Кендо тулааны мөн чанар нь өөрийгөө ялахад оршдог

2 сарын өмнө

“Чоно” Кэндо клубын ерөнхийлөн захирагч, багш Ganizo. D. Wolf-той ярилцлаа.

Кэндо тулааны урлагийн тухай монголчууд бид юу мэдэх вэ. Энэ талаар яриагаа эхэлье? 

Япон улс Мэйжийн эринд самурайн ёсыг халж, өөр ертөнцийг хүлээн авснаар түүхэн хөгжлийнхөө шинэ эринг эхлүүлсэн. Тухайн үедээ цэрэг арми, зэвсэглэлийн давуу талыг эрхэмлэн, хүчирхэг арми бүрдүүлж Азид ноёрхох бодлого баримталсан байдаг. Чухам энэ цаг үед японы залуу үе, цэрэг армийнханд жиу-житсу, окинава-до буюу карате-до бусад тулааны урлагуудаас хамгийн харгис хатуу арга барилыг зааж мөрдүүлдэг байжээ. Энэ нь дайчин хүний хатуу зарчимд тулгуурласан үзэл баримтлал байсан нь будо болон бушидогийн энэрэхүйн зарчмыг орхигдуулснаас эцэст нь сүйрэлд хүргэсэн. Учир нь дарангуйлагчийг бүгд хүлцэн дагадаг ч тухайн дэглэм нуран унахад бүгд түүнийг орхидог.

Самурайн ёсыг халж, кендо тулааны урлагыг хөгжүүлснээр япончуудад хэрхэн нөлөөлсөн бол?

Дэлхийн II дайны дараа япончууд балгас болсон улс орноо нуранги дороос бүтээн босгохоор дайн тулааны хатуу зарчимаас татгалзаж бушидогnaн замналыг эрхэмлэдэг жү-до, айкидо, кэндо тулааны урлагийг сонгосон юм. Тэд цэрэг, хүчний байгууллагаас гадна нийтийн хүртээл болгож, ерөнхий боловсролын хичээлийн хуваарьт оруулан бүгд хичээллэх болсон. Гол философи нь хувь хүний ёс суртахуун, төлөвшил, хүмүүжилд хэрхэн нөлөөлж байгааг тулааны урлагын их мастерууд ажиглан хэт хатуу зарчмыг баримтлах нь өрөөсгөл гэж үзсэн. Энэ үзэл баримтлалаар өсч бойжсон залуу хойч үе нь өнөөгийн дэлхийд тэргүүлэгч Япон улсыг бий болгосон гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл хувь хүний төлөвшлөөс улс орон хөгжин цэцэглэдэг бодит жишээ гэж хэлж болно.

Кэндог яагаад Монголд хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?

Би ардчилсан нийгэм рүү шилжих түүхэн цаг үед, социалист үзэл бодлоор хүмүүжсэн дөчин мянгатын уугуул нэгэн. Тэр үед хүмүүсийн харьцаа, зан байдал, үзэл бодол одооныхоос огт өөр байсан. Хүмүүс бие биенээ хүндэлдэг, ахмадаасаа эмээдэг, сонсдог, үг даадаг, нийгмийн хариуцлага ухамсарладаг, ёс зүйн хэм хэмжээний зааг хязгаарыг ойлгож мэдэрдэг байсан үе л дээ. Одоо бол хүмүүс цаг үеэ дагаад их өөрчлөгдөж, эвдэрч байна гэж хардаг. Үр хүүхэд, гэр бүл болон бусдын өмнө, нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлах талаар яриад ч хэрэггүй зөвхөн өөрийн эрх ашиг сонирхлын төлөө тэмүүлдэг болсон байна. Өөрөөр хэлбэл үүргээ умартаж эрхээ л эдлэхийг тэмүүлдэг болсон байна. Миний хэлэх гээд байгаа санаа, хүүхдийг багаас нь бие болон сэтгэлийн хат суулгах тухай юм. Спорт бол үүнд хамгийн тохиромжтой сурган хүмүүжүүлэх арга хэрэгсэл гэж би хардаг. Спортын ямар ч төрлөөр хичээллэсэн хүүхэд тодорхой хэмжээний төлөвшлийг олж, ачаалал даах чадвартай болно.

Бусад тулааны урлагаас Кендо юугаараа ялгаатай вэ. Бүх спорт хувь хүнийг төлөвшүүлдэг гэж та хэллээ.    
Тийм ээ, мэдээж. Гэхдээ кендо өөрийн гэсэн дүрэмтэй. Бүдо философи дээр суурилдаг. Үүнд: ёс суртахуун, хүндлэл, хоорондын талархал, шударга үнэн ч байдалд суралцдаг. Гол нь хүн өөрийгөө ялан дийлэх зарчим дээр тулгууралдаг. Өөрийгөө ялж байж, дайсандаа өөрийнхөө мөн чанарыг таниулахгүй байх зарчимтай тул нүүрний болон биеийн хэлэмж хувирал үзэлдэггүйгээрээ онцлог. Ер нь кендогийн хамгаалтын хувцас нь өөрөө их сүр хүчийг илэрхийлдэг. Учир нь хүнд айдас бэрхшээлийг даван туулах итгэл үнэмшлийг төрүүлэхээс гадна хэвлийн хөндийгөөс гарах хийг зөв хуваарилан, дуу хоолойгоор дамжин гарах чимээ нь дайсандаа айдас төрүүлж байдаг.   

Айкидогийн тулаанчдыг гаднаас нь харахад бүсээр нь ялгаж болдог, харин Кендо тулааны хувцас өмсгөлүүдээс  цол зэргийн ялгамж, таних тэмдэг байдаггүй нь ямар учиртай вэ?

Кендогийн тулаанчдыг гаднаас нь хараад мэдэх боломж байхгүй. Гардан тулаанаар л ур чадварыг нь мэдэх боломжтой. Кендогийн багшийг сэнсэй гэж японоор дууддаг. Кендо тулааны хамгийн дээд зэрэг нь 10 дан. Миний хувьд 7 дан эрэмбэтэй нударгаан зодоонч. Монголд цөөхөн 7, 8 дангийн зэрэгтэй хүмүүс байгаа. Кендо бол дайсандаа хэзээч өөрийгөө бүү мэдэгд нэг түвшинд байх ёстой ба сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байхыг эрхэмлэдэг.   

Таны хамгийн отгон шавь хэдтэй вэ. Шавь нараа ямар арга барилаар хүмүүжүүлдэг туршлагаасаа бидэнд ярьж өгөөч?

Манай клубд 8 настай балчираас 80 настай буурал хүртэл явдаг. (Инээв) За ойролцоогоор мянга гаруй шавьтай болжээ. Отгон шавь мань дуучин Энэрэл. Эмээ нь 3 настай байхад нь надад авч ирж өгсөн. Би анх ирсэн шавь нартаа хэлдэг эхний үг “Заал бол сүм, багш бол сүмийн лам, харин шавь бол сүсэгтэн” гэж эхэлдэг. Сүмд орсон ямар ч хүн хүндэтгэл бишрэлийг мэдэрч, ламын сургаалд анхаарлаа төвлөрүүлж сонсдог. Харин сүм дотор ганцхан лам л ном сургаалаа айлдаж төвлөрлийн төвд байдаг. Ламыг ном айлдаж байхад сүсэгтэн олон дуу чимээ гаргах, анхаарал болгоомжгүй байх нь ёс бус үйлдэл. Мэдээж шавь бол нам гүмийг эрхэм болгож зөвхөн багшийн хэлсэн үгийг сонсож, хийх үйлдлийг нь анхааралтай ажиглах. Эндээс хүүхдэд, хамгийн эхлээд ахмад хүний үгийг сонсох, олон нийтийн дотор бусдаас онцгойрч дуу чимээ гаргах, хэнэггүй байдал үзүүлж болохгүй юм байна гэсэн анхан шатны ойлголт төрдөг. Мөн ямар ч хөдөлгөөнтэй хүүхэд бэлтгэлийн нөлөөнд дур зоргоороо байх зангаасаа ангижирч, тэвчиж байдаг. Чухам ингэж л анхны хүндлэл, тэсвэр хатуужлын суурь тавигддаг. Бэлтгэлд орохдоо бусдаасаа үлгэрлэн хувцас, хэрэгсэлээ нямбайлан хурааж, эмх цэгцийг сахих байдал нь яваандаа зуршил болж гэр бүл, найз нөхөд, эргэн тойрныхонд нь эерэг нөлөө үзүүлж, тэд суралцаж эхэлдэг. Энэ сахилга батыг хүүхэд заавал чичлүүлж биш, өөрийн мэдрэмжээрээ бий болгодог чадвар юм. Хүүхдийн толгойг илж, дур зоргоор нь байлгаж, аливааг зааж сургана гэдэг байж болохгүй зүйл. Тулааны урлагын багшийн хувьд хэлж байгаа юм биш шүү. Би аравтайгаасаа эхлэн жү-догийн гайхамшигт ертөнцтэй танилцаж, хүндлэх хүндлэгдэхүйн ёс суртахуунаас суралцаж, айкидо, кэндогийн тулааны урлагт татагдан орж энэрэхүйн мөн чанарт суралцснаар амьдралын мөн чанарыг бага ч болов ухаарсан гэж боддог. Тиймээс нэг ч болов хүүхэд, багачуудыг ёс суртахууны өв тэгш төлөвшилтэй, хүнийг энэрч хайрлах, бэрхэд хатуужилтай улс орныхоо ирээдүйг авч явах өөртөө эзэн, зөв хүн бүтээхийн төлөө кендог зааж явна. 

Танд баярлалаа. Сурган хүмүүжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье. 

Ярилцсан У.Ундармаа

Санал болгох

SYNDICATE TALK: Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ

“Үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгчдийн институт” Монголд анх удаагаа “Project Forum”-ийг санаачлан зохион байгууллаа. Энэ форумтай цуг Синдикат ярилцлагын 46 дахь дугаар та бүхэнд хүрч байна.

10 өдрийн өмнө
МУАЖ Г.Мягмарнаран: "Фауст" жүжгийг маш сонирхолтой, огт уйдаахгүй дэглэлт, тайзны шийдлээр үзэгчдэд хүргэнэ

Уншсан хүн тухайлан ойлгоход бэрх, уншдаг хүмүүс ухаж ойлгоход төвөгтэй дэлхийн сонгодгийн ноён оргил “Фауст” жүжгийг Иоханн Вольфганг Фон Гёте амьдралынхаа 60 жилийн турш бичсэн гэдэг.

1 сарын өмнө