Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Сөүл хотын прокурорын газраас 10 хоногийн хилийн хориг тавьжээ. Таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүртэл Д.Одбаяр тус улсын хилээр гарах нь хориотой юм.
Цэцийн дарга Д.Одбаяр нь Индонез улсад болох Олон улсын цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Улаанбаатар-Сөүл чиглэлд онгоцоор зорчихдоо Кореан эйр компанийн үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд “бэлгийн дарамт үзүүлсэн, дарамталсан” гэх үйлдэлд холбогдуулан шалгаж байна.
Д.Одбаярын холбогдсон гэх эрүүгийн гэмт хэрэг нь БНСУ-ын хуулиар 10 хүртэлх жил хорих, эсхүл 15 сая вонн буюу 34 сая 950 мянган төгрөг юм. Хэрэв ял шийтгүүлбэл Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасанчлан тэрээр албан тушаалаасаа огцрох учиртай.
Харин хорих ял шийтгүүлбэл, Монгол Улс, БНСУ-ын хооронд 2007 онд байгуулсан Ялтан шилжүүлэх гэрээ үйлчлэхгүй.
Учир нь, гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 1 (а)-д “Тухайн ялтны ял хүлээсэн үйлдэл нь хүлээн авагч талын хуулиар гэмт хэрэгт тооцогдож, ял ногдуулж болохоор байх” тохиолдолд ялтныг шилжүүлж болохоор заажээ.
Гэтэл Монгол Улсийн Эрүүгийн хуульд “бэлгийн дарамт” гэсэн нэг үг, өгүүлбэр байхгүй. Зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд “ажлын байрны бэлгийн дарамт” гэсэн ойлголтыг бичсэн бөгөөд хүлээлгэх хариуцлага, шалгах процедурыг нарийвчлан зохицуулаагүй байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга торгох ял шийтгүүлбэл, торгуулиа төлөөд ирэх байх. Хэрэв хоригдвол манай улсад иргэнээ авчрах шаардлага бий болно. Хуулийн хүрээнд боломжгүй бол БНСУ-ын талтай улс төрийн хэлбэрээр ярилцаж болохоор байна.
Д.Одбаярын намтар
Жагарномч Доржийн Одбаяр нь Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
Боловсролын байдал:
1985 онд Дорнод аймгийн 10 жилийн I сургууль,
1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, эвлэлийн ажилтан,
1997 онд Энэтхэгийн эрх зүйн үндэсний их сургууль, эрх зүйч,
2000 онд Голландын Клингиндаелийн академи, дипломатч.
Ажилласан байдал:
1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч,
1990-1991 онд МХЗЭ-ийн гүйцэтгэх хороо, Тэргүүлэгч гишүүн,
1991-1992 онд Монголын Залуучуудын холбоо, Хяналтын зөвлөлийн дарга,
1997-2000 онд Хууль зүйн яам, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
2000-2004 онд Дорнод аймгийн Засаг дарга,
2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
2013-2016 онд "Альтернатив энерги" ХХК, зөвлөх.
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон.
Шагнал:
2005 онд "Алтан гадас" одон,
2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан.