“Монголын үндэсний фронт” гэх хөдөлгөөн өнөөдөр Сүхбаатарын талбайд улс төрийн жагсаал зохион байгуулж байна. Хөдөлгөөнийг хуулийн этгээд биш, зорилгоо биелүүлмэгц тардаг нэгдэл гэж тодорхойлдог. Тэд УИХ-ыг өөрөө тарах, Үндсэн хуулийн хэлэлцүүлгээ зогсоох шаардлага тавьж байгаа. Цэргийн албанд 30 гаруй жил ажилласан Б.Баярмагнай энэхүү хөдөлгөөнийг толгойлж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Лу.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед бригадын генерал цолыг тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар зүүж байв. Хошууч генерал цолыг Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүртсэн. Харин өмнөх парламентын үед Ц.Цолмон /МАХН/ сайд байхдаа түүнийг чөлөөлснөөр армиас холдож ХҮН-д оржээ. Нам нь 2016 оны сонгуульд оролцож чадаагүй тул Дундговь аймагт бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон нэгэн. Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд “газар шороо, байгаль орчин” ярьж оролцоно гэдгээ нэгэнт мэдэгдээд байгаа юм. Төр, засагт ажиллаж байгаа хүмүүсийн увайгүй, шударга бус үйлдлээс болж иргэдийн төрд итгэх итгэл алдарч байгаа. Үүнд бухимдсан иргэд Монголын үндэсний фронтыг дэмжиж жагсаалд иржээ. Тэд УИХ-ын даргад шаардлага өгч, хариугаа хүлээн Төрийн ордоныг бүчээд байна.
Монголын Үндэсний фронтын удирдах зөвлөл
Тэргүүн Б.Баярмагнай
Дэд тэргүүн Б.Батсайхан /Их цааз-Их эргэлт нэгдлийн тэргүүн, Босоо хөх Монгол ТББ-ын гишүүн асан / Б.Пүрэвдорж /МоАХ-ны гишүүн, Ардын их хурлын депутат, Ардын эрхт түр хурлын төлөө ТББ-ын тэргүүн/
Удирдах зөвлөлийн гишүүн: П.Шинжээравдан /Босоо хөх Монгол, Эвлэн мандуулах хүч ТББ-уудын удирдах зөвлөлийн гишүүн, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж оролцсон/, Ш.Гантулга /олон улсын тоймч, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгатай хамтран ажилласан/, Ц.Мөнхбаяр /Гал үндэстэн холбооны тэргүүн, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж оролцсон/, Д.Цогтбаатар /МоАХ-ны гишүүн, ТӨХ-ны дарга асан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо зэрэг олон ТББ-ыг үүсгэн байгуулагч/, Г.Нороврагчаа /МоАХ-ны партизан, зураач/, З.Болдбаатар /БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан, Монгол генерал төвийн захирал асан, бэлтгэл хошууч генерал/, Н.Даваа /Анод банкны ТУЗ-ийн гишүүн асан, Бест энержи сэвинг компанийн захирал/, Р.Мөнхбат /МоАХ-ны гишүүн, ЕТГ-ын дарга З.Энхболдыг ТӨХ-ны дарга байхад газрын дарга байсан, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци ТББ-ын тэргүүн/
Удирдах зөвлөлийн гишүүдийн эзэмшдэг болон жагсаалд нэгдсэн бусад ТББ-ууд:
- Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо ТББ
- Эх орон-Хөгжил дэвшил төв ТББ
- Ардын эрхт түр хурлын төлөө ТББ
- Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо ТББ
- Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын “Шударга ёс”холбоо ТББ
- Намгүй сум дүүрэг хөдөлгөөн ТББ
- Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн ТББ
- Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний холбоо ТББ
- Сонгогчдын эрх ашгийг хамгаалах урагш дэвших холбоо ТББ
- Баян-Өлгий аймгийн хөгжлийг дэмжих Харуул Алтайн хишиг сан ТББ
- Ард түмний онц түр зөвлөл ТББ
- Монголын оюутны ардчилсан хөдөлгөөний анхдагчид ТББ
- Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбоо ТББ
- Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв ТББ
- Гал үндэстэн холбоо ТББ
- Эв нэгдэл шинэчлэл ТББ
Дүгнэлт:
Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд хоёр ч удаа УИХ-ыг тарахыг шаардаж, бичиг өгсөн. УИХ хэлэлцээгүй, хүлээж аваагүй. Парламентыг дээд, доод танхимтай болгох санал гаргасныг Үндсэн хууль боловсруулах зөвшилцлийн ажлын хэсэг хүлээж аваагүй. Монголын үндэсний фронтоос тавьсан шаардлага Ерөнхийлөгчийн санал хоёр адил байна. Мөн тэднийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр уулзаагүй байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны тэргүүн. Монголын Үндэсний фронтын бодлого шийдвэрийг тодорхойлдог Удирдах зөвлөл, дэд тэргүүнээр МоАХ-ныхон, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж оролцсон хүмүүс сонгогджээ. Тэд өөрсдийн төрийн бус байгууллагын гишүүд, ойр тойрныхоо хүмүүсийг цуглуулан өнөөдөр жагсав. Өөрөөр хэлбэл, Б.Баярмагнай тэргүүтэн Х.Баттулга Ерөнхийлөгчийн дохиураар хөдөлсөн нь ил боллоо.