Хохирогч С: "Амиа хорлосон болгоод алчихна шүү” гэж сүрдүүлдэг

5.1 мянга
4
11 өдрийн өмнө
Хохирогч С: "Амиа хорлосон болгоод алчихна шүү” гэж сүрдүүлдэг


29 настай эмэгтэй С нь 10 жилийн сургуулиа төгсөөд О гэгчтэй гэр бүл зохиожээ. Нөхөр  нь прокурор мэргэжилтэй, өмгөөлөгчөөр ажилладаг нэгэн. Тэд дундаасаа 2-7 насны 3 хүүхэдтэй бөгөөд байнгын хүчирхийллийн дор 10 жил амьдарсан харамсалтай хэргийг бид сурвалжиллаа.

Хүчирхийлэлд өрстөн ч өдийг хүртэл дуугүй явсан шалтгаан нь нөхөр нь хуулийн мэдлэгтэй, хүчний байгууллагад танил талтай учраас эмэгтэй өнөөдрийг болтол гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, нууж ирсэн байна.

Эхлээд түүнийг хардаж зоддог байсан бол сүүлдээ тодорхойгүй шалтгаанаар тогтмол гар хүрдэг болж. Цөхөрсөн эмэгтэй сална гэхэд нөхөр нь холбоо сүлбээгээ ашиглаад чамайг нэг ч алхуулахгүй, “амиа хорлосон болгоод алчихна шүү” хэмээн сүрдүүлэх болжээ.

Энэ талаар хохирогч С “Намайг хашгирах гэхээр ам таглаж байгаад зоддог. Өөрөө л уурлаад хамаг юм аа авч шидээд байдаг. Хүн орж ирээд юу болоод байна гэж асуухаар Манай эхнэр хамаг юм аа авч шидээд байна гэж худал хэлдэг. Тэр хүн гараад явмагц үсдээд хана мөргүүлж зоддог. Бас хүнийг хаана нь зодвол ил гэмтэл учруулахгүй байх вэ гэдгээ их сайн мэддэг.

Нэг удаа үсдүүлж хананд савуулж зоддуулснаас болж  чихний хэнгэрэг цоорч сонсголын чадвар нь эрс мууджээ. Түүнчлэн байнгын айдастай байдгаас үүдэж зүрхний хэм алдагдах өвчтэй болсон” хэмээн нулимс дуслуулан ярив.

Хүчирхийлэл үйлдсэн О зөвхөн эхнэрээ биш 3 хүүхдээ шөнө дунд босгож дарамталдаг, зоддог болохыг тэрээр хэлж байна. Хамгийн харгис нь тэрээр 10 жилийн хугацаанд 9 удаа үр хөндүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Шүүх шинжилгээгээр байнгын хүчирхийлэлд өртөж байсан нь тодорхой болвол эрүүгийн хэрэг үүсгэнэ гэв. Гэхдээ шинжилгээний хариу хүртэл хүчирхийлэгч сул чөлөөтэй байна. Нөхрөө цагдаад бариад өгчихсөн эмэгтэйд ямар ч эрсдэл тулгарч магадгүй гэсэн үг.

Дээрх жишээний хувьд хүүхдүүдийг хамгаалах байранд авах байтугай, нөхөрт хуулийн ямар нэг хариуцлага тооцохгүй явуулжээ.  Манай улсад энэ мэтээр гэр бүлийн хүчирхийллийн хууль сул нь хохирогчийг дахин хохироох эрсдэлтэй нөхцлийг дагуулдаг.

Хоригдож гарч ирсэн хүчирхийлэгч дахин хүчирхийлэл үйлдэх, тамлах сэдлийг төрүүлдэг. Баримт сөхвөл  Эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэж, эцсийн мөчид өөрийгөө хамгаалах үед бусдын аминд хүрсэн байдаг байна Хохирогчийг хамгаалах тогтолцоо бэхжээгүй сул талтай.

Санал болгох