АНЭУ-д Монгол Улсын Элчин сайдын яамыг нээнэ

1 сарын өмнө
АНЭУ-д Монгол Улсын Элчин сайдын яамыг нээнэ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 27 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлснээр өндөрлөсөн. Иймд хуралдааны эхэнд уг тогтоолын төслийг дэмжих эсэх талаарх санал хураалтыг явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67,4 хувь нь Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолыг төслийг батлахыг дэмжив.  

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар болов

    Дараа нь Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар тус тус танилцуулав.  

    Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий гэдгийг Гадаад харилцааны сайд  дурдаад АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ гэлээ. Тухайлбал, Эмират Улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзжээ.

    АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам ажилладаг бөгөөд тус улс  Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн байна. Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгдсэн байна. 

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

    Тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан гадаад улсад томилогдох албан хаагчдыг ямар шалгуураар томилж байгаа, хэрхэн хариуцлагажуулсан, томилогдсон албан хаагч алдаа, дутагдал гаргавал томилсон албан тушаалтан ямар хариуцлага хүлээх талаар асуулт асууж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд дипломат албаны томилогооны асуудлыг анхаарах цаг болсон, дипломат албан тушаалд тавих шалгуурыг чангатгах нь зүйтэй, гадаад талдаа манай улсын нэр хүнд унаж байгааг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо анхаарах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан дипломат албанд нүүрлээд байгаа энэ асуудалд хатуу хандаж, хариуцлагажуулах цаг болсон талаар тус тус үг хэлсэн. Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тус улстай хийсэн худалдааны эргэлт бага байхад Элчин сайдын яам нээн ажиллуулах шалтгаан, ач холбогдлыг тодруулахын зэрэгцээ Кувейт улсад байгаа Элчин сайдын яамаа хааж, АНЭУ-д байгуулах боломж байгаа эсэхийг лавласан. 

    Арабын Нэгдсэн Эмират Улсад Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах хэд хэдэн нөхцөл шалтгаантай. Тус улс Монгол Улсад 2016 онд Элчин сайдын яамаа нээсэн тул харилцан адил байх зарчмаар Элчин сайдын яам байгуулах шаардлагатай. Монгол Улсад 20 гаруйхан орны Элчин сайдын яам байдаг тул энэ хүрээгээ тэлэх нь гадаад бодлогын асуудал.  Арабын Нэгдсэн Эмират Улс Монголд багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн эх үүсвэрийг тус улсын хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлсэн бөгөөд өнөөдөр олон сум цахилгаанаар хангагдаад байна. Тус улс Монголд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл их үзүүлдэг төдийгүй энэ хүрээнд олон сургууль, цэцэрлэг баригдаж байна. Нөгөөтэйгүүр, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Дубай хот нь дэлхийн санхүү, ялангуяа үл хөдлөх хөрөнгө, технологийн шинэчлэлийн том төв болж хувирсан. Дубай хотод маш их экспо зохиогддог. Арван нэгдүгээр сард болох экспод манай улсад бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Тэгэхээр санхүү, үл хөдлөх хөрөнгийн том төвийн “үүдэнд” Элчин сайдын яамаа нээн ажиллуулснаар тэндхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, ажиллах шаардлагатай байна гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа дурдав. Хоёр орны худалдааны эргэлт өндөр биш байгаа ч цаашдаа үүнийгээ өсөн нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа. 

    Кувейт улс Монгол Улстай 1990 оноос хойш найрсаг харилцаж, маш их буцалтгүй тусламж үзүүлж, хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн наад захын жишээ гэхэд Хөвсгөлийн Мөрөн-Уньтын авто замыг тус улсын санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулснаар дотооддын жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа тул бид хариу найрсаг хандах нь зөв гэж бодож байна салбарын сайд хариулж байлаа.

    Ингээд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54,2 хувь нь дэмжив.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 04, 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. 

Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслийг нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, А.Ундраа, Н.Учрал нар ажилласан болно.

 

 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын салбарт дарамт учрах эсэх, нийслэл хот болон хөдөө орон нутгийн иргэдийг эрт илрүүлэг, оношлогоонд хэрхэн хамруулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж байгаа иргэдийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэж батлах, аймаг, дүүрэгт оношлогооны төв байгуулах, 50-аас дээш насны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад шаардлагатай төсвийг Монгол Улсын оны улсын төсвийн төсөлд суулгах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт суулгаж өгөхгүй бол хэрэгжих боломж хязгаарлагдмал байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт лавлагаа, шатлалын эмнэлгийн ачаалал өндөр байгаагаас иргэд төрийн өмчит эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүй үүдэн эмнэлгээр үйлчлүүлж байгаа тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгөнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт зарцуулах боломж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Ундармаа хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг Сангийн яамтай ярьж, шийдвэрлэх талаар Ажлын хэсгээс асуулт асууж, үг хэллээ.

 

    Байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Эрүүл монгол хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, эрт илрүүлэг сайн хийж байгааг болон хорт хавдар өвчнийг оношлох, эмчлэх талаар Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон өөрсдийн хүч, нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа тухай, хуулийн төсөл нь хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд шаардагдах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой байгаа талаар үг хэллээ.

    Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулснаар шийдвэрлэх боломжтой гэж Ажлын хэсэг үзсэн тул уг хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг М.Оюунчимэг гишүүн танилцуулгадаа дурдав.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Д.Дамба-Очир, Д.Ганболд, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

    Гишүүдийн зүгээс Монгол Улс хорт хавдраар өвчлөгсдийн тоогоороо дэлхийн түвшинтэй харьцуулахад зургаа, нас баралтаараа 11 дахин их байгаа тул эрт илрүүлгийн асуудалд анхаарлаа хандуулж, хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй. 2018 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар өвчилсний 4400 нь буюу  өдөрт 12-15 хүн нас барж, гамшгийн хэмжээнд хүрч байгаад төр засаг онцгойлон анхаарах шаардлагатай. Тиймээс 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвд хорт хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулж, хөрөнгийг улсын төсөвт суулгахад анхаарч ажиллахын зэрэгцээ цаашлаад эрт илрүүлгийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уяж өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн төсөлд хорт хавдрын эрт илрүүлэлтийг 40 наснаас гэж заасан шалтаан болон энэ асуудалд шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулав. 

    Ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү, хорт хавдраар өвчлөгсдийг насны байдлаар авч үзвэл 40-өөс дээш насныхан эрсдэл бүлэгрүү орж байна гэсэн тайлбарыг мэргэжлийн хүмүүс нь өгсөн тул 2020 оны төсвийн байдлаар 598,6 мянган хүнийг үзлэгт хамруулж, 23.9  тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг хариултдаа тодотгосон бол төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир хорт хавдраар өвчлөгсөд насны хувьд залуужиж байгаа тул хуулийн зохицуулалтаа эргэн харах нь зүйтэй гэдгийг хариултдаа онцолж байлаа.

    Монголд найман төрлийн хорт хавдарт эрт илрүүлгийн багцыг урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад оруулсан. Асуудлыг үүгээр хязгаарлаж болохгүй гэдэг гишүүдийн байр суурьтай санал нэг байгаагаа Эрүүл мэндийн сайд хариултдаа дурдав. Тэрбээр, нийт хорт хавдраар өвчлөгсдийн 70 гаруй хувийг дөрвөн төрлийн хавдар эзэлж байна. Тухайлбал, элэгний хорт хавдар 36 хувь, ходоодных 15 хувь, уушгиных 9 хувь, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдар зонхилж байна. Хуулийн төслийн гол зорилго нь 21 аймаг 9 дүүрэгт хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг оношлогооны нэгж байгуулах явдал бөгөөд дэлхийн нийтийн чиг хандлага ч ийм байгаа гэдийг хариултдаа тодотгосон.

    Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, хорт хавдрын хожуу үе шат нь нийт өвчлөгсдийн 80 гаруй хувийг эзэлж байгаа тэнцвэргүй  тэмцэлд Улсын Их Хурлын гишүүд онцгойлон анхаарч, дэмжиж, орон нутагт эрт илрүүлгийн үзлэг оношлогооны гарааны нэгжийг байгуулж байгаа нь түүхэн гавьяа гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр, эрт илрүүлгийн үзлэг оношлогоог явуулснаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал төдий чинээ нэмэгдэх тул эмнэлгийн өргөтгөл, үйл ажиллагааг сайжруулахад цаашид анхаарч ажиллахыг онцгойлон хүсч байлаа. 

    Ингээд  хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсны дараа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох

Akipress: 10-т байсан Улаанбаатар агаарын бохирдлоороо 64-т бичигдлээ

Улаанбаатар хот 2019 оны намраас дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын жагсаалтаас хасагджээ.

13 цагийн өмнө
Д.Одбаярт 7 сая вонын торгууль тавьж, хилийн хоригийг нь цуцаллаа

Инчеоны прокурорын газрын Гадаад харилцааны асуудал хариуцсан прокурор Ян Кун Су Д.Одбаярыг яллах дүгнэлтэд тусгасан үйлдлүүдийн дийлэнхийг хүлээсэн хэмээн мэдэгдэв.

17 цагийн өмнө
Төмөр замын хэрэг буюу аудитын дүгнэлт

ҮАГ: Төмөр замын салбарт хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилт хангалтгүйгээс хөрөнгө оруулалт үр ашгаа өгөөгүй байна

18 цагийн өмнө