Галдан бошготын халаглал

2 сарын өмнө
Галдан бошготын халаглал

Сая Хайнань арал дээр 7 хоног амрах хугацаандаа Өвөрмонголд үндэсний монгол бичгээр хэвлэгдсэн "Эсэн хаан", "Галдан хаан" нэрт хоёр номыг уншив. Монголын түүхэнд хүндтэй байр суурь эзлэх учиртай хоёр их хүмүүний түүхийг манай зарим хүмүүс халх ойрад хэмээх байр сууринаас баллуурдаад бантагнуулаад хаячихдаг нь нууц биш. Нөгөө талаар орос ах нарын бидэнд зориулж бичсэн түүх ч бодит үнэнийг ихэд бүдэгрүүлж орхисныг энэ хоёр номыг уншиж байх явцдаа гайгүй сайн ухааран ойлгов.

Чингисийн дараа үед Монгол үндэстний хувьд сэргэн мандлын хоёр дахь том тэсрэлт гарах боломж үнэндээ байжээ. Гэвч Дива Санжай нэрт төвд хүмүүн 5 дугаар Далай ламыг жанч халчихсан байхад 16 жилийн турш тэр тухай мэдээг гадаад ертөнцөд зарлалгүй нууж түүний нэрээр Монголын улс төрд хутгалдан оролцож байсны нөгөө талд "Гурван улсын үлгэр" романы үзэл санаа, далд нарийн арга ухааныг нэвтэрхий эзэмшсэн Манжийн Энхамгалан хаан Монголчуудыг хооронд нь харгалдуулж, хагаралдуулж байсан нь Монгол нутагт бүрэлдэж байсан тэр их хүчийг бутаргах, сарниулахад гол нөлөө үзүүлж байсан болохыг "Галдан хаан" номыг уншиж байх явцдаа ухааран ойлгож сэтгэл маань гүнээ шимширч байлаа.

Зуун модны алдарт тулалдааны үед Галдан бошгот хаан Манжийн Энх-Амгалан хааныг амьдаар олзлох алтан боломжийг алдсан. Дайн байлдааны асар их туршлагатай Ойрад цэргүүдийн тоо 10 000 хүрэхгүй шахам атлаа манжийн буюу угтаа Халх, Өвөрмонгол цэргүүд гол хүчийг бүрдүүлж байсан өрсөлдөгч талаа ялах шахсан торгон агшин бүрдэж байсан ажээ. Хариугүй ялахын даваан дээр Шаньсигаас гаралтай хятад цэргийн жанжин Ойрад цэргийн өвгөд хөгшид, хүүхэд хүүхнүүд байрлаж байгаа ар талын хэсэг рүү дайрч хядах санал гаргасан нь үр дүнгээ өгч Зүүнгарын баатаруудын санаа сэтгэлийг үймүүлж ялагдах гол шалтгаан болсон тухай уг номонд тодорхой бичсэн аж.

Бас Манжийн 100 мянган их цэргийн дайралтыг тэнгэр эцэг таалалгүй цаг агаарын хүнд хэцүү нөхцөл үүсгэж тэдний зам мөрийг хааж байсан тухай уг номноос ойлгож авлаа.

"Би Бээжин рүү хэт ойртож Улаан Бутанд ялагддаг нь том осол цалгар болов.", "Далай ламын зарлиг лүндэнд би яах гэж тэгтэл их итгэв." хэмээн Галдан Бошгот хааны халаглал хатуу ухаарал санагдав. Үнэндээ түүний итгээд байсан Далай лам нь 16 жилийн өмнө нирваан болчихоод байсан шүү дээ.

Галдангийн явуулсан дайны стратеги агуу ажээ. Бас түүний цөөн хүчээр олныг ялдагийн нууц нь 1000 лам нарыг бэлтгэж Халх, Өвөрмонгол, Бээжин зэрэг газарт суурьшуулж тагнуулын ажиллагаа явуулж байсантай холбоотой байсан юм байна. Тэр бүхнийг нэгтгэн зангидаж удирдаж байсан Ялгуусан Хутагт нэрт том лам угтаа бол дэлхийн тагнуулын урлагийн түүхэнд маш хүндтэй байр суурь эзлэхээр нэгэн санагдав. Уг номонд бичигдээгүй хэдий ч хятадын сул түүхэнд бичиглэн үлдээснээр Ялгуусан хутагтыг Энх-Амгалан хаан барьж аваад "туячих" хэмээх аймшигт эрүү цаазаар хороож байсан нь түүнийг хичнээн айхтар үзэн ядаж байсны илрэл буй за.

Ялуусан хутагт баригдаж хороогдсоноор Галдан хааны үүсгэсэн тагнуулын сүлжээ тасарсан нь түүний ялагдах гол шалтгаан болсон нь ч уг номыг уншиж байх явцад аяндаа ойлгогдохоор байлаа.

Энэ номонд эсрэг дүр мэт зураглагдсан Дива Санжай нь Энх-Амгалан хаантай дүйцэхүйц ухааны шандастай нэгэн бол Түшээт хан Чахуундорж ч Галдангаас дутахгүй баатар эр байсныг номонд сайхан дүрслэн харуулжээ.

Галдангийн эцэг Эрдэнбаатар хунтайж 5 хатантай байсны нэг нь хасаг хүүхэн байсан. Тэд хунтайжийг насан өөд болсны дараа бүгд гэзэг үсээ үргээж гэлэнмаа болцгоосон тухай сонин баримт байх юм. Бас 5 дугаар далай лам Бээжинд айлчлахаар явах замдаа Төвдийн орон нутгийн нэгэн язгууртны бага хатныг эр хүний хувьд таалсаны үрээр түүний хэвлийд олдсон үр нь Дива Санжай байсан тухай сонин баримтыг уг номонд тодорхой бичжээ.

Хятадын сул түүхэнд өгүүлдэг сонирхолтой баримтаар нэмж баяжуулаад кирил бичиг дээр буулгавал маш сонин бүтээл төрж мэдэхээр санагдав.

Эсэн тайш, Гүүш хан Төрбайх, Галданбошгот, Цэвээн-Равдан хаан, Торгуудын Увш хаан нартай холбогдсон түүхэн үйл явдлууд нь аргагүй л Монголын түүхнээ өнө мөнхөд гялалзах алтан сондор юм даа. Гагцхүү тэр бүхнийг бодит үнэн байр сууринаас судлаж сурвалжлаад сонирхолтой хэлбэрээр олон түмний оюун санаанд хүргэх нь л чухал болохыг өгүүлэх юун.

Д.Болдбаатар

Санал болгох

Казах иргэд ба монгол хэл, бодлого

Баян-Өлгийн хувьд монгол хэлний сургалт, бодлогыг эрүүл ухаанаар бодож боловсруулахгүй бол болохгүй

1 сарын өмнө
Монголын буудалд орогносон хятадуудаас үлдэх сургамж

Тэднийг илрүүлсэн сайн, ийм зохион байгуулалтаар хууль бус үйлдэл хийж болзошгүйг нийтээрээ мэдэж авсан нь илүү сайн боллоо.

1 сарын өмнө