Н. Сугар
Сэтгүүлч

Сонгуулийн тогтолцоо буюу УИХ-ын нүүр царай

2019 оны 11 сарын 152019-11-15
Сонгуулийн тогтолцоо буюу УИХ-ын нүүр царай

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг одоогийн Сонгуулийн тухай хуулийг Ерөнхийлөгчийн, Орон нутгийн, УИХ-ын сонгуулийн тухай гурван хууль болгон боловсруулаад байна. УИХ-д нэр дэвшигч нь айл болгонтой тулж ажиллах боломжтой, цөөн хүнээс сонгогддог жижиг 76 тойргийн тогтолцоог эрх баригч МАН Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог бүхий мажоритар тогтолцоогоор солих улс төрийн шийдвэр гаргажээ. Тойрогтойгоо тулж ажилласан нь бус улсын хэмжээнд рейтинг өндөр яваа кандидатуудыг оруулж ирье гэсэн үг. Үүнийг УИХ-ын гишүүд олон жижиг тойргоос сонгогдож ирснээс болж улсын төсвийн хөрөнгийг талын нэг жижиглэн тарааж "цацсаар" улсын хэмжээний том үйлдвэрүүд баригдалгүй явж ирлээ гэсэн өнцгөөр тайлбарлаж байна. УИХ-д нэр дэвшсэн улстөрчдөөс сонгогч нэгийг нь л дугуйлж, 1.9 сая сонгогчоос хамгийн өндөр санал авсан 76 хүн парламентыг бүрдүүлэх нь популистаар дүүргэх үү, бодлоготноор дүүргэх үү бүү мэд. 

Мажоритар  тогтолцоо нь сонгогчдод ойлгомжтой, сонгогч болон нэр дэвшигч нүүр тулан уулздаг сайн талтай боловч багагүй сөрөг талтай гэгддэг. Тухайлбал, нэг мандаттай тойрогт сонгогчдын өгсөн саналын харьцаа алдагдсан үр дүн гарах, сонгогчдын санал гээгддэг сул талтай. Өөрөөр хэлбэл, 40 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч ялагдаж байхад өөр нэг тойрогт 30 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч сонгогдож байсан тохиолдол олон бий. Мөн нийслэлийн тойргуудад нэр дэвшигч нь аймгуудын тойрогт нэр дэвшигчээс хэд дахин илүү сонгогчдын санал авч сонгогдож байдаг. Олон мандаттай томсгосон тойрогт явуулдаг мажоритар тогтолцооны хувьд сонгогчийн тэгш эрхийн зарчим алдагдахад хүргэдэг үр дагавартай. Тухайлбал, зарим тойрогт сонгогч 3-4 нэр дэвшигчийн төлөө санал өгч байхад өөр нэг тойрогт сонгогч 1-2 нэр дэвшигчийн төлөө санал өгч байх жишээтэй. Улс орнуудад олон намын тогтолцоо хөгжихийн хэрээр сонгуулийн хосолсон болон пропорционал тогтолцоог сонгох нь их байгаа юм. Бид 1992 оны Үндсэн хууль баталсны дараа УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулснаас гадна ямар гишүүд сонгогдож байсныг бэлтгэн хүргэж байна.

1992 оны УИХ

Олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулав. УИХ-д 293 хүн өрсөлдсөний 275-ыг нь улс төрийн 10 нам, эвслээс нэр дэвшүүлж, 18 нь бие дааж нэрээ дэвшүүлжээ. Сонгогчдын 95,6 хувь нь саналаа өгөхөд 6 хувийнх саналыг хүчингүйд тооцжээ.

Сонгуулийн 26 тойргоос 76 хүн сонгогдсоны 70 нь МАХН-аас, МоАН-МҮДН-НН-ын эвслээс нэр дэвшсэн 4, МСДН-аас нэр дэвшсэн 1, бие даан нэр дэвшигчдээс 1 хүн УИХ-ын гишүүний тангараг өргөжээ.

Сонгуулийн дүнгээс үзэхэд: Сонгогдсон гишүүдийн 58 буюу 76,1 хувь нь 50- иас дээш хувийн санал авсан байна.

Нийгмийн бүрэлдэхүүний хувьд: 75 буюу 98,7 хувь нь сэхээтэн, 1 буюу 1,3 хувь нь малчин, 3 буюу 3,9 хувь нь эмэгтэйчүүд байв.

Насны хувьд: 11 буюу 14,5 хувь нь 25-35 насны, 37 буюу 48,7 хувь нь 36-45 насны, 28 буюу 36,8 хувь нь 46-гаас дээш насных байжээ.

Мэргэжлийн хувьд: 13 буюу 17,1 хувь нь хуульч, 19 буюу 25 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 14 буюу 18,4 хувь нь инженер-эдийн засагч, 8 буюу 10,5 хувь нь зохиолч сэтгүүлч, 11 буюу 14,6 хувь нь багш, 7 буюу 9,2 хувь нь эмч, 4 буюу 5,2 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байсан.

Эрхэлж буй ажлын хувьд: 15 буюу 19,7 хувь нь Улсын Бага Хурлын гишүүн, 29 буюу 38,1 хувь нь төр, захиргааны байгууллагын ажилтан, 12 буюу 15,9 хувь нь үйлдвэр, аж ахуйн газар, хоршоо, компанийн ажилтнууд, 19 буюу 25 хувь нь нам, олон нийтийн байгууллагын ажилтнууд орсон байгаагийн дотор эрдмийн зэрэг, цолтой 35, хөдөлмөрийн баатар 1, гавьяат цолтон 1, төрийн соёрхолт 2 хүн байлаа.

1996 оны УИХ

Нэг мандаттай тойрог бүхий мажоритор тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулав.

УИХ-ын гишүүнд 302 хүн нэр дэвшсэний 267 нь улс төрийн 7 нам, эвслээс, 35 нь бие даан нэр дэвшигч байлаа. Нийт сонгогчдын 92,15 хувь нь саналаа өгчээ.

Сонгуулийн 76 тойрогт МАХН-аас 25, МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслээс 50, МУНН-аас 1 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Сонгуулийн дүнгээс үзэхэд: Сонгогдсон гишүүдийн 48 буюу 63,1 хувь нь сонгогчдын 50-иас дээш хувийн санал авсан байна.

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд нь бүгд дээд боловсролтой, сэхээтэн хүмүүс байна. Тэдний 7 буюу 0,9 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Насны хувьд: 21 буюу 27,6 хувь нь 25-35 насны, 39 буюу 51,3 хувь нь 36-45 насны, 16 буюу 21,0 хувь нь 46-гаас дээш насныхан.

Мэргэжлийн хувьд: 25 буюу 32,9 хувь нь эдийн засагч, 15 буюу 19,7 хувь нь багш, 10 буюу 13,1 хувь нь инженер, 9 буюу 11,8 хувь нь хуульч, 4 буюу 0,5 хувь нь сэтгүүлч, 3 буюу 0,3 хувь нь физик, математикч, 10 буюу 13,1 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байлаа.

Эрхэлж буй ажлын хувьд: Улсын Их Хурлын гишүүн 25, Засгийн газрын гишүүн 4, төр, захиргааны байгууллагад ажилладаг 5, нам, олон нийтийн байгууллагад ажилладаг 22, бизнес эрхэлдэг 12 хүн байгаагийн дотор эрдмийн зэрэг, цолтой 18 хүн байв.

2000 оны УИХ

Нэг мандаттай тойрог бүхий мажоритор тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулав.

УИХ-ын сонгуульд 13 нам дангаараа, 3 эвсэл, мөн бие даан нэр дэвшигчид оролцсон. УИХ-ын 1996 оны сонгуультай харьцуулахад сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн тоо хоёр дахин илүү болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүнд 602 хүний нэр дэвшсэний 575 нь улс төрийн 13 нам, 3 эвслээс, 27 нь бие даан нэр дэвшигч байлаа. Нийт сонгогчдын 82,43 хувь оролцож саналаа өгсөн.

МАХН-аас 72, “ИЗ-НН” эвслээс 1, МҮАНМШАН-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ээс 1, Эх орон-МАШСН-аас 1, бие даагч 1 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

УИХ-ын гишүүд бүгд дээд боловсролтой хүмүүс байв. Тэдний 8 буюу 10,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. УИХ-ын гишүүдийн хамгийн залуу нь 32 настай, хамгийн ахмад нь 67 настай байлаа.

Мэргэжлийн хувьд: 17 буюу 22,4 хувь нь инженер, 13 буюу 17,1 хувь нь эдийн засагч, 11 буюу 14,5 хувь нь хуульч, 9 буюу 11,8 хувь нь багш, 26 буюу 34,2 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байжээ.

УИХ-д сонгогдсон гишүүдийн 47 нь төр, захиргааны байгууллагад, 15 нь улс төрийн нам, төрийн бус байгууллагад ажилладаг хүмүүс байсан. Мөн бизнес эрхэлдэг 14, эрдмийн зэрэг цолтой 31 хүн байжээ.

2004 оны УИХ

Нэг мандаттай тойрог бүхий мажоритор тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулав. Сонгуульд улс төрийн 7 нам дангаараа, 3 нам эвсэл болж, мөн бие даан нэр дэвшигчид оролцов. Сонгуулийн саналын хуудаст 244 хүний нэр бичигдэн санал хураалтад орсон нь 2000 оныхоос бараг 3 дахин бага байв.

Сонгогчдын нэрийн жагсаалтад 1331721 хүн бичигдэж, 1091203 сонгогч саналаа өгсөн байна. Нийт сонгогчийн 81,94 хувь нь саналаа өгчээ. УИХ-ын гишүүнээр сонгогдохоор 244 хүний нэр саналын хуудаст бичигдсэний 229 нь улс төрийн нам, эвслээс, 15 нь бие даан нэр дэвшигчид байв.

УИХ-ын гишүүнээр МАХН-аас 36, “Эх орон-Ардчилал” эвслээс 36, БНН-аас 1, бие даан нэр дэвшсэн 3 хүн сонгогдсон.

УИХ-ын 73 гишүүн дээд боловсролтой, 1 гишүүн тусгай дунд боловсролтой байв. Тэдний 5 нь буюу 6.7 хувь нь эмэгтэйчүүд байлаа.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн хамгийн залуу нь 30 настай, ахмад нь 63 настай байна. Мөн тэдний 9 нь буюу 12.2 хувь нь хуульчид, 28 нь буюу 37.8 хувь нь эдийн засагчид, 18 нь буюу 24.3 хувь нь бүх төрлийн инженерүүд, 29 нь буюу 39.2 хувь нь багш болон бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байжээ. Хос мэргэжил эзэмшсэн 12, эрдмийн зэрэг цолтой 24 хүн байсан.

Гишүүдийн 36 нь төр захиргааны байгууллагад, 19 нь улс төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуульд, 19 нь бизнесийн салбарт ажилладаг байжээ.

2008 оны УИХ

Олон мандаттай, томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулав.

Сонгуульд 356 хүний нэр саналын хуудсанд бичигдсэний 311 нь улс төрийн нам, эвслээс, 45 нь бие даан нэр дэвшигч, 66 нь эмэгтэй нэр дэвшигчид байв. Сонгогчдын нэрийн жагсаалтад 1542617 сонгогч бүртгэгдсэнээс 1179448 сонгогч саналаа өгсөн байна. Нийт сонгогчийн 76.46 хувь нь саналаа өгчээ.

УИХ-ын гишүүнээр МАХН 45, АН 28, Ногоон нам, Иргэний хөдөлгөөний намын Иргэний эвсэл 1, ИЗН 1, бие даагч 1 сонгогдсон. Сонгуулийн маргаан гарч долдугаар сарын 1-нд үймээн дэгдсэн. УИХ-ын гишүүний тангараг өргөх өдөр 66 хүнээс дээд боловсролтой 65, тусгай дунд боловсролтой нэг хүн байсан. Тэдний 2 нь буюу 3.0 хувь нь эмэгтэйчүүд байлаа.

УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын хамгийн залуу нь 33 настай, ахмад нь 67 настай байна. Мөн тэдний 6 нь буюу 9.09 хувь нь хуульчид, 13 нь буюу 19.70 хувь нь эдийн засагчид, 27 нь буюу 40.91 хувь нь бүх төрлийн инженерүүд, 5 нь буюу 7.57 хувь нь багш, 3 нь буюу 4.54 хувь нь хүний их эмч, 12 нь буюу 18.18 хувь нь бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байжээ.

Эрдмийн зэрэг цолтой 17 хүн байсан. Гишүүдийн 50 нь төр захиргааны байгууллагад, 8 нь улс төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуульд, 8 нь бизнесийн салбарт ажилладаг хүмүүс байв.

2012 оны УИХ

УИХ-ын сонгуулийг хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан. Тодруулбал, 2011 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж явуулахаар хуульчилсан юм. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 1.836.548 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс гадаадад байгаа сонгогчдыг оруулж тооцвол нийт сонгогчдын 67.28 хувь нь саналаа өгчээ.

Сонгуульд 11 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж 544 хүн бүртгүүлсэн бөгөөд тэднээс 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч байснаас бие даан нэр дэвшигч 26, эмэгтэй нэр дэвшигч 174 байлаа.

УИХ-ын гишүүнээр МАН-аас 26, АН-аас 34, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс 11, бие даан нэр дэвшсэн 3 хүн сонгогджээ. УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын 9 нь буюу 11.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх сонгуулиас ихээхэн ахисан дүнтэй байв. УИХ-ын гишүүнээр 15 хуульч, 23 эдийн 4 засагч, 16 инженер, 3 багш, 1 хүний их эмч, 14 бусад мэргэжлийн хүмүүс сонгогджээ. Энэ удаагийн сонгууль техникийн шийдлийн хувьд автомат тооллого ашигласан нь онцлог байв.

2016 оны УИХ

УИХ-ын сонгуулийг нэг мандат бүхий 76 жижиг тойрогтой мажоритар тогтолцоогоор зохион байгуулсан. Монгол Улсын сонгуулийн эрхтэй 1.911.047 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1.406.123 нь буюу сонгогчдын 73.58 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн.

Улс төрийн 12 нам, 3 эвсэл оролцохоо илэрхийлж батламжаа авсан.

УИХын сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авснаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчдийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа.

УИХ-ын гишүүнээр Монгол Ардын Намаас 65, Ардчилсан Намаас 9, МАХН-аас нэг, бие даан нэр дэвшигч нэг хүн сонгогдсон.

УИХ-д сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. УИХ-ын гишүүдийн 21 нь эрх зүйч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, нэг нь агрономич, 18 нь урлаг, спорт, улс төр, нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүс.

2016 оны ээлжит сонгууль нь анх удаа Аймаг, НИТХ-ын сонгуультай хамт явагдсан, сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн утгаар нь төгс хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, бар кодтой, брайль үсгийн хавтастай зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль болсон.

 

Санал болгох

Чуулганы сурвалжилга: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд биечлэн танилцуулах ёстой. Ерөнхийлөгч уг эхийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор гарын үсэг зурж, төрийн тамга дарж хадгална. Хэрэв Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл ажлын 7 өдрийн дотор хориг тавина. Тэгэхээр Үндсэн хуулийг баталсан болохоос хараахан гараас гарчихаагүй гэсэн үг байх нь ээ. Хэрэв парламентыг хоёр танхимтай болгосон бол Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих бүрэн эрхийг хасах өөрчлөлт дагалдаж хийгдэх байлаа. Энэ агуулгаар бодож үзвэл Ерөнхийлөгч хэрхэх бол гэдэг бас сонин.

5 цагийн дараа
Төрийн албан хаагчид олгох тусламж нь тэгш, шударга ёсны зарчимд нийцэх ёстой

Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ

11 цагийн өмнө
Үндсэн хуулийн өөрчлөлт ба Г.Занданшатар

Монгол Улсын Үндсэн хуульд сүүлийн хоёр парламент дамнаж дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаа нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм. Гомбожавын Занданшатар аль алинд нь УИХ-ын даргаар ажиллаж, ҮХНӨ хэмээн товчлон бичиж, юун тухай болохыг иргэд бүгдээр ойлгох болсон үйл явцад нэрээ тодоор бичүүлэх хариуцлагыг хүлээн үлдлээ. Энэ өөрчлөлтүүд Монгол Улсын хөгжлийн түүхэнд цаашид чухам ямар эргэлт болохын тухай бүрийд Г.Занданшатар хэмээх улстөрчийн нэр үргэлжид УИХ-ын даргаар, сайн, эсвэл саараар ярьж бичигдэхээр боллоо. Үүнээс хойш үүргээ хэрхэн биелүүлснээр үеийн үед хариуцлага хүлээх ҮХНӨ-үүдийн цаг ажиллаж эхэлнэ. Хөгжил дэвшлийн бодлого, хэрэгжилт чамбайрч, иргэдийн ойлголт, хүлээлт улам чангарахаар болж байна.  

11 цагийн өмнө