Сайн тогтолцоо муу хүмүүнийг ч засаад авмуй

1 сарын өмнө
Сайн тогтолцоо муу хүмүүнийг ч засаад авмуй


Хятадын удирдагч Дэн Сяопингийн тухай манай өнөөгийн залуус тэр болгон мэдэхгүй буй за. Төрийн жолоонд байхдаа гурван ч удаа бууж гурван удаа дээш гарч ирсэн гэдгээрээ дэлхийн улс төрийн тавцанд цөөхөн тохиох ховорхон заяа төөрөгтэй нэгэн л дээ.

Хамгийн сүүлчийн удаа Зянсү муж руу цөлөгдөхдөө хойд эх, эхнэр хоёроо авч явсан нь хоёулаа даралт нь ихсэх өвчтэй байсан тул хоол унд хийхээс өгсүүлээд гэр орны хамаг хар бор ажил түүний нуруун дээр буусан гэдэг. Мөртлөө ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан жаран найман настай өвгөнийг ойролцоох засварын газар слесариар ажиллах хүнд ажил оноосон тул найман цагийн турш гэртээ байдаггүй байсан ажээ.

Тэгээд таван цагт гэртээ эргэж ирээд хоёр хөгшиндөө хоол ундыг нь аялуулсаны дараа хятад хүн л болсон хойно хашаандаа ургуулсан жаал жуул ногоо цагаагаа услаж бордоно. Тэгсэний эцэст оройн найм есөн цаг хүртэл нуруугаа үүрээд хашаан дотуураа нааш цааш алхдаг нь нэг бодлын биеийн тамир, нөгөө талаар уншиж судласан зүйлсээ бясалгаж боддог байсан хэмээн түүний намтар судлалтай холбоо бүхий номонд олонтоо дурьдсан байдаг. Тийм хүнд нөхцөлд байсан хүн яаж ном унших зав гардаг байна вэ хэмээн зарим хүн гайхаж магадгүй л дээ. Тэгвэл Дэн Сяопин тэгж баахан алхсаны эцэст гэртээ буцан ороод шөнө дөл болтол ном уншиж суудаг байсан гэдэг шүү. Заримдаа бүр номондоо автаад шөнийн 2-3 цаг хүртэл суух үе олонтоо тохиодог байжээ.

Гурван ч охин нь өөр өөр газар илгээлт нэрээр цөлөгдчихсөн тул хэдэн жил уулзах боломжгүй. Том хүү Дэн Пүфаныг нь улаан хамгаалагч нар Бээжингийн их сургуулийн дөрвөн давхрын цонхоор аваад шидчихсэний улмаас бөгсөн бие нь мэдээгүй болоод эмнэлэг нэрт шоронд ямар ч асаргаа сувилгаа гэх юмгүй өтгөн шингэнтэйгээ холилдоод хэвтэж байсныг сураг төдийхөн сонссоноос хэтрэхгүй. Мөртлөө хоёр даралттай хөгшинд тэр тухай дуулгачихвал юу болох нь тодорхой. Эдгээр оюуныг эзэмдэх хүнд бодлоос жаахан ч атугай ангижрах арга нь ном унших явдал байсан болохоор тэр хүнд хэцүү нөхцөлд номтой тэгтлээ сайн нөхөрлөж байсан ч байж мэдэх юм.

Тэгээд маргааш нь урд өдрийн уншсан зүйлсээ бодож тунгаагаад баахан алхдаг байсан тухай дээр өгүүлсэн. Энэ нь тонгойж уншаад түүнийгээ өндийж сэтгэх хэрэгтэй хэмээх Күнзийн сургаалыг амьдралд хэрэгжүүлж байсан хэрэг байж таарна.

Тийм хэцүү нөхцөлд нэгэн удаа отгон охин Маомао нь арай ядан чөлөө аваад эцэг эх хоёр дээрээ эргэн ирж буй агшны сэтгэлийн хөдлөлийг "Миний эцэг Дэн Сяопин" номон дээрээ маш гайхамшигтай дүрслэн бичсэн байдаг. Ээж охин хоёр ч эмэгтэй хүмүүс болохоороо уйлж унжиж сүйд болоо байлгүй. Харин гурван ч удаагийн улс төрийн хүнд хэцүү сорилтонд өртөөд цаашдаа амь нас хувь заяа нь хаашаа ч эргэж мэдэхээр нөхцөлд байсан атал нулимсаа нуудаг эцгийн хайрыг тэр нэгэн удаа яаж ч чадаагүй гэдэг юм. Охин нь амьхандаа гоёх гээд өмссөн ганц ноосон цамц нь бөөс хуурсандаа баригдаж гүйцсэн болохоор угаагаад засал авах янзгүй тул ээж нь хоёр цагийн турш чанаж байж хатаагаад өмсүүлсэн нь дадийсан жаахан юм болчихсон үед авахуулсан зургийг уг намтрын дунд хавсаргасан байдаг л даа.

Дэн Сяопин урьд нь Харвард Кембрижэд суралцаж байсан гэж та бүхэн дуулаагүй байх. Харин амьдралын энэ мэт хатуу хүтүүг ханатал амсаж эр хар сур болтлоо элдүүлсэн нь түүний хувьд хамгийн том сургууль болсон байж таарна. "Тэнгэр аливаа их үйлийг хэн нэгэнд даатгахаас өмнө арьсыг нь хатааж чөмгийг нь дундлан байж сорьдог." Тэр бүхний ард нэр төртэй гарч чадсан эрхэм л цагийг эзлэсэн их гавьяаны эзэн суух тавилантай тухай Мэнзыгийн сургаалд байдаг нь "Миний эцэг Дэн Сяопин" номыг уншиж байхад үе үехэн өөрийн эрхгүй санагдах бөлгөө.

Дэн Сяо Пингийн өөр нэгэн онцлог нь санаагаа маш товч бөгөөд тодорхой илэрхийлдэг нь түүний ухааны шандас улс төрчийн зангаргыг илтгэх нэгэн хэв шинж гэлтэй.

"Улсын хөгжил хүний хөгжлөөс үүдэлтэй." гэх буюу

"Хөгжил хэмээх хатуу ёсон бөлгөө." гэх буюу

"Чулуу тэмтэрч голыг гатламой." гэх зэрэг Дэн Сяопингийн хэлсэн алдартай үгсийг Хятадын өргөн чөлөө нарийн гудамж хаана ч байсан харж болно.

Тэр дундаа "Би хятадын ард түмний хүү. Би эх орон ард түмэндээ гүнээ хайртай." хэмээн түүний хэлсэн өөр нэгэн алдартай үг өнөө хэр хэдэн сая живаагаар тоологдох жирийн хятад хүмүүсийн чихэнд хангинаж зүрхэнд хадагдан явдагийг хэн мэдэх билээ.

Манай улс төрчид Дэн Сяопингийн улс төрийн замналыг бага атугай ч судлаж үзээсэй, ялангуяа улс төрд хөл тавихаар санаархагч залуус ядаж л манайхаас бусад бүх хэлэнд шахам орчуулагдсан "Миний эцэг Дэн Сяопин" номыг гадаад хэл дээр нэг удаа ч атугай уншиж үзээсэй билээ гэсэндээ миний бие энэхүү бичлэгийг тэрлэсэн болохыг эрхэм уншигч авгай эрхгүй ойлгох буй за.

Манай дийлэнх хүмүүс Дэн Сяопингийн хэлсэн "Муур хар цагаан байх нь хамаагүй. Хулгана барьж чаддаг бол сайн муур мөн." хэмээх үгийг мэддэг байх. Харин түүний "Ард түмнээ сайхан амьдруулж байвал "изм" ямар хамаа байхав дээ" гэсэн далд санаатай болохыг мэддэг болов уу?

Түүний өгүүлж хэлсэн "Сайн тогтолцоо муу хүнийг ч засаад авмой. Муу тогтолцоо сайн хүмүүнийг ч эвдэж чадмуй." хэмээх өөр нэгэн алдартай үгээр энэ бичлэгийг төгсгөе. "Миний эцэг Дэн Сяопин" номын сонирхолтой хэсгээс тун удахгүй тогтмол үйл ажиллагаа явуулах өөрийн вэб хуудсанд нийтлэх тул та бүхэн тухайн цагт хүлээн авч үзээрэй.

Нийтлэлч: Д.Болдбаатар

Санал болгох

Казах иргэд ба монгол хэл, бодлого

Баян-Өлгийн хувьд монгол хэлний сургалт, бодлогыг эрүүл ухаанаар бодож боловсруулахгүй бол болохгүй

14 өдрийн өмнө
Монголын буудалд орогносон хятадуудаас үлдэх сургамж

Тэднийг илрүүлсэн сайн, ийм зохион байгуулалтаар хууль бус үйлдэл хийж болзошгүйг нийтээрээ мэдэж авсан нь илүү сайн боллоо.

20 өдрийн өмнө