УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөхийг дэмжлээ. Тэднийг чөлөөлөх шалтгаан бол “Ажлын хариуцлага алдаж Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан”. Чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх учиртай.
СЗХ-ны дарга С.Даваасүрэн өргөдлөө өөрөө өгчээ. Иймээс түүнд хариуцлага тооцож биш өргөдлийг нь үндэслэж чөлөөлж байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өргөдлөө өгөлгүй, нээлттэй захидал хэвлэлд нийтлүүлсэн. Захидалдаа “УИХ-аас гаргах шийдвэрийг хүлээж авахад бэлэн” гэсэн тул хариуцлага тооцож чөлөөлж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон.
С.Даваасүрэн: Төрөө төвшитгөхийн тулд зогсолтгүй зүтгэж, тасралтгүй ажиллахаа мэдэгдэе
Эдийн засгийн байнгын хорооны хурал болохоос өмнө СЗХ-ны дарга С.Даваасүрэн мэдэгдэл хийв. Тэрээр, “Төрийг тохинуулагчид зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна.
Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн.
Мөн тэрээр улс төрд орж байгаагаа мэдэгдлээрээ илэрхийлжээ. Тодруулбал, “Төрөө төвшитгөх, түмнээ амгалан байлгахын тулд улс төр ба төрийн албанд бий болсон зохисгүй хэлхээг тасалж, зохиомол гажуудлыг засахын тулд цаашид миний бие зогсолтгүй зүтгэж, тасралтгүй ажиллана гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэснээс ойлгож болохоор.
Н.Баяртсайхан: Саарал жагсаалтад оруулах шийдвэр Их долоогийн уулзалтаар наймдугаар сард гарсан
Хэлэлцүүлэгт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “2007 онд Монгол Улсад харилцан үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр 2011 онд саарал жагсаалтад орсон. Саарал жагсаалтаас гарах эрчимтэй ажлуудыг хийсний үр дүнд 2014 онд гарсан. Үүнээс хойш 2015, 2016 оныг дамжиж харилцан үнэлгээ хийсэн. Үүний үр дүнд 2017 онд хэлэлцэж Монгол Улс хар, сараал жагсаалтад орох эрсдэл үүсээд байгааг зарлаж, даалгавар өгсөн. Энэ даалгаврыг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Ажилласны үр дүн ч гарсан. Техникийн талын үзүүлэлтээ өөд нь татсан гэдэг дүгнэлт авсан. Үр дүнгийн үзүүлэлтийн хэрэгжилтээр долоон үзүүлэлт хангалттай гарч дөрвөн үзүүлэлт анхаарлын тэмдэгтэй хэвээр үлдсэн. Намайг ажил авахаас өмнө шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүгд муу байсан. Харин бид долоо дээр нь сайн үнэлгээ авсан. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт байгаа. Хөтөлбөрийн дагуу 14 банкинд активын чанарын үнэлгээ хийсэн. Бүх банкинд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх даалгавар өгсөн. Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Үүний дагуу банкуудад аудит хийсэн. Бид есдүгээр сарын 25-нд эцсийн тайланг хүлээн авсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр наймдугаар сард гарчихсан байсан юм байна. G7-гийн уулзалт дээр Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан юм байна. Өрнөдийн нөлөө бүхий долоон улсын тэргүүн уулзсан. ФАТФ бол G7-оос байгуулсан байгууллага. G7-оос гаргасан шийдвэрийг ФАТФ хэрэгжүүлнэ. Харин банкуудын аудитын дүнг есдүгээр сард авсан. Энэ хоёрыг хооронд нь битгий хутгаасай гэж хүсч байна. Монгол Улс 2004 онд ФАТФ-т гишүүнээр элссэн” гэжээ.
Их долоо гэдэг нь АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Япон, Франц зэрэг эдийн засгаараа тэргүүлдэг долоон улс юм.