Сонгуульд бэлтгэгдсэн, эрх баригчдын амлалтаа биелүүлэх гэж аргацаасан сул төсөв болсон

1
1 сарын өмнө
Сонгуульд бэлтгэгдсэн, эрх баригчдын амлалтаа биелүүлэх гэж аргацаасан сул төсөв болсон

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор (Ph.D), дэд проф. А.Энхбаттай Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд буй Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар сэтгүүлч уулзаж ярилцлаа.

Засгийн газраас УИХ-д ирэх оны Монгол Улсын төсвийн төслийг өргөн мэдүүлээд байна. Сангийн яам, Засгийн газраас энэхүү өргөн мэдүүлсэн төсвийн төслийн онцлог, өмнөх төсөвтэй харьцуулахад ямар болсон  талаар эдийн засагч, төсөв, санхүүгийн чиглэлээр ажилдаг судлаач хүний хувьд байр сууриа бидэнтэй хуваалцана уу?

            Засгийн газар УИХ-д Төсвийн тухай хуулийн 8.4.5 болон 10.1.3-д заасны дагуу Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон жилийн төсвийн төсөл болон тодотголыг 10 сарын 1-ны дотор өргөн мэдүүлэх үүрэгтэй. Энэ дагуу хуулийн хугацаанд Засгийн газар ирэх оны буюу 2020 оны Монгол Улсын төсвийн төслийг өргөн мэдүүлээд байна.

            Сангийн яам болон Засгийн газраас боловсруулсан ирэх жилийн төсвийн төслийн онцлогийг дурьдахаас өмнө, нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, ялангуяа  хөрш орнууд болох ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн байдал, хоёрдугаарт, дэлхийн санхүүгийн байдал, дэлхийн гол нэрийн түүхий эдийн засгийн үнэ ханшийн хэлбэлзэл, гуравдугаарт, манай улсын макро эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товчхон дүгнэлт өгөх нь зүйтэй.

            Нэгдүгээрт, Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьд өмнө тооцоолсон таамаглалаа бууруулаад байна. Өөрөөр хэлбэл, Дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 онд 3.6% -ийн өсөлттэй байсан бөгөөд харин энэ 2019 онд 3.2% өсөлттэй гарна гэж  байсан таамаглалаа 0.1% -иар бууруулж, 3.1% болгохоор өөрчилсөн байна. Харин ирэх 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.5% болно гэж тооцоолжээ. Дэлхийн эдийн засаг саарахад нөлөөлж байгаа хүчин зүйл бол АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдаан зөрчил, маргаан, Евро бүсийн эдийн засгийн бууралт, түүний экспорт болон хөрөнгө оруулалтын сулрал нөлөөлж байна. Нөгөө талаар манай хөрш ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн сулрал хэвээр үргэлжилж байна. Тухайлбал, ОХУ-ын эдийн засаг 2018 онд 2.3% өсөлттэй байсан бол 2019 онд 1.2%-ийн өсөлттэй гарахаар, цаашинд ирэх онд 1.9% өсөлттэй байхаар бол БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2018 онд 6.6% өсөлттэй байсан бол 2019 онд 6.2% өсөлттэй гарахаар, 2020 онд 6.0% өсөлттэй байхаар төсөөлөгдөж байна.

            Хоёрдугаарт, Дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнэ ханш буюу манай улсын гол экспорт, түүхий эд болох зэсийн баяжмал болон нүүрс, алтны үнэ ихээхэн хэлбэлзэлтэй байна. Тухайлбал, зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнэ 2011 онд 9000 ам.доллар дөхөж байсан бол (тэр онд манай эдийн засгийн өсөлт 17.3% өсөлттэй гарч, дэлхийн бусад улс орнуудаас эдийн засгийн өсөлтөөрөө 1-д жагсаж байсан) түүнээс хойш жил тутам буурч 2016 онд 4500 ам доллар болсон, (тухайн онд манай улсын эдийн засгийн өсөлт 1.2% хүртэл унасан) харин 2019 онд ойролцоогоор 5900 ам.долларт хэлбэлзэж байна. Цаашдаа ирэх онд зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнэ буурах магадлал байна. Мөн түүнчлэн нүүрсний үнэ 1 тонн нь 154 ам.доллар байна.  Харин алтны үнэ өмнөх жилүүдийг бодвол өсөж байгаа бөгөөд энэ нь Дэлхийн санхүүгийн байдал, улс орнуудын Төв банкны явуулж байгаа мөнгөний бодлоготой уялдуулан хөрөнгө оруулагч нар алт худалдан авах нь ихэссэнтэй холбоотой байна.

            Гуравдугаарт, манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагыг харуулж байгаа. Тухайлбал, 2017 онд эдийн засгийн бодит өсөлт 5.3%, өнгөрсөн 2018 онд 7.2%, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3% өсөлттэй гарсан. Гадаад худалдааны тэнцэл 2018 онд 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь цаашид энэ онд ч гэсэн ашигтай гарахаар байна. Харин гадаад төлбөрийн тэнцэл 2018 онд -141.7 сая. долларын алдагдалтай гарсан бол түүний урсгал данс нь -2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна. Улсын төсвийн хувьд 2018 онд ашигтай гарсан хэдий боловч 2019 онд ДНБ-тэй харьцуулсан байдлаар -5.4% алдагдалтай гарсан. Инфляцийн түвшин 2018 онд 8.1%, ажилгүйдлийн түвшин 7.8%.байсан.

            Ирэх оны буюу Монгол Улсын 2020 оны төсвийн төсөл нь дээр дурдсан гадаад, дотоод бодит нөхцөл байдалд ирэх оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж батлах гэж байна. Гэхдээ ирэх оны төсвийн төслийн бас нэг онцлог бол улс орны дотоод нөхцөл байдал ялангуяа, улс төрийн талаас нь харвал ирэх онд парламент болон орон нутгийн хурлын сонгууль болох бөгөөд нөгөө талаар УИХ-д дийлэнх олонхи болсон эрх баригч намын батлах гэж байгаа сүүлийн, мөн түүний хоёр дахь Засгийн газрын буюу Д.Хүрэлсүхийн Засгийн газрын сүүлийн жилийн төсөв, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болж байгаагаар онцлогтой. Тийм учраас ирэх оны төсөв бол  ирэх сонгуульд бэлтгэгдсэн, эрх баригчдын амлалтаа биелүүлэх гэсэн аргацаасан сул төсөв болсон. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.7 их наяд төгрөгөөр, зарлагыг 13.8 ихя наяд төгрөгөөр, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал-2.0 их наяд төгрөгөөр төсөвлөгдөж орж ирсэн.

Засгийн газраас ирэх 2020 оны улсын төсвийн төсөлд орлого, зарлагыг хэрхэн тооцоолж оруулсан ирсэн гэж Та үзэж байгаа вэ? Ялангуяа төсвийн орлого бодитойгоор тооцоологдсон уу? Та сая хэллээ сонгуульд бэлтгэгдсэн сул төсөв гэдэг нь ямар зүйлүүдээр илэрч байна гэж бодож байна вэ?

            Ирэх онд төсөв, санхүүгийн эрх зүйн орчинд ялангуяа татварын шинэ хууль хэрэгжиж эхлэнэ. Өөрөөр хэлбэл 2019 оны 3 дугаар сарын 22-нд УИХ Татварын багц хуулиндаа тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулсан. Энэ нь 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахйун нэгжийн төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан олгоно, нөгөө талаар 300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид 1 хувийн татвар ногдуулах гэсэн хууль эрх зүйн шинэ орчин үүснэ. Сайн тал нь хувийн хэвшлийн хувьд хөнгөлөгдсөн татварын эх үүсвэрээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж үүсэж үйлдвэрлэл өсөх таатай боломж үүсэж байгаа юм.

Бас нэг асуудал бол уул уурхайн салбараас төсөвт орох орлогын хэлбэлзэл байгаа юм. Ирэх оны төсвийн орлогын 24.8% нь буюу 3.2 их наяд төгрөг нь зөвхөн уул уурхайн салбарын орлогоос орж ирэхээр тооцсон байна. Орлого биелэгдэхгүй байх магадлал байгаа. Учир нь дэлхийн эдийн засгийн сааралт, мөн түүнчлэн БНХАУ-ын эдийн засгийн бууралт нь дэлхийн гол түүхий эдийн үнийн хэлбэлзэх шалтгаан болж байна. Жишээлбэл, 2018 онд болон 2019 онд нүүрсний эхкспортын хэмжээг 42 сая тонн байхаар тооцоолж төсвөө батлуулж байсан боловч энэ оны эхний 8 сарын байдлаар нүүрсний экспорт биет хэмжээгээрээ дөнгөж 25 сая тонн болоод байна. Нөгөө талаар зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнэ байнга буурч байгаа бөгөөд АНУ болон БНХАУ-ын худалдааны маргааны улмаас юаний ханш сулралт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан төсвийн орлого биелэгдэхгүй байх магадлал өндөр байна. Тийм учраас төсвийн орлогыг дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан өөдрөгөөр төсөвлөн тооцоолохоос аль болох татгалзаж, аль болох бодитойгоор тооцоолон төсөвлөх шаардлага зүй ёсоор байгаа нь харагдаж байна.

            Харин төсвийн зарлагын хувьд авч үзэхэд ирэх онд бүх төрлийн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн санг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх буюу үүнд 168.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн түүнчлэн МСҮТ-д суралцагчдын сарын тэтгэлэг болох 100.0 төгрөгийг 200.0 мянган төгрөг болгох, ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийн мөнгө болон, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, дотуур байранд байдаг хүүхдийн хоолны мөнгийг тус тус 50%-иар нэмэгдүүлэхээр тооцсон байна. Мөн түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд урьд өмнө эхлүүлсэн буюу 2018-2019 онд эхлүүсэн бүх хөрөнгө оруулалтын төслүүдийг дуусгахад 987 тэрбум төгрөгийг зарцуулах, шинээр 2 их наяд төгрөгийн хуучин зарцаагдсан болон концессийн гэрээ, шинэ төслүүдийн санхүүжилт байхаар тусгагдсан байна. Энэ дотор ба олон нийтийн анхаарлыг татаад байгаа Чингис хааны музей, Үндэсний урлагийн их театр, Багалийн түүхийн музей, Төв номын сан, Дуурь бүжгийн театр, Улсын драмын театр, Төв цэнгэлэдх хүрээлэнтэй холбоотой хөрөнгө оруулалтууд тусгагдсан байгаа. Эдгээр бүх асуудлууд нь Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, сонгуулийн жил учраас амлалтаа биелүүлэх, нөгөө талаар ард түмэнд таалагдах гэдэг утгаар боловсруулагдсан төсвийн илрэл болж байна.

Энэ УИХ болон Засгийн газрын хувьд сүүлийн жилийн төсвөө боловсруулан хэлэлцэх гэж байна гэж Та хэллээ. Ер нь улс орны хөгжлийн бодлогын хувьд төсвийн бодлогын хувьд ямар арга хэмжээ авах шаардлагатай байсан бэ?

Ирэх оны төсвийн төсөл нь эдийн засгийн өсөлтийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн аж үлйдвэр болон дэд бүтцийн шинж чанартай төслүүдийг санхүүжүүлэх гэхээсээ илүү өмнөх жилүүдийн төсвийн үргэлжлэл болон хэрэгжүүлж эхэлсэн хөрөнгө оруулалтанд ихээхэн хөрөнгө хаясан төсөв болж байна. Бодлогын шинэ арга хэмжээг хэрэгжүүлэх, урт хугацааны үндэсний бодлогын хөгжлийг хангах төсөв хийх тал дээр цаг хугацааны хувьд , хөрөнгө санхүүгийн хувьд ч энэ Засгийн газарт тийм боломж байхгүй.Өөрөөр хэлбэл энэ болон өмнөх Засгийн газрын хувьд өнгөрсөн 2-3 жилүүдэд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг шийдвэртэй авч хэрэгжүүлж чадаагүй нь ийм нөхцөл байдалд шахан оруулж байгаа нь тодорхой байгаа юм.

Нөгөө талаар энэ УИХ нь Төсвийн тухай хуулиа зөрчсөн. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 8.10.4-д заасны дагуу УИХ нь өнгөрсөн 2018 оны Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах байсан боловч энэ ажлаа хийгээгүй. Үүний цаана төсвийн өмнө УИХ-ын хүлээх хариуцлагын асуудлыг гаргаж ярих ёстой боловч хуулийн зохицуулалт байхгүй,  хүлээх хариуцлага байхгүй байна. Үүнд хариуцлаг нэхэж тооцох ёстой. Сая 10 сарын 1-нд УИХ намрын чуулганаа нээнгүүтэй маш хариуцлагагүйгээр төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг нэр төдийн хэлэлцсэн болж баталлаа. Үүний цаана 2018 оны төсвийн гүйцэтгэлээр хариуцлага алдсан аудитын дүгнэлтээр хязгаарлалттай гэсэн дүгнэлт авсан 4 Төсвийн ерөнхийлөн захирагчийн асуудал, бусад төсвийн захирагч нарын хөрөнгө мөнгөний шамшигдуулалт, нөгөө иргэдийн асуугаад байдаг 1072 хувьцааны асуудал ч бүрхэг байдалтай өнгөрч байна.

Дээр нь нөгөө “ЖДҮ” гээд яриад байдаг Засгийн газрын тусгай сангийн нэрийг өөрчлөн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” нэртэйгээр нэрээ сольж байгаа нь энэ төсвийн төсөл түүний дагалдах хуулиудаар орж ирж байна. Энэ бол нөгөө эрх баригчдын ЖДҮ-д холбогдсон хэргээ сааруулах, мартагнуулах аргын нэг хэлбэр байгаа юм. Цаашид янз бүрийн сангийн асуудлыг зогсоох, абхйгү болгох, бүгдийг арилжааны горимд шилжүүлэх, арилжааны банкнуудтай буюу банкны системтэй холбох замаар бодлогы хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өнгөрсөн жилүүдийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал эерэг байсан болон Монгол Улс, ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсэн зэрэг гадаад, дотоод нөхцөл байдлын улмаас манай улсын эдийн засгийн байдал, төсвийн байдал ч харьцангуй боломжтой үр дүнг үзүүлж ирсэн. Ирэх онд ОУВС-нгийн хөтөлбөргүй болно.

Өнгөрсөн жилүүдэд үүнээс илүү боломж буюу улс орны урт хугацааны бодлогын шийдлүүдийг гаргаж хэрэгжүүлэх стратеги, төсөв, хөрөнгийн оновчтой хуваарилалт,  хүн амын ядуурал, ажилгүйдлийг бууруулах боломж маш их байсан боловч 2012 оноос хойш ажиллаж ирсэн улс төрийн нам, Засгийн газруудын явуулсан алдаатай бодлогуудын улмаас ийм боломжоо алдсан.

Цаашид ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан аргацаасан үлбэгэр бодлогын арга хэмжээнүүдээс илүү шинэчлэлийн шинж чанартай арга хэмжээг авах тухайлбал, Төрийн захиргааны албан хаагчдын тоог 2 дахин буюу эрс багасгаж, зардал мөнгө хэмнэх, өөрөөр хэлбэл, дарга, түшмэдийн тоог цөөрүүлэх, төрийн өмч хувьчлалыг эрчимжүүлэх, түүнээс олсон орлогыг ирэх онуудад ирэх гадаад зээлийн төлбөрт зориулахад зарцуулах, царцаасан хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг дуудлага худалдан оруулан худалдах,   шинээр хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг эрүүл мэнд, боловсролын салбараас бусдыг нь зогсоох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Ярилцлага өгсөн Таньд баярлалаа.

Санал болгох

МУАЖ Г.Мягмарнаран: "Фауст" жүжгийг маш сонирхолтой, огт уйдаахгүй дэглэлт, тайзны шийдлээр үзэгчдэд хүргэнэ

Уншсан хүн тухайлан ойлгоход бэрх, уншдаг хүмүүс ухаж ойлгоход төвөгтэй дэлхийн сонгодгийн ноён оргил “Фауст” жүжгийг Иоханн Вольфганг Фон Гёте амьдралынхаа 60 жилийн турш бичсэн гэдэг.

15 өдрийн өмнө
Иргэний оролцоо

- Синдикат ярилцлага #43 -

1 сарын өмнө