн амин сүнстэй, түүнийг жинхэнэ утгаар нь амьдруулж, мэдрүүлж байдагтаа уран зохиол нь онцгой үүрэгтэй. Орчин цагт амьд тод хэлээр ярьдаг нь ч, бичдэг нь ч бас ховор болж байгаа.

За тэгэхээр уран зохиол нь үндэстний ч, хувь хүний ч хэлийг хөгжүүлдэг байх нь. Энд олон жишээ таталтгүй ойлгомжтой гэж бодож байна.
.
ТАВ: Уран сайхны сэтгэлгээ буюу хийсвэр сэтгэлгээг хөгжүүлнэ.

Хэдэн жилийн өмнө “Мянгуужингийн адал явдал”-ын талаар нэгэн эцэг саналаа надад хэлсэн юм. “Та ийм байгалийн шинжлэх ухааны эсрэг үл бүтэх худлаа зүйл бичсэн зохиолыг хүүхэд багачуудад тарааж, тархийг нь эргүүтүүлэхээ болих хэрэгтэй” гэв. Нэг талаас тэр эцгийн үнэн. Яагаад гэвэл Мянгуужингийн адал явдалд итгэхэд нэн бэрх. Тухайлбал, Мянгуужин дайснаасаа зугтаж яваад морьтойгоо намагт шигдчихнэ. Тэгээд аргаа барахдаа өөрийн үснээсээ дээш нь үгтээгээд морьтой юутайгаа намгаас сугараад цааш явчихна. Яах ч аргагүй энэ бол байж болшгүй худал зүйл. Худлаа гэвэл та өөрийнхөө үснээс дээш нь үгтээгээд үз. Хэдэн хялгас л сугарахаас биш та газраас хөндийрөхгүй. Гэтэл Мянгуужин болохоор намгаас морьтойгоо юутайгаа сугарчихаж байгаа юм. Физикийн ш/у-ны таталцлын хууль зөрчсөн ийм зүйлийг хүүхдэд уншуулах нь ер зөв үү? Бас Их бууны аман дээр отож байгаад буудангуут суман дээр нь суугаад дайсныхаа цэргийн байрлал дээгүүр нисэж, цэргийн тагнуул хийнэ. Тэгээд яаж буцаж ирсэн гээч, дайсных нь талаас буудсан сум зөрөөд ирэхээр нь үсэрч суугаад буцаад ирж байгаа юм. Морио сэлгэдэг шиг л. Хэн ч үнэмшимгүй үйл явдалтай ийм мэт зохиолд ингэхэд орчин цагийн мэдлэгжсэн, мэдээлэлжсэн, технологижсон хүүхэд багачууд итгэх үү? Тэднийг ингэж худал хуурмагаар төөрөгдүүлэх нь үнэхээр гэмт хэрэг үү? Оюун санааны террор биш үү?

Үгүй юм. Энэ мэт зохиолын үйл явдалд бүрэн итгэх тухай хэн ч яриагүй, албадаагүй. Хүний тархи толгойг адгууснаас ялгадаг бас нэг онцлог нь уран хийсвэр сэтгэлгээ юм. Чухам ийм мэт зохиол нь хүний уран хийсвэр сэтгэлгээ, бүр хошин сэтгэлгээг ирлэж хурцалж өгнө шүү дээ. Тийм болохоор л “Мянгуужингийн адал явдал”-ыг 200 гаруй жил дэлхий даяараа уншиж иржээ. Манайхан 1930-аад оноос хэсэг бусгаар нь орчуулж эхэлсэн, энэ цаг үед ч орчуулаад хүүхэд багачууддаа уншуулсаар л байна. Тэглээ гээд хүн төрөлхтний хүүхэд багачууд үснээсээ үгтээгээд, эсвэл их бууны суман дээр сууна гэж дайрсангүй өдий хүрчээ. Хийсвэр сэтгэлгээ нь сармагчныг /хэрвээ Дарвины эволюцийн онолыг үнэн гэвэл/ оюун ухаант хүн болгож, төрөлхтний хөгжлийг өдий хүртэл нуруундаа тээж ирсэн байна. Хийсвэр сэтгэлгээ үгүйгээр өдий хүртэл хөгжиж ирсэн Шинжлэх ухаан, технологийн, урлаг уран сайхны, ерөөс нийгмийн хөгжлийг төсөөлөх боломжгүй. Хэрвээ хүн төрөлхтөн 2 + 2 = 4 гэдгээс өөр хариу байхгүй л гэж яг таг итгэдэг байсан бол бид аль хэдийнэ неандарьтал хүн шиг мөхчих байв.

Эйнштейн нэгэнтээ “Би багадаа нарны цацраг дагаад гүйх юмсан гэж мөрөөддөг байлаа” гэж дурсжээ. Тэр боломжтой юу? Ямар ч боломж үгүй. Секунтэд дэлхийг бүслүүрээр нь тав, зургаа тойрчихдог нарны цацрагийг секунтэд үсрээд л 5 метр хурдалж чадах хүн яаж дагаж гүйх билээ. Ямар ч боломжгүй мэт. Бас гэрлийн тусгал шиг тийм шув шулуухан гүйж чадах уу? Тэр гэрлийн тусгал дээр тогтож чадах уу? Гэвч чадна, бүр чадсан, түүнээ Эйнштэйн өөрөө нотолсон. Өөрөөр хэлбэл уран хийсвэр сэтгэлгээний хүчээр чадна. Чухам Эйнштейнийг тэр хүсэл мөрөөдөл нь хөтөлсөөр Харьцангуйн онолоо нээхэд хүргэжээ. Хар багаасаа л номын улаан хорхойтон байсан Элон Маск өнөөдөр үнэхээрийн уран галзуу SpaceX-ийг, Сансрын технологийг бүтээж байна. Хэдий чинээ уран хийсвэр сэтгэлгээ хөгжинө тэр хэрээр гайхамшгийг мөрөөдөх боломжтой. Харин түүн дээр эрдэм мэдлэг, эр зориг, шаргуу зан, авьяас билгийг нэмчихвэл тэр гайхамшиг хэрэгждэг. Хэрвээ эрдэм мэдлэг дутвал солиорол, хийрхэл болно. Өдий хүртэлх хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэгэн хөшүүргийн механизм нь ийм л зарчмаар ажиллаж иржээ. Уран хийсвэр сэтгэлгээ хөгжихгүй бол тийм гайхалтай онол нээлт ч гарахгүй, цаашид ч биднийг угтаж буй энэ дижитал эрин ч ирэхгүй.

Нэгнийхээ төлөө адгуус амьтан хүртэл амиа золиослох чадамжтай байдаг, харин хошигнох чадвар зөвхөн хүмүүн төрөлд л бий. Чухам хошин шогийн мэдрэмж чинь дээд зэргийн уран хийсвэрлэл юм шүү дээ. Дэлхийн үндэстэн бүрийн ардын аман зохиолд манай Бадарчин Баадай шиг, Далан Худалч шиг уран хошин дүр байдаг нь нэг зүйлийг хэлээд байгаа биз. Тухайлбал, Нидерланд, Дани орчмоор Тилл Оленшпигель, Германд Мянгуужин буюу Барон Фон Манхуазэн, Орост Иванушка, Солонгост Ким Саль Дон, Дундад Азийн орнуудад Молла буюу Хожа Насреддин, Энэтхэгт Бийрбал, Америкт Харрис гэх мэт. Ингэхэд хошин шогийн мэдрэмж гэдэг хүний ухааны үндсэн шалгуур. Хошигнол, шоглол, алиалал, егөөдөл, ёжлол, маазрал гээд бас харилцан адилгүй олон янз байна. Одоо ихэнхдээ маазрахаа л хошигнол хийгээд бусад бүх юм гэж ойлгодог, тэр бүү хэл амин чухал зүйлийг ч, үнэнийг ч хүртэл маазруулаад үнэ цэнэгүй юу ч биш болгодог нэг гаж үзэгдэл түгээмэл болсон шүү. Уншихгүй л байгаатай холбоотой үзэгдэл. Өөр онош байхгүй. Уншихгүй бол сэтгэхгүй. Энэ бол аксиом. Нотолгоо шаардлагагүй үнэн.

Тэгэхээр уран зохиол нь хүний сэтгэлгээг уран хийсвэр, хошигнол, эмгэнэл, өөдрөг бадрангуй гээд олон талаар нь хөгжүүлнэ. Бүр гүн ухааны сэтгэлгээг ч хөгжүүлнэ. Чинад логикийг ч, логик бус сэтгэлгээг ч хөгжүүлнэ. Хэл сэтгэлгээ хоёр салшгүй холбоотой гэдэг байх аа. Хэл хөгжиж буй бол сэтгэлгээ хөгжиж таарна. Бас л маргаангүй аксиом. Сэтгэлгээг хөгжүүлдэг талаар маш олон жишээ баримт дурдаж болох ч хэт тодорхой учир ингэсгээд орхие.

Ер нь уран зохиолд өгүүлж буй үйл явдал нь үнэн байх албагүй, харин тэр үнэн биш үйл явдлаар дамжуулан өгүүлж буй утга санаа нь үнэн байдаг гэдгийг дахиад давтая.
.
ЗУРГАА: Өөр бусад....

За, эрхэм уран зохиолын багш нар аа. Та бидний заадаг хичээл буюу Уран зохиолд өөр ямар ашиг тустай зүйлс байна вэ? Бид бараг л гол зүйлсээ гаргаад ирлээ. Гэхдээ дуусаагүй ээ. Жижиг сажиг зүйлс бишгүй. Зөвхөн уран зохиол гэлтгүй ерөөс ном унших нь ямар хэрэгтэй талаар тоочие.

- Номыг тархины фитнес гэдэг. Уншдаг хүн зөнөх нь бага байдаг гэж судалгаагаар батлагдсан. Уншдаг хүн бас урт насалдаг нь судалгаагаар батлагдсан. Унших нь стресс тайлдаг гэнэ. Бүр алхахаас ч дутахааргүй тархи амраадаг гэнэ. Стресс багасахаар нас уртасна. Уран зохиол нь шууд утгаараа хүний насыг уртасгаад зогсохгүй мөн дам утгаараа ч хүний амьдралыг асар уртасгадаг. Ном бүхний ард нэг ертөнц бий, тэр хэмжээгээр уншдаг хүний амьдралыг баялаг, сонирхолтой болгож, уншдаггүй хүнтэй харьцуулахад хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин илүү амьдралын туршлагатай мэт болгосон байдаг. Уран зохиол уншигчаа зохиолынхоо баатрын амьдралаар хөтлөн дагуулна, алданаас нь суралцана, амжилтад нь баярлана.
- Уншдаг хүн илүү бүтээлч, амжилттай байдаг гэнэ. Олон талын мэдлэг, мөн сэтгэлгээний уян хатан байдал гэдэг нь хүний бүтээлч чадварт юугаар ч орлуулашгүй хүч чадлыг өгдөг. Дэлхийн 200 гаруй тэрбумтны амьдралд 5 жилийн турш хийсэн судалгааны дүн нэгийг хэлнэ. Тэдгээр эрхмүүд зурагт үздэггүй, харин 86 хувь нь уншдаг, 63 хувь нь өглөө гэрээс ажилдаа хүртлээ аудио ном сонсдог байна. Дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч Уоррен Баффет ихэнх цагаа уншиж өнгөрөөдөг, Опра Уинфри, Жэк Ма, Элон Маск нар ч мөн адил. Марк Кубан, Ден Гилберт зэрэг тэрбумтнууд өдөрт 1-3 цаг заавал ном уншдаг. Билл Гейтс ч долоо хоногт нэг ном заавал уншдаг, бас жилдээ нэг авдаг 14 хоногийн амралтаа идэж, наргиж, унтаж, зугаалах гэж биш, зөвхөн ном уншиж өнгөрөөдөг гэх мэт эх адаггүй баримт дурдаж болох нь ээ. Бенжамин Франклин маш их уншдаг байж, өдөр тутамдаа уншсанаа эргэцүүлэн, тэмдэглэл хөтөлдөг байж. Мөн өнөөгийн номын клуб маягийн арга хэмжээ ч зохион олонтаа байгуулж, ярилцаж, мэтгэлцдэг байжээ. Уншдаг хүмүүсийн ялгаа нь зөвхөн олон талын өргөн дэлгэр мэдлэгтэй байгаад зогсохгүй аль ч салбарын стратеги, тактикийг ч мэддэг. Бас хүмүүстэй ойлголцож, хамтрах чадвар ч илүү байдаг. Энэ бүхэн амжилтад нь нөлөөлдөг байна. Ер нь ном хүний хүсэл мөрөөдлийг хөгжөөж, улмаар амжилт руу хөтөлж байдаг.

- Хөгжингүй орнуудын ард түмнийх нь уншилтын түвшин харьцангүй өндөр. Олон улсын NOD гэдэг судалгааны байгууллага хэдэн жилийн өмнө хамгийн сайн уншдаг 50 бүс нутгийг жагсаахад хүмүүс нь дунджаар долоо хоногт 11 цагийг ном уншиж өнгөрөөдөг өмнөд хөршийн Шанхайн бүс нутаг магнайлсан байсан. Өнөөдөр дэлхийн шинжлэх, ухаан технологийн төдийгүй урлаг, уран сайхны төв нь Шанхай руу шилжиж байгаа. Скандинавын орнууд, Герман, Швейцарь, Япон гээд дандаа хөгжингүй улс орнууд араас нь жагссан. Америкчууд харьцангуй сайн уншдаг. Уг судалгаа хийгдэх цаг үед Нью-Йоркийн, эсвэл Чикаго, Вашингтоны метронд гурван хүн тутмын хоёр нь ямар нэгэн хэмжээгээр ном уншиж явдаг байсан. Одоо магадгүй, бүгд гар утсаа шагайдаг болчихсон байж мэднэ. Гэхдээ л Америкчууд дээрх жагсаалтад 22 орчимд орсон байв. Мэдээж, жагсаалтын эхний 50-д манай Монгол багтаагүй. Тэгээд бид хэд орчимд байх боломжтой вэ гэсэн нэг тойм судалгаа хийж үзсэн. 100 америк нэг жилд 462 ном худалдаж авдаг, харин 100 монгол хүн жилд 20 орчим ном худалдаж авдаг. Харьцуулахад бид жагсаалтын 22 дугаарт эрэмблэгдсэн Америкчуудаас даруй 23 дахин бага уншиж байна гэхээр бүр бараа сураг ч үгүй байгааг хэлнэ.

Энэ мэтээр өөр хэд хэдэн жишээг хэлж болно. Ер нь уран зохиолын ач тусыг сайн мэддэг хөгжингүй орнууд Боловсролын систем дэх Уран зохиолын агуулгадаа онцгой анхаардаг. Хүүхэд багачууддаа уран зохиолыг жинхэнэ утгаар нь хүргэж, мэдрүүлдэг.

Ойрхноос нь хойт хөршөө сонирхоё. Оросууд уран зохиолын талаарх Төрөөс баримтлах үзэл баримтлалдаа, “...уншилт нь дараах зүйлүүдэд эн тэргүүний ач холбогдолтой, үүнд:

- өсвөр үеийнхний хүмүүжил, боловсролд, хувь хүний төлөвшил, хөгжилд;

- нийгмийн бүх гишүүд, түүний дотор төрийн түвшинд шийдвэр гаргагчид, орон нутгийн эрх баригчид, албан байгууллага, үйлдвэрийн газар, олон нийтийн байгууллагуудын удирдах хүмүүсийн боловсролын түвшин, мэргэжлийн мэдцийг дээшлүүлэхэд;

- улс орны нийт соёлын чадамжийг бүрэлдүүлэхэд;

- амьдралын чанарыг дээшлүүлэхэд гэж ТОДОРХОЙЛСОН БАЙНА.

Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч нь улс орныхоо оюуны элитүүдээс бүрдсэн баг бүрдүүлж байгаад Оросын хүүхэд багачууд, өсвөр үеийнхний унших ёстой номын жагсаалт гэж гаргасан. Уг жагсаалтад 770 орчим гарчиг зохиол орсон. 70 орчим хувь нь үндэснийх нь утга зохиол. Ер иймэрхүү жагсаалт хөгжингүй улс орон бүрд байдаг. Оросын ЕБС-ийн бага ангиас Унших бичиг буюу Уран зохиолын хичээл ордог ба 3-р ангийнх нь Уншихийн сурах бичиг 110 орчим гарчиг зохиол орсон хоёр боть. Харин манайд бол Бага ангид Уран зохиолыг Монгол хэлний хавсарга болгож ордог. Бүхэл бүтэн нэг зохиолоос нэг хоёр өгүүлбэр авч, найруулга зүй, хэлзүйн үүднээс нь үзсэнээ уран зохиол үзэж байгаа гэж тайлбарладаг Мэргэжилтнүүдтэй байгаа нь гамшиг юм даа. ОХУ-д бага ангиудад Уран зохиол болон Орос хэлний хичээлээс гадна Төрөлх хэл гэсэн хичээл хүртэл ордог байна. Энэ нь хэл зүй биш, харин төрөлх хэлнийхээ гоо сайхныг, илэрхийлэх чадварыг суралцах хичээл аж. АНУ-ын бага сургуульд, сургуулийн өмнөх сургалтад үндсэндээ үлгэр голчилсон сургалт явагддаг, үлгэр ярьж, яриулж, бүр зохиолгож, бичүүлж. Үр дүнд нь хүүхдийн дотоод ертөнц баяжиж, хүсэл эрмэлзэл асаж, үнэт зүйлээ ялгах чадамж сууж, төлөвшдөг. Тэр хойно нь харин ерөнхий эрдмийнхээ хичээлийг хангалтай өгдөг. Боловсролынхоо чанараар, системээр үлгэрлэж байгаа Финлянд, Япон, Швед, Герман зэрэг орнуудад зохиолын үнэлэмж маш өндөр.

Ер нь XXI зуунд бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс гэж уншиж, бичиж чаддаггүй хүнийг хэлэхгүй. Харин суралцдаггүй, сурч чаддаггүй, уншдаггүй хүнийг хэлнэ. Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл уншдаг л хүнийг хэлнэ. Уншдаг л бол аяндаа бүх талын боловсролтой болно.

За ингээд бид Уран зохиолын хичээлийн, ерөөс Уран зохиолын ач холбогдлын талаар бишгүй ярилцлаа. Хангалттай юу? Үгүй ээ. Гол юм аа орхисон байна. Тэр нь юу гэж бодож байна вэ?
.
ДОЛОО: Нийгмийг хувьсган өөрчлөх хүч

Ингэхэд нийгмийг дэвшилд хөтлөгч гол хүч юу вэ? Манай либералиуд болохоор хоол, хувцас, орон гэр гэх гээд байдаг. Анхдагч хэрэгцээний тухайд бол маргах юмгүй, гэвч бид анхдагч хэрэгцээ биш, хөгжил дэвшлийн тухайд ярьж байна. Хэрвээ анхдагч хэрэгцээнээсээ давж харж чадахгүй бол хувь хүн ч, нийгэм ч хол явдаггүй. Бүр тийм жамтай. Нийгмийг дэвшилд хөтлөгч гол хүч нь үзэл санаа юм. Бас эсрэгээрээ нийгмийг сүйрүүлэгч хүч ч үзэл санаанд бий. Тиймээс нэгийг хулгайлбал гар, нэлээдийг хулгайлбал бүлэг, бүр ихийг бол хууль, бүгдийг нь хуу хамах хэрэгтэй бол үзэл санаа гэсэн үг байдаг. Одоо энэ талаар ярилцая.

1789 онд Францад болсон үйл явдлыг аугаа их хувьсгал гэдэг. Хэдий аллага хядлага, алдаа эндэл нь хэрээс хэтэрсэн ч хүн төрөлхтөнд шинэ дэвшилтэт эриний үүдийг нээсэн учраас аугаа их гэж нэрлээд буй хэрэг. Гэтэл энэ их хувьсгалын үзэл санааны үндсэн тулгуур нь Руссогийн “Эмилия” роман, бас “Нийгмийн гэрээ” зохиол болно.

Марксыг капиталын мөн чанарыг нээсэн “Капитал” хэмээх суут бүтээлээ туурвихад нь тэр цагийн толгой эдийн засагч Прудон бус харин зохиолч Бальзак тусалжээ. Учир нь Бальзак “Хүн төрөлхтний хошин шог” хэмээх цуврал романдаа хөрөнгө, хүн хоёрын харилцааг ямар ч эдийн засагчаас илүүгээр гүн гүнзгий бодитой илчлэн нээж харуулсанд байна. Энэхүү “Капитал” зохиолын нөлөөг тоочиж баршгүй. XX зуунд хүн төрөхлтнийг хоёр лагерт хүртэл хувааж орхисон. Одоо ч судалсаар байна.

1861-1865 онд болсон Америкийн иргэний дайны гал ид өрнөж байх үед Ерөнхийлөгч Абрахам Линкольн Цагаан ордныхоо эллипс танхимд жирийн нэгэн эмэгтэйг хүлээн авчээ. 150 гаруйхан см өндөртэй, олон хүүхэдтэй настай эмэгтэй хаалгаар орж ирэхэд 198 см өндөртэй Линкольн тосож очоод, ихэд тонгойн “Энэ Аугаа их дайныг эхлүүлсэн эмэгтэй Та мөн гэж үү?” хэмээн гар барьсан гэдэг. Яагаад тэр ийн хэлэв гэвэл, тэр цаг болтол АНУ-д боолчлол гэдэг жинхэнэ утгаараа байжээ. Боол бол хүн биш, түүнийг яг гахай, нохой, илжиг, тахиатайгаа адилхан үзнэ. Дургүй нь хүртэл бууны сүмбээр үхтэл нь ороолгоод, гахайнд хаяад өгчихөж ч болно. Гэтэл олон хүүхэдтэй нэгэн цагаан эмэгтэй боолчуудын тэр тэсвэрлэшгүй хүнд амьдралд эмзэглэхдээ нэг зохиол бичжээ. Ямар зохиол билээ? Манайд аль дээр орчуулагдсан. За зөв, “Том авгын овоохой” роман. Энэ зохиол дариу дуусаж, дахин дахин хэдэн арван мянгаар хэвлэгджээ. Энэ романыг уншсан цагаан хүмүүс тэдний боол болох харууд чинь мал биш хүн юм байна, хүн шиг боддог, ээжийгээ, охиноо, хүүгээ хайрладаг, бас шаналдаг, зовдог, уйлдаг юм байна. Бидний нэгэн адил хүн юм байна гэдгийг харж мэдэж, гайхаж, шуугиж эхэлжээ. Улмаар энэ нь Боолчлолын эсрэг том хөдөлгөөнд хүргэж, улмаар боолчлолыг эсэргүүцсэн Умард, дэмжсэн Өмнөд хоёр тал болон байлджээ. Чухам үзэл санааны, танин мэдэхүйн том дэвшлийн төлөө тулалдсан учир уг иргэний дайныг Аугаа их дайн гэдэг. Нэг роман Америкийг өөрчилж дөнгөсөн түүх энэ.

Бас нэг жишээ дурдая. Энэтхэгийг 300 жилийн колонийн дарлалаас нь чөлөөлөх хувьсгал ер бусын байв. Хүч үл хэрэглэх хувьсгал. Бусад хувьсгал бол цусан далайгаар туучиж, үл эвлэрэх үзэн ядалтаар өдөөгддөг бол Энэтхэгийн хувьсгал эсрэгээрээ байлаа. Энэ хувьсгалын удирдагч Махатма Гандиг өнөө Энэтхэгийн оюун санааны эцэг ч гэдэг. Манайд хөшөө нь ч, нэрэмжит гудамж нь ч бий.

Гэтэл Ганди энэхүү хүч үл хэрэглэх хувьсгалынхаа хүчирхэг үзэл санааны эх ундаргыг хаанаас олсон гээч... Уран зохиолоос, тодруулбал Энэтхэгийн хөлгөн их тууль “Рамаяана”-гаас. Дундад зуунд бидний дээдэс “Раамын үлгэрийн цоморлиг” нэрээр орчуулсан. Саяхан ч хэд хэдэн хувилбараар нь буулгасан. Гандийн үхэхдээ хэлсэн сүүлчийн үг нь РАМА байж. Рама хан хөвүүний эцэг нэгтэй, эх тусдаа ах дүүс нь хуйвалдаад Хаан ширээг нь булааж, хайртай бүсгүйгээс нь хагацуулж, харанхуй шугуйд 10 жил цөлдөг. Энэ завсар эх нь өнгөрнө. Хожмоо Рама хаан ширээгээ эргэж авахдаа өнөөх зовлонд унагасан ах дүүсээ үзэн ядсангүй, өш хонзон авсангүй, харин ч хайрлан тэвэрсэн байна. Өнөөдөр манай ТВ-ийн суваг бүрээр орой болгон гардаг Солонгос цувралын үзэл санаагаар бол Рама тэр ах дүүсээ бүр мөчилж алах байх. Гэтэл тэгсэнгүй. Үзэн ядалтаас хайр энэрэл, өршөөл гэдэг нь хувь илүү хувьсган өөрчлөх хүчтэй гэдгийг уг зохиол өгүүлдэг. Махатма Ганди чухам энэ үзэл санааг нь зүрхэндээ тээж, бодит амьдралд хэрэгжүүлжээ.
Гандигийн энэ хүч үл хэрэглэх үзэл санааг хожмоо Мартин Лютер Кинг Америкт жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн. Линкольнын хөшөөний өмнө хэлсэн түүний алдарт “Би мөрөөдөж байна” илтгэлд дарлагдан гадуурхагдаж буй хар хүмүүсийн үзэн ядалтын тухай өчүүхэн ч сүүдэр байдаггүй, харин ч миний хар хүүхдүүд, та бүхний цагаан хүүхдүүдтэй хөтлөлцөөд тоглож явдаг тийм ирээдүйг би мөрөөдөж байна гэсэн. Тэгээд ч Америкийг өөрчилж чадсан. Хэрвээ үзэн ядалтаар эхлүүлсэн бол өөр үр дүн гарах байсан биз. Кингийн энэ үзэл санаа Өмнөд Африкт Нильсон Мандела ч бас хэрэгжүүлсэн.

Өөдрөг хүчирхэг үзэл санаа гэдэг гэрэл гэгээ цацрах шиг ийм хүчтэй. Энэ мэт олон жишээг дурдаж болно. Хүн төрөлхтний буурал түүхэнд ийм жишээ түм бумаараа бий. Одоо дахиад нэг жишээг, гэхдээ та бидний амьдралд нөлөөлсөн жишээг дурдая.

1983 онд энүүхэн хойт Эрхүүгийн зохиолч В.Распутин “Түймэр” нэртэй бяцхан тууж бичсэн. Уншсан нь үйл явдлыг санаж буй байх. Ганцхан шөнийн л үйл явдал гарна. Гэвч тэнд өнөөх 70 жилийн турш бүтээх гэж хичээсэн социалист хувь хүн, соц ёс суртхуун, итгэл үнэмшил гэдэг ямар хуурамч, хэврэгхэн болохыг, энэ нь зөвхөн бие биедээ нялзаасан тодорхой дүргүй хуурамч хоосон баг болохыг хайр найргүй илчлэн дэлгэсэн. ЗХУ даяар маргаан мэтгэлцээн болсон. Дагаад манайд ч яриа, хэлцээ гарсан, манай зарим зохиолчид ч тэр уур амьсгалаар зохиол бүтээл бичсэн. С.Жаргалсайханы “Сахиул уу, сахиус уу?”-г дурдаж болно. Үр дүнд нь нийгэм даяараа Социализмын мухардлыг бүр гүн гүнзгий мөн чанараар нь олж харсан. Тун удалгүй В.Астафьевийн “Гунигт явдал” роман гарснаар “Түймэр”-т өгүүлсэн утга санааг бүрмөсөн гүйцээсэн. Энэ нь ЗХУ төдийгүй соц системийн орон зайд өөрчлөлт, шинэчлэл гарах оюун санааны суурь дэвсгэр болж өгсөн байна. Хэрвээ тийм суурь дэвсгэр байгаагүй бол, хэрвээ нийгмийнхээ зогсонги байдлыг мэдэрч, цаг үеэ хувьсган өөрчлөхийг эрмэлзсэн ард түмний дотоод эрмэлзэл байгаагүй бол 1990 оны хаврын хүйтэн хавсарганаар монголчууд мянга мянгаараа талбайд гарч жагсахгүй байв.

Энэ бүхний эцэст нэг зүй тогтол та бүхэнд нэн тодорхой харагдаж буй байх аа, тэр бол нийгмийн аливаа дэвшил өөрчлөлтийн өмнө заавал оюун санааны гүнд ямар нэгэн өөрчлөлт, танин мэдэхүй, хүсэл эрмэлзэл бий болдог явдал юм. Харин тэр хувьсган өөрчлөгч дэвшилтэт үзэл санаа нь, гүн гүнзгий танин мэдэхүй нь зарим тохиолдолд уран зохиолоос эх ундаргатай байдаг байх нь ээ.

Одоо бүгдээрээ Уран зохиолийн хичээлийн үнэ цэнийн талаар нэлээд зүйлийг итгэлтэйгээр өгүүлж чадахаар боллоо. Өнөөх математикийн багш шиг өөртөө, мэргэжилдээ итгэл төгс байж чадна. Бүр хангалттай чадна. Хувь хүний ч тэр, нийгмийн ч тэр хөгжил дэвшил гэдэг олон эх ундаргатай, уялдаа холбоотой, түүнийх нь нэг хүчирхэг эх ундарга нь та бидний мэргэжлээ болгон сонгож Уранзохиол мөн байх нь ээ.

“Хүүхэд болгон математикч болох албагүй, харин хүүхэд болгон эцэг эх болох ёстой” гэсэн нэг үг байдаг байх аа. Сухамлинский. Үүнийг уран зохиол руу холбовол “Хүүхэд болгон математикч болох албагүй, харин хүүхэд болгон ХҮН болох ёстой”. Тэр хүнийг адгуус амьтнаас, хүйтэн роботоос ялгаж байдаг гол үндсэн шинжүүд болох хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй, үнэт зүйлтэй, сайн сайхныг мэдэрч, талархаж чаддаг, эрмэлзэл тэмүүлэлтэй, гоо зүйн мэдрэмжтэй гээд олон шинж төлвүүдийг хэрвээ ямар нэгэн витаминтэй зүйрлэвэл урлагт, ялангуяа уран зохиолд тэр витаминууд нь маш ихээр байдаг байх нь ээ. Тэгэхээр эрхэм уран зохиолын багш Та бүхэн сонгосон мэргэжилдээ бүрэн дүүрэн сэтгэл хангалууж байж болно.

Гагцхүү уран зохиолын хичээлээ монгол хэлний, монгол бичгийн хичээлийн хавсарга битгий болгоорой, ямар нэгэн зохиомж, туслах болон гол дүр гэж хэлбэрт баригдалгүй хүүхдийн зүрх сэтгэлд нь эмзэглэл, шаналал, баяр баясгалан болж очдог тэр мөн чанараар нь хичээлээ заагаарай, хүргээрэй. Тэгэж чадвал уран зохиол гэдэг энэ гайхамшигтай гэрэл гэгээтэй, өгөөмөр баян ертөнцөөр өмнө чинь суугаа балчир оюуныг Та замчлан дагуулагч болно. Чухам тэгэж чадвал эрхэм уран зохиолыг багш Та жинхэнээсээ Уран зохиолын багш болж, үхэр шөргөөж, нохой сарьдаг шавар суврагууд биш, харин хэзээ ч унтардаггүй гэрэл гэгээ цацруулсан, цааш цаашаа өөрөө өөрийгөө хувилган үржүүлдэг амьд суваргуудыг бүтээгч буянтан болох боломжтой шүү. Түүн шиг эрхэм сайхан буяны үйлс гэж хаа билээ. Эрхэм мэргэжил нэгт уран зохиолын багш та бүхэнд амжилт хүсье. Энэ удаагийнхаа яриаг үүгээр өндөрлөе.

Б.Номинчимэд

/2019 оны 4 сард Нийслэлийн болон аймаг, сумдын уран зохиолын багш нарын сургалт семинарт “Уран зохиолын хичээлийн үнэ цэнэ” сэдвээр ийнхүү ярилцсан болно. Зарим нэгэн санааг орхив./

Санал болгох

Казах иргэд ба монгол хэл, бодлого

Баян-Өлгийн хувьд монгол хэлний сургалт, бодлогыг эрүүл ухаанаар бодож боловсруулахгүй бол болохгүй

13 өдрийн өмнө
Монголын буудалд орогносон хятадуудаас үлдэх сургамж

Тэднийг илрүүлсэн сайн, ийм зохион байгуулалтаар хууль бус үйлдэл хийж болзошгүйг нийтээрээ мэдэж авсан нь илүү сайн боллоо.

19 өдрийн өмнө