Сэтгүүл зүйн хагас эрх чөлөөтэй орны тоонд Монголыг оруулдаг. Энэ нь манай редакциуд эдийн засгийн эрх чөлөөнд хүрээгүй, төр, улстөрч хоёрын халааснаас уяатай байгаатай холбоотой. Тэрнээс биш юу дуртайгаа бичдэг, дарга, улстөрчдийг гөвдөг хэт эрх чөлөөтэй л ажиллаж байна.
Сонин хүчтэй байх үед гарсан “Дарга, ялаа хоёрыг сониноор цохиж алдаг” гэх үг хэдийнэ “сайтаар гөвж, сошиалаар балбаж ална” гэдгээр солигджээ. Сайн, муу олон ажил хэрэг хэвлэлээр дамжиж, олны анхаарлыг татаж, төрийн шийдвэр гаргах явцад нөлөөлж байна. Хууль хяналтын байгууллагууд “хэвлэлд гарсан мэдээллийн мөрөөр” ажилладаг болж, сайд дарга нар камерын өмнө л “асуудлыг газар дээр нь шийддэг” боллоо. Энэ дундаас хамгийн сайшаалтай нь редакциудын тэмцэгч чанар алдагдаагүй явдал. Манай сэтгүүлчид сонин, сайт, телевизийн сувгаа ашиглаж өөрсдийнхөө төлөө тэмцдэггүй ч өрөөлийн төлөө чадлаараа тэмцдэг.
Гэр нь шатсан Дулмаа гуайд тусалъя, гэр хороололд гэрэлтүүлэг нэмье, ТЭДС-гийн урамшууллын талыг нэг хүн авчээ, ЖДҮХС-гийн мөнгө жинхэнэ үйлдвэрлэгчдэд очихгүй байна, багш нарын цалинг нэмье, эмч, сувилагчийн ажлын ачаалал их байна, баялаг бүтээгчдээ дэмжие. Өрөөлийн төлөөх ийм тэмцлийн галыг нь өрдөж байх хэрэгтэй.
Редакциасаа гарч гудамжинд тэмцэл хийсэн тохиолдол олон бий. Улаан-Од сонины сурвалжлагч улсын Ерөнхийлөгч болсон, Иргэний хөдөлгөөнөөр дамжиж УИХ-ын гишүүн болсон, Утааны эсрэг жагсаад ашгийн компанитай болсныг дурдаж болно.
Бүр хурцын хэлбэрээр тэмцэл нь илэрч, “фронт” гэдэг үгтэй холбогдсон нь ч байна. Тоолоод үзвэл дөрвөн фронтын магнайд сэтгүүл зүйтэй нэр холбогдсон манай дөрвөн нөхөр байна. Тэднийг танилцуулъя.
- Шударга иргэдийн фронт-Г.Арслан
Сүхбаатарын талбайд чанга яригчаа бариад олон ч жагсаал, цуглаанд оролцсоор байна даа, Г.Арслан. Германд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр төгссөн тэрээр “Шударга иргэдийн фронт” ТББ-аа 2000 оны эхээр байгуулсан. Түүнийг нэг хүнтэй хөдөлгөөний тэргүүн гэж даажигнах нь бий ч, иргэний хөдөлгөөний дүрээ алдалгүй олон жил үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж яваа. Дээхнэ үед Барилгын яаманд хэд хоног, өмнөх парламентын үед Төв бассейны даргаар ажилласныг эс тооцвол төрд ажиллаагүй 20 гаруй жил болсон хүн. Түүнийг сүүлд Монгол Улсаас Германд суух Элчин сайдын яаманд техникийн ажилтнаар томилсон гэх мэдээлэл бий.
- Үндэсний тэмцлийн фронт-Ж.Мөнхбат
Болор цомын эзэн яруу найрагч Ж.Мөнхбат 2011-2013 онд Үнэн сонины эрхлэгч байв. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдохдоо сонины эрхлэгчийн ажлаа өгсөн. Тухайн үед сөрөг хүчний генсек Сүхбаатарын талбайд давхар дээлийг эсэргүүцэж нэг, санал тоолох машиныг эсэргүүцэж нэг жагсаал хийсэн. Ингэхдээ, “Улс төрийн 21 нам нэгдэж Үндэсний тэмцлийн фронт байгуулна. Эрх баригч АН-ынхан хар машиныг санал хураалтад ашиглаж сонгууль луйвардах гэж байна” хэмээн хоолой мэдэн хашгирсан. 2016 оны сонгуульд хар машиныг ашиглахад МАН 65 суудалтай үнэмлэхүй ялж, Ж.Мөнхбат ЗГХЭГ дарга, УИХ-ын гишүүн хэмээх давхар дээл нөмөрсөн нь хоржоонтой.
- Шантаажчидтай тэмцэх фронт-Х.Мандахбаяр
Эрхэт Монгол группийн ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга, Зиндаа сониныг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч болсон. Тэрнээс хойш намын харьяалалтай, олон хэвлэл мэдээллийн байгууллагатай хүн МСНЭ-ийг удирдаж болохгүй гэх шүүмжлэл гарсан. Энэ шүүмжлэл түүнийг Тост, Тосон бумбын ордыг ашиглах лицензүүдийг цуцлуулахаар тэмцэл өрнүүлэх үед ч ихэссэн. Монголын сэтгүүл зүй Х.Мандахбаяр гэдэг босоо хөхтэй боллоо гэх мэт. Харин тэрээр өөрөө Монголын сэтгүүл зүйд байгаа шантаажидтай тэмцэх фронт нь байхаа мэдэгдсэн. Үүнийхээ золиос ч болж байж магадгүйг ойрын хэд хоногийн үйл явдлууд харуулж байна.
- Монголын үндэсний фронт-Ш.Гантулга
Тоймч Ш.Гантулга гуайг Ийгл телевизэд байхад нь МСНЭ-ээс 2013 онд шилдгийн шилдэг Гранпри шагналт сэтгүүлчээр тодруулж байлаа. Тэрээр дараагаар нь ТВ9 телевизэд тоймчоор ажилласан. Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “200 авлигачийн толгойг тасдаж, тойрон бүжиглэсний дараагаар Монголд шударга ёс тогтоно” гэж ярьсан. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан Монголын үндэсний фронт хөдөлгөөний тэргүүнээр Ш.Гантулга томилогджээ. Өмнөх тэргүүн хошууч генерал Б.Баярмагнай, удирдах зөвлөлийн гишүүн хошууч генерал З.Болдбаатар нар МҮФ-оос гарчээ. Тэд Ц.Мөнхбаяр, Ш.Гантулга, П.Шинжээравдан нарыг нийгэмд аюултай аргаар бослого, тэмцэл өрнүүлэх гэж байгаа тул хөдөлгөөнөөс гарснаа зарлажээ.